М.Тэлмэн: Австрали, Америкийн саналаас татгалзсан

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 23

-Би “Дон кихот” балетад гоцлохыг хүсдэг. “Дон Кихот” бол залуу хүний хурд хүч, эрэгтэй бүжигчний шандас сорьсон бүжиг-

Монголын нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж, алтан медаль өвөртлөн ирсэн балетчин М.Тэлмэн өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирлээ. АНУ-ын Нью-Йорк хотноо болсон дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд 19 настайдаа түрүүлсэн авьяаслаг залуу бүжигчин М.Тэлмэн хүүхэд байхдаа хөлбөмбөгт дуртай, хөдөлгөөнтэй хүү байжээ. Түүнийг сонгодог урлагийн гэгээн зам руу гараас нь хөтлөн оруулсан хүн бол ээж нь юм. Ингээд манай энэ удаагийн “Өглөөний зочин”-оор М.Тэлмэн уригдлаа.

-Танд баяр хүргэе. Таны оролцсон уралдаанд хэчнээн уран бүтээлч оролцсон бэ?

-Баярлалаа. Миний хувьд энэ нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцсондоо тун баяртай байгаа. Цаашид тэмүүлэх урам зориг, тэмүүллийн минь бамбар дээр цучил нэмж өглөө. Уралдаанд нийт 1800 гаруй бүжигчин оролцсон.

-Та хэдэн настайдаа балетын ертөнцөд хөл тавьсан бэ?

-Намайг 10 настай байхад буюу 2010 онд миний ээж тухайн үеийн Хөгжим, бүжгийн коллежид хөтөлж очин, шалгуулж байлаа. Хөл гарыг минь сонжин, биеийн сунгалт, сонсгол, хараа гээд бүгдийг шалгасан. Тэр цагаас хойш Н.Мөнхдэлгэр багшийнхаа шавь болж, Монгол Улсын консерваторт суралцан, 2017 онд төгссөн. Ээж маань бүжигчин байсан болохоор хүүгээ балетчин болгоё гэж бодсон байх.

-Эхний хэдэн жил танд хэцүү бэрх санагдаж байсан бэ?

-Эхний хоёр жил л хэцүү байсан. Гурав дахь жилээс балетын урлагийн гайхамшгийг дотроосоо мэдэрч эхэлсэн. Нэг л мэдэхэд өөрийн эрхгүй дурлан татагдаж, дуртай болсон.

-Анх та аль тайзан дээр гарсан бэ?

-Хөгжим, бүжгийн коллежид сурч байхдаа анх Дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтод оролцож, театрынхаа тайзан дээр очиж байлаа. Жишээ нь, “Щелкунчик” бүжгэн жүжигт Машагийн ах, хүүхэд, торгон цэрэг гэсэн дүрд бүжиглэж байсан.

-Н.Мөнхдэлгэр багш бол эрэгтэй бүжигчдийг дасгалжуулдаг цор ганц багш гэж хэлж болно. Багшийнхаа талаар та ярих дуртай байх нь мэдээж?

-Би багшийнхаа сонгодог бүжгийн хамгийн анхны төгсөлтийн шавь нь. Багш ардын бүжгийн ангид багшилж байсан. Дасгалаа бүтэн хий, залхуурч болохгүй, өөрийгөө хуурч хэрэггүй гэж дандаа захидаг байсан нь биднийг бүжигчин болоход гол хүч болж чадсан.

-Коллежийг хамтдаа төгссөн бүжигчид нь одоо хаана ажиллаж байна вэ?

-Ихэнх нь  Дуурь, бүжгийн эрдмийн театрт бүжиглэж байгаа. Харин би ангийнхаа Б.Дөлгөөнтэй хамт АНУ-д сурч байна.

-Америк руу явахдаа “Kirov Academy of Ballet” сургуульд та тэтгэлгээр суралцсан уу?

-Төгссөн жилийнхээ зун БНСУ-д болсон KIBC тэмцээнд явж, тэндээсээ тэтгэлэгт сургуульд сурах гэж байсан юм. Өвлийнхөө амралтаар Монголд ирээд байж байхдаа гэнэтхэн л  Америкт сурмаар санагдаад болдоггүй. Дэлхийн балетын од У.Бат-Эрдэнэ багштай холбогдож, энэ талаараа хэлтэл “Бичлэгээ явуул” гэсэн. Азаар удалгүй АНУ-ын Вашингтоны “Kirov Academy of Ballet” их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломж олдсон. Хоёр жил суралцаж төгссөн. Австрали, Америкаас “Манайд ирж ажиллаач” гэсэн урилга ирсэн боловч үргэлжлүүлэн Joffre Ballet School-д сурах тэтгэлэг авсан тул залуу хүний хувьд сурах нь илүү гэсэн шийдвэр гаргаад байгаа.

-“World Ballet Grand Prix” тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон. Энэ тэмцээнийхээ талаар ярина уу?

-У.Бат-Эрдэнэ багш Америкт 15 жил болсон туршлагатай балетчин. Багш энэ  уралдааныг зохион байгуулж, шүүгчээр нь ажилласан. Анхны шавь нь Б.Дөлгөөн бид хоёр. Уралдаанд бэлтгэхдээ сарын хугацаанд илүү цагаар ажиллаж, байнгын бэлтгэл сургуулилт хийсэн. Уралдаанд оролцохын тулд эхлээд бичлэгээ явуулж, сонгон шалгаруулалтад тэнцсэн. Хоёр дахь даваагаа бэлтгэлийн зааланд дасгалынхаа хувцастай бүжиглэж дүгнүүлсэн бол сүүлийн шалгуур мэдээж тайзан дээрх өрсөлдөөн байлаа.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орных байсан бэ?

-Өмнөд Солонгосын бүжигчид байсан.

-Уралдааны явцад ямар ямар вариац хийсэн бэ?

-Хоёрдугаар шатандаа “Дон Кихот” бүжгэн жүжгийн вариац, тайзан дээр бол “Diana and Action” бүжгэн жүжгийн вариацыг бүжиглэсэн. Тэмцээнд орж буй бүх бүжигчид хамтран, гурав хоногт бэлтгэл хангаад гала тоглолт хийсэн. Энэ маш сайхан тоглолт болсон.

-Америкийн балетын хөгжил Монголынхтой харьцуулбал ямар санагдсан бэ?

-Би тэр талаар дүгнэхэд арай эрт, нас залуу байна. Тэнд гадаад хүүхдүүд маш олон байдаг. Америкийн эрэгтэй бүжигчид маш олноороо бэлтгэгдэж байгаа.

-Та одоо сурч байгаа сургуулиа төгсөөд хаана ажиллая гэж боддог вэ. Монголдоо ирэх үү, эсвэл гадаадаас ирдэг олон саналын нэгийг хүлээж авах уу?

-Ирэх жилийн өдийд төгсөх учир “Mельбурн Сити балет” театраас эхний удаа татгалзсан. Хаана ажиллахаа одоогоор хараахан шийдээгүй байна. Урилга ирүүлсэн газруудаа сайн судалж байгаад шийднэ. Эх орондоо ирж тоглолтод оролцох гэрээг хариуцсан яамтайгаа ярилцана гэж боддог. Тийм болохоор Монголд ирэн, очин байх төлөвлөгөөтэй байгаа.

-Хүүхэд наснаасаа эхлээд үлгэр дуурайл авч өссөн ямар балетчин байдаг вэ?

-Бүжиглэлтийн арга техникийг нь харж, биширч, дуурайж байдаг балетчин бол Владимир Васильев. Хамгийн том багш маань У.Бат-Эрдэнэ.

-Та саяын уралдаанд ямар техникээр өндөр үнэлгээ авсан бэ?

-Үсрэлт, эргэлтүүдээ чанартай гүйцэтгэсэн байх гэж бодож байна. Багш маань аяа хүлээгээд зүгээр зогсож болохгүй, нэг ноотыг ч битгий үр, агшин бүрт хөдөлгөөн нэг бүрээрээ өөрийн ур чадвар, стилиэ гарга, үзүүл гэж хэлдэг. Үүнийг мөрддөг.

-Бүжигчин хүнээс жүжигчний авьяас шаарддаг. Жүжиглэлтийн тухайд таны ур чадвар ямар хэмжээнд байна гэж боддог вэ?

-Бүжиг болгон өөр өөрийн гэсэн дүртэй. Гарын тавилт, хөдөлгөөн, үсний засалт, харц, нүүрний хувирал гээд бүгдийг багшийнхаа зааснаар, өөрийн арга техникээр илэрхийлдэг. Гадаадын театрууд маш том. Тэнд нүүр царайны хувирал барагтай бол харагдахгүй. Тийм болохоор гар, хөлийн хөдөлгөөн, биеийн хэлэмждээ илүү анхаардаг.

-Сэтгэл санаа тавгүй үедээ бие, сэтгэлээ хэрхэн тайз руу гарахад бэлтгэдэг вэ?

-Сэтгэл санаагаар унах нь харьцангуй гайгүй. Ер нь дасгалаа сайн хийгээд дуусахад бүх зүйл мартагдсан байдаг. Өглөө 10:00 цагаас дасгал орно. Үргэлжлүүлж хичээлдээ ороод 19:00 цагт дуусна. Хувийн бэлтгэлээ 21:00 цаг хүртэл хийнэ. Иймэрхүү хөтөлбөртйэ. Анх их ядардаг байсан. Хичээл завсарлангуут өрөө рүүгээ ороод унтчихдаг байсан бол одоо тэгэхээ больсон. Тогтмол хийгээд байхаар сурчихдаг юм /инээв/.

-Америкт суралцаж байх хугацаандаа ямар тоглолтуудад оролцов?

-Сургуулиуд дэргэдээ театртай бхйдаг. Ваншингтон хотод гадаадын театрууд ирж тоглодог. Кубын үндэсний балетын театрынхан  ирж, “Жизэль” бүжгэн жүжиг тавихад нь оролцон тоглож байсан.

-Таны тоглохыг хүсдэг мөрөөдлийн дүр юу вэ?

-“Дон кихот” балетад гоцлон тоглохыг хүсдэг. “Дон Кихот” бүжгэн жүжиг бол залуу хүний хурд хүч, энерги шаардсан, эрэгтэй бүжигчнийг сорьсон бүжиг.

-Тайзны портнертой болж амжсан уу?

-Миний портнёр австрали иргэншилтэй, япон бүжигчин байдаг. Бид хоёр Америкт олон удаа хамтарч тоглосон.

-Балетчин хүнд хүүхэд нас гэж байдаггүй гэх хатуу үг бий. Таны хүүхэд нас балетчдын замнал шиг завгүй өнгөрсөн үү?

-Үеийн хүүхдүүд гадаа тоглож байхад бид бэлтгэлээ хийж байдаг. 10 нас хүртлээ айлын ганц хүүхэд байж байгаад дороо гурван дүүтэй болсон. Хөгжим, бүжигт орсноос хойш хоолоо өөрөө хийж, хувцсаа өөрөө угаах зэргээр бие дааж сурсан. Энэ маань ч гадаад оронд сурахад маш их хэрэг болж байна. Ер нь тийм шүү, миний хүүхэд нас тоглох завгүй өнгөрсөн.

-Сонгодог урлаг хүүхдийн төлөвшилд яаж нөлөөлдөг гэж та боддог вэ?

-Би багадаа тэвчээр муутай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан бол бүжиг сурч эхлээд тэвчээртэй, сахилга баттай болсон. Сонгодог урлаг хүүхдийг цэгцтэй, соёлтой, цэвэрч, мэдрэмжтэй болгодог.

-Үе тэнгийн залуусын чинь амьдралын хэв маяг ямар санагддаг вэ?

-Залуус маань хайран цагийг үр бүтээлгүй өнгөрүүлж байгаад харамсдаг. Алт шиг цагийг нь дэмий зүйлд үрээд, буруу замд уруу татдаг найз нөхдөөсөө татгалзаж чаддаггүй юм шиг санагддаг. Монголд сурахаар муу байна, болохгүй байна, гадаадад сурвал бүх юм бүтэх гээд байгаа юм шиг бодож, яриад байдаг нь буруу. Гадаадад ч гэсэн сургалтын систем нь манайхтай адилхан. Бүх зүйл өөрөөс шалтгаална. 

-Америкт хамт байгаа Б.Дөлгөөн та хоёр багын найзууд, уран бүтээлийн хамтрагчид. Уран бүтээлч хүний хувьд хоорондоо өрсөлдөх үе бишгүй гарах уу?

-Б.Дөлгөөнтэй багаасаа нэг ангид сурч, одоо ч хамт суралцаж байна. Хааяа цагаахан атаархал байлгүй яахав. Жишээ нь, тэр надаас өндөр /инээв/. Техник, арга барилын хувьд хэн ч гэсэн хичээж л байвал сурдаг учир хүнд чадахгүй болохгүй зүйл гэж үгүй.

-Багш нар нь та хоёрыг хэр магтаж урамшуулдаг вэ?

-Бараг магтдаггүй. У.Бат-Эрдэнэ багш хааяа л нэг “Овоо ш дээ” гэдэг, Н.Мөнхдэлгэр багш харин саяхан нэг “Мундаг байна” гэж магтсан. 

-Хөгжим, бүжгийн коллежийг хамт төгссөн балетчдын хэд нь мэргэжлээрээ ажиллаж байна?

-Манай ангийг зургаан эрэгтэй, таван эмэгтэй хүүхэд төгссөн. 20 хувь нь үргэлжлүүлэн өөр мэргэжлээр суралцаж, бүжиглэхээ больсон. Ер нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ мөрөөдөл, хүсэл сонирхлыг сонсохгүй, өөрийнхөө хүслээр балетчин болгох гээд байдаг. Гэтэл тэр хүүхэд огт өөр салбарт илүү чадварлаг, амжилттай ажиллах ч юм билүү. Тиймээс хүүхдээ зөв таньж мэдэх хэрэгтэй

-Таны ээжийн хувьд хүүгээ зөв таньж, мэдэрчээ...

-Тийм шүү, би ээжээрээ маш их бахархдаг. Ээжийг маань Б.Ууганцэцэг гэдэг. Үндэсний урлагийн их театрт бүжигчин байсан. Одоо ээж маань “Алдарт эх” болсон. Их завгүй ээж байгаа даа.

-Таны сэтгэлдээ тээж явдаг зорилго юу байдаг вэ?

-Эх орон минь сонгодог урлагийн шинэ театртай болоосой гэж их хүсдэг. Өөрийн мөрөөдлөө ярихад эрт байна л даа. Хувийн театр байгуулахыг ч бас хүсдэг.

-Хөлбөмбөгөө бүр орхисон уу,  чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?

-Орхисон. Хааяа тогломоор санагддаг ч бэртэл гэмтэл авах вий гээд хамаагүй тоглуулдаггүй. Найз нөхөдтэйгөө уулзаж, гэр бүлтэйгээ ойр дотно байх сайхан байдаг. Хөгжим, бүжгийн коллежид сурч байхдаа дүү нараа өглөө унтаж байхад нь гараад, орой унтаж байхад нь орж ирдэг байсан болохоор одоо айлын том ахын хувьд тэдэндээ анхаарал тавьж, аль болох удаан хамт байхыг хүсдэг.

-Та Америк руу хэзээ буцах вэ?

-Долоодугаар сарын 10-ны үед буцна. Визэнд орчихоод, дараа нь хөдөө явж, байгалийн сайханд амрах төлөвлөгөөтэй байна. Найз нөхөд, багш нартайгаа уулзахаар яарч байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.212.12) 2019 оны 06 сарын 23

ёстой л балетчин байхаар заяасан зассан шагай шиг хөөрхөн хүү байна,амжилт хүсье

0  |  0
ОК(202.70.37.34) 2019 оны 06 сарын 23

баяр хүргье. Сүүлийн үеийн залуус мундаг байна

0  |  0
Top