Амьтны ертөнц: Ямаа хөхдөг алаг даага

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 04

Уншигч танд нэгэн шинэ булан толилуулж байна. Энэ бол амьтны ертөнц! Шим ертөнцийн бум түмэн амьтдын амьдрал гэдэг үлэмж сонирхолтой байдаг.Бид энэ булангаараа ямааг унтаж байхад нь хулгайгаар хөхдөг алаг даага, цагт 90 км хурдалдаг бөхөн, 350 кг жинтэй халиун буга, гахай шиг хажуулдаж хэвтээд зулзагаа хөхүүлдэг зараа гээд олон амьтдын онцлог, үржил, биологийн өвөрмөц төрх зэргийг баримтанд тулгуурлан сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорилоо. Улаан номын олон амьтад энд орж байна. Амьтныг хайрлах, байгаль дэлхийгээ танин мэдэх таны оюуны их далайд бидний “Амьтдын ертөнц” бага ч атугай тус болох болтугай. Энэ булан бямба гараг бүрд тантай золгож байх болно. 

Ямаа хөхдөг алаг даага

Алаг даага буюу зарим нутагт алаг даахай гэж нэрлэдэг урд хоёр хөл нь дэндүү жижиг, хойд хөл нь учиргүй урт, соотойсон чихтэй, шүрэн шигтгээ шиг нүдтэй хөөрхөн амьтныг монголчууд андахгүй. Бийрний үс шиг үзүүртэй урт сүүлээ энд тэнд шидлэх мэт, хойд хоёр хөл дээрээ жигүүртэй юм шиг хол хол харайн дэгддэг энэ бяцхан амьтны амьдрал их л сонин. Ер нь алаг дааганд хорвоо амьдрах боломж тун бага хайрласан гэлтэй. Ядахдаа орон гэрээ барьж чаддаггүй болохоор өрөөлийн хаягдсан нүхэнд толгой хоргодно. Хээр талд зурам адил амьдардаг энэ амьтан зун болохоор 3-6 зулзага төрүүлнэ. Зулзагыг нь чойрон буюу ялман гэх. Чойрон гэдэг нь илүү оносон ч нэр шиг. Шөнөжин ургамлын навч, иш, аль л тааралдсанаа идсэний хүчинд үүр гэгээрэхээс өмнөхөн гэртээ харихдаа, нөгөө үлгэрт гардаг шиг дэлэн дүүрэн сүүтэй болчихсон байна. Хүүхдүүд олон болохоор тэднийг тэжээх тун ч амаргүй, цөхрөнгөө бараад шавьж хүртэл иднэ. Гэхдээ амь зуух ухаантай. Бүр биенээсээ том ухаан гаргана гээч. Бага байхад "Тэр ээ хөөе, улаан ямааны дэлэн шолбойчихож. Алаг даага хөхчихөж" гэж ээжийнхээ хэлж байсныг нэг бус удаа сонсоод, гайхдаг байж билээ. Үнээ, ямаа хоёрыг шөнө унатаж байхад нь тийнхүү сүүгийн нь сэмхэн хулгайлдаг аж. Нойрондоо дийлдэх үед нь ямааг хивж байх завсар сороод л, чимээгүй болчихоор нь хөхөхөө больчихоно. Ямаа ч урагшгүй, ишиг минь л хөхөж  байна даа гэж хууртаж, маргааш өглөө нь сүүгүй болчихсон байх жишээтэй.

Гэдэс нь подойсон амьтан бэлэн сүү зооглочихоод оромж руугаа чавхдан одно. Их зальтай золиг байгаа биз. Австрали тивд кенгру гэж асар хурдтай, алаг даагатай төсөөтэй, биеэр том бөгөөд хүчирхэг, хойд хөл дээрээ тав зургаан метр харайдаг амьтан бий. Харыгуулан бодвоос манай алаг даахай тэр аваргын бичил хувилбар юмаа. Түүнд харин зулзагаа хийдэг уут л байхгүй. Хэдэн чойронтойгоо цуг өвөл ичээд хавар гарна. Тэгэхдээ үр зулзагаа хэрэгсэхгүй хаячихаад алга болж өгнө. Гэтэл чойрон ч бас олиггүй үр. Юун гэвэл эхийгээ заримдаа унтаж байхад нь орхиод талийна. Аль аль нь мөс муутай амьтад байгаа биз. Амьтны тавилан гэж хачин юм шүү. Хавар болохоор эр эмээрээ нийлж, зунд төрүүлэх чойронгоо хүлээнэ. "Алаг булга дахтай, алтан уурга чиргээстэй" хээр тапын энэ хөхтөн амьтны амьдрал ийнхүү үргэлжилнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top