Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 400 мянган хүн элэгний гепатитын вирусийн архаг халдвартай байна. Насанд хүрсэн иргэдийн дунд л гэхэд 200 мянга гаруй хүн гепатитын В вирусийн архаг халдвартай бѳгѳѳд эдгээр иргэдийн 67 хувь буюу 136 мянган хүн гепатитын вирусийн хамгийн хүнд хэлбэр болох дельта (Д) вирусийн давхар халдвартай байна. Гепатитын вирусийн архаг халдвар ийм өндөр байгаа нь Монгол Улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа гол шалтгаан болоод зогсохгүй цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт улам бүр ихсэх, нас баралт залуужих эрсдэлтэй байгаа юм. Энэ бол Монгол түмний эрүүл мэнд цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой асуудал. Аюулын харанга дэлдэж буй вируст гепатит өвчнийг, Монгол Улсын төр засаг үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч байгаа юм. Үүний нэгэн жишээ нь “Элэгний В, С, Д вирусийн эсрэг эмчилгээний олон улсын чиг хандлага” хэмээх сургалт, хэлэлцүүлэг байлаа.
Сургалтад B, Д вирусийн эсрэг үйлчилгээтэй шинэ эм “Myrcludex”-ийг бүтээсэн эрдэмтэн элэгний өвчлөлийн талаар илтгэл тавьсан юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны газрын дарга, анагаах ухааны доктор Я.Амаржаргал “Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол зорилтыг дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд 2017 оны Засгийн газрын 112 дугаар тогтоолоор "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг эрүүл мэндийн яам удирдаад амжилттай хэрэгжүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар элэгний В болон С вирусийн бүх илрүүлэг шинжилгээ үнэ төлбөргүй, эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлээд хийж байна. Мөн вирусийн ачаалал тоолох шинжилгээг мөн эрүүл мэндийн байгууллагууд маань үнэ төлбөргүй хийж байна. Та хаана ч очсон шинжилгээг нь хийж өгөх ёстой. Эмийн хувьд элэгний С вирусийн хайрцаг эм тутамд 210 мянган төгрөгөөр хөнгөлж байна. В вирусийн хувьд таван төрлийн эмийг 60-80 хувиар эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр эмийн сангаас авч уун өөрийгөө эрүүлжүүлэх бүрэн боломж иргэдэд байна. Ерөнхийдөө өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн эмнэлгүүд маань “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд илрүүлэг шинжилгээ, тоолох шинжилгээг зохицуулж өгч байгаа. Иргэд маань юуг анхаарах ёстой вэ гэхээр элэгний вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгээд хэрвээ вирустэй байвал эмчээс зөвлөгөө аван эмчийн зааврын дагуу эм уух ёстой гэдгийг маш сайн ойлгох ёстой. Шинжилгээнд ороод халдвартай гарчхаад байхад эмээ уухгүй, эмчилгээ хийлгэхгүй бол 20-30 жилийн дараа элэгний хатуурал үүсэж, хавдар болох аюултай. Элэгний С вирус бол бүрэн эдгэх боломжтой гэдгийг онцлон хэлмээр байна” гэв.
ХАЛДВАР АВСАН ЭЛЭГ 20-30 ЖИЛИЙН ДАРАА ХАТУУРЧ, ХАВДАР БОЛДОГ
Монголын гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч Д.Даваадорж “Бусад орнуудтай харьцуулбал манай улсад Гепатитын В, С болон дельта (Д) вирусийн халдвар маш өндөр байдаг. Ерөнхийдөө хүн амын хоёр хувиас доош байвал бага халдвартай орон гэж үздэг. Найман хувиас дээш байвал өндөр халдвартай орны тоонд ордог. Манай улсын хувьд С вирус найман хувьтай, В вирус 11 хувьтай байна. Энэ нь өндөр гэсэн үг. В вирустэй хавсраад дельта вирус явдаг. Хавсарсан халдвар нь элэгний хатуурал, хавдрыг маш эрчимтэй үүсгэдэг. Монгол улсын хувьд нийт хүн амын дунд 10-12 хувь нь В болон С дельта вирусийн халдвартай гэж үздэг. Энэ нь дунджаар 400 мянга орчим хүн байгаа. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд сүүлийн дөрвөн жилд нийт хүн амын дунд С вирусийн халдвар буурч байгаа. В болон дельта вирусийн халдварын хувьд бүрэн эмчлэгдэх бололцоогүй учраас энэ өвчнийг хүндрүүлэхгүй байхын тулд эмчилгээний эмүүдийг хөнгөлөх, шинжилгээнүүдийг үнэ төлбөргүй авах нь энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа хэлбэр юм. Иргэд маань бохирдсон зүү, тариур, гоо сайхны багаж, шүдний сойз, шивээс, уламжлалт эмчилгээний зүү зэрэг олон янзын зүйлээс халдвар авдаг. Элэг халдвар авснаас хойш 20-30 жилийн дараа хатуурал үүсгэдэг. Дараа нь хавдарт хүргэдэг. Тэгэхээр 1980-1990 оны хооронд авсан халдвар одоо хүндрээд хатуурал, хавдар болж байна. манай улсад элэгний хавдар дэлхийн дунджаас 6-7 дахин өндөр байна гэдэг бол маш аймшигтай тоо юм. Тэгэхээр бид нар нэгдүгээрт вирусийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх ёстой, хоёрдугаарт халдвар авсан бол сайн эмчлүүлэх ёстой, мөн өвчнийг даамжруулахгүй тодорхой төвшинд барьж байх асуудлыг хянаснаар тэгвэл энэхүү тоог бууруулахад хувь нэмэр оруулах юм. Монгол улсад 1991 оноос хойш хүүхдийг төрсний дараа вакцинжуулж эхэлсэн. Үүний үр дүнд В вирусийн халдвар буурсан. Гэхдээ вакцины титр /Цусан дахь эсрэг В вирусийн хэмжээ/ маань 7-8 нас хүрэхээр буурдаг. 12-13 насанд бүрэн алга болдог. Тэгэхээр энэ насанд нь дахин вакцинжуулах асуудлыг ярих ёстой. Тайван улс В вирусийн халдвараас сэргийлсэн гол жишээ нь дахин дахин вакцинжуулалт хийсний үр дүн юм” гэдгийг онцлон хэлж байлаа.
ЭЛЭГНИЙ В, Д ВИРУСИЙН ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЭМИЙГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
“Myrcludex” эмийг бүтээсэн судалгааны багийн ахлагч ХБНГУ-ын Хейделбергийн их сургуулийн эрдэмтэн Стефан Урбан “Миний хийсэн эм гепатит B, D вируст зориулагдсан бөгөөд вирусийн элэгний эсрэг ажиллагааг хориглох үйлчилгээтэй. Одоогийн байдлаар гаж нөлөө илрээгүй, бид вирусийн халдвараас сэргийлэх боломжтой болгохоор ажиллаж байна. Тус эм нь В вирусийг бүрэн эмчилж чадах эсэхийг харахын тулд бидэнд хугацаа хэрэгтэй. Одоохондоо D вирус давхар үйлчлэхээс сэргийлж байна. “Myrcludex” эмийг дэлхий дээр албан ёсоор хэрэглэж эхлээгүй, батлагдах шатандаа явж буй. Хэрэв клиникийн туршилтууд амжилттай болбол удахгүй дэлхийн улсуудад хэрэглэгдэх ба Монголд ч нэвтрэх боломжтой юм” гэсэн юм.
ЭЛЭГНИЙ ГЕПАТИТ ВИРУСИЙН ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМУУД
Гепатит гэдэг нь элэгний үрэвсэл гэсэн утгатай. Элгэнд үрэвсэл үүсгэдэг олон вирус байдаг бөгөөд хамгийн ноцтой нь гепатит А, В, С вирус юм. Эдгээр вирусээр халдварласан ихэнх хүмүүст шар өвчний ядрах, дотор муухай оргих, гэдэс өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүдээс хараад аль вирусаар нь халдвар авсан болохыг хэлэх боломжгүй. Зөвхөн цусны шинжилгээ л тодорхойлдог. Элэгний В, С, Д /дельта/ вирус бэлгийн зам, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын үед, зүү тариураар ихэнхдээ халдварладаг аж. Ялангуяа мэс ажилбар хийх, шүд авхуулах, хануур хийлгэх, зүү тавиулах, шивээс хийлгэх, гоо сайхны мэс засал хийлгэх нь элэгний вирус халдварлах эрсдэлтэй байдаг. Харин А, В, С, Д вирусийн халдвар өөр өөр замаар дамжин халдварладаг. А вируст гепатит өвчтөний биеэс өтгөнөөр нь ялгаран гарч, хөрс, ус, хүний гар, ахуй орчны эд юмс, хүнсийг бохирдуулж тэдгээрээр дамжин эрүүл хүний хоол боловсруулах замаар орж өвчлүүлдэг. А вируст гепатитын эсрэг вакцин тариулах, гараа бохирдсон тухай бүрт нь тогтмол угаах, хувийн эрүүл ахуй, ариун цэврийг сахих, түүхий ус, цэвэрлээгүй жимс ногоо хэрэглэхээс зайлсхийх, ил задгай газарт худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх зэргээр анхаарч болно. Элэгний В, С вируст гепатит өвчнийг үүсгэгч вирус нь шинжилгээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр, бохир буюу хангалтгүй ариутгасан эмнэлэг, гоо сайхны багаж хэрэгслүүд, шүдний сойз, сахлын хутга бусад хувийн хэрэглээний багажийг дамжуулж хэрэглэх явцад шарх, шалбархайгаар дамжин халдварладаг. Мөн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох бас вирус тээгч, өвчтэй эхээс урагт дамжин халдварлана. Тиймээс тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх, хамгаалалт хэрэглэх нь чухал юм. Элэгний В, С вирус гадаад орчинд тэсвэргүй байдаг тул бохир гар болон аяга, сав суулгаар дамжихгүй гэсэн үг. Хүүхдүүддээ санамсаргүй тохиолдлоор элэгний А, В вирусийн халдвар авахаас сэрэмжилж байгаа бол вакцинд хамруулснаар урьдчилан сэргийлж чадна.
Сэтгэгдэл ( 0 )