Э.Бадар-Ууган: Өндөр формтой тамирчин бүрэн наркозтой хагалгаанд ороод гарахад өөр хүн шиг болчихдог юм билээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

“Зиндаа” сэтгүүлийн “Дэлхийн Монгол” булангийн зочноор 23-хан насандаа боксын 56 кг-ийн жинд Олимпийн аварга болж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасан Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Энхбатын Бадар-Ууган уригдлаа. 2008 оны наймдугаар сарын 24-ний өдөр. “Бээжин-2008” зуны олимпийн сүүлийн өдрийг нэхэн санахад хэдийн 10 гаруй жил өнгөрчээ. Монгол түмэн минь энэ л өдрийг зүрхэндээ, сэтгэлдээ тээн, өчигдөрхөн юм шиг санаж баярлан бахархаж явна. Тэрбээр Монголчууд бидэнд эв найрамдал, эрхэмлэж явах түүх, энгүй их алдрыг авчирсан мөнхийн гавьяатны нэг билээ.


 -“Дэлхийн монгол” буланд маань зочилж буй танд баярлалаа. Бид таныг олимпийн аварга болсноос хойш 10 жилийн дараа уулзаж байна. Цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вэ хэмээн бодож суулаа. Одоо Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын хариуцлагатай албыг хашиж байгаа юм байна. Ажил алба өндөр үү, сүүлийн үед юу хийж, амжуулж байна даа?

-Юуны түрүүнд танай сэтгүүлд ярилцлага өгөх болсондоо баяртай байна. “Дэлхийн монгол” гэдэг их сайхан нэр. Дэлхий даяар таран бутарсан олон монголчууд байдаг. Тэмцээн, уралдаанд явж байхад тамирчдаа дэмжихээр тэд маань бөөн бөөнөөрөө ирдэг. Тэр утгаараа “Дэлхийн монгол” гэдэг нэр надад их сонин, сонирхолтой санагдсан. Миний хувьд одоогоос 10 жилийн өмнө Олимпийн алтан медаль авч байжээ. Цаг хугацаа хурдан өнгөрсөн байна. Эргээд харахад 10 жилийн хугацаанд чамлахааргүй зүйл хийж бүтээжээ. Олимпийн хороондоо ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгээд олимпизмыг Монгол Улс даяар түгээн дэлгэрүүлэх, илүү олон тамирчныг алтан медальтан, аварга болгох тал дээр ажиллаж байна. Тийм ч учраас энэ ажилдаа их дуртай.

-Олимпийн хорооны нарийн бичгийн даргын ажлаа хүлээж авснаас хойш ямар ажлуудыг санаачлан хийж ирэв. 2020 оны олимп бараг л хаяанд ирсэн байна?

-Олимпийн хороонд ажиллаад яг нэг жил нэг сар өнгөрч байна. Манай Олимпийн хороо жил болгон бүх гишүүдийн хурал хийдэг. Энэ жилийнхээ хурлыг өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Нэг жилийн хугацаанд Олимпийн хороондоо шинэлэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж иржээ. Хороогоо өөрийн гэсэн цахим хуудастай болголоо. Улирал бүр эрхлэн гаргадаг спортын цахим сэтгүүлтэй болсон. Цахим хуудсандаа тухайн сард спортод болсон үйл явдлыг онцолж, сарын шилдэг тамирчныг шалгаруулж байгаа. Нэг сарын хугацаанд манай тамирчид ямар тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасан нь хүмүүст мэдэгддэггүй шүү дээ. Хоёрдугаарт, тамирчин маань тэмцээнд ороод алтан медаль аваад, хүмүүс баяр хүргээд л өнгөрчихдөг. Тиймээс тамирчнаа алдаршуулж, тэднийг өрсөлдүүлж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард усан сэлэлтийн тамирчин Энххүслэн, хоёрдугаар сард таеквондогийн Тэмүүжин шилдэг тамирчин боллоо. Гуравдугаар сарын шилдэг тамирчнаар чөлөөт бөхийн Орхон шалгарсан гэх мэтчилэн өрсөлдөөн бий болгож байна. Манай хороонд олимпийн, олимпийн бус гэсэн 72 спортын холбоо харьяалагддаг. Холбоодын бүх нарийн бичгийн дарга нарынхаа дунд долоо хоног бүр сургалт, семинар явуулж, допинг болон бусад тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн хүн авчирч мэдээллээр хангадаг. Энэ мэт өмнө нь хийгдэж байгаагүй шинэлэг ажлуудыг хийж байна.

Спортын зүтгэлтнүүд маань ч Олимпийн хорооноос зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцдог. “Олон улсын эв санаа, нэгдэл” гээд маш том хөтөлбөр байдаг. Дэлхий даяараа, ОУ-ын Олимпийн хорооноос хэрэгжүүлдэг энэ том хөтөлбөрт дөрвөн холбоогоо хамруулаад байна. Олимп ч дөхчихлөө, тэр утгаараа холбоод руугаа их анхаарч байгаа. Бид боловсон хүчин, багш, экспертүүдээ гадагшаа сургаж бэлдэх бодлого барьдаг. Энэ бодлогоо хэрэгжүүлээд явж байгаадаа сэтгэл хангалуун байна.

-Сарын шилдэг тамирчин тодруулснаар ямар эерэг үр дүн гарч байгаа бол?

-Ер нь тамирчин хүнд урам л хэрэгтэй. Спортын амжилт ч өрсөлдөөнөөс л бий болж байгаа шүү дээ. Америк ч юм уу, бусад том орнууд сар болгон шилдэг тамирчнаа тодруулдаг. Манайх оны эцэст “Бөртэ чоно” арга хэмжээ зохион байгуулж оны шилдэг тамирчнаа тодруулдаг. Түүнээс биш сар болгон өрсөлдүүлж, тодруулдаггүй байсан. Хэрвээ шилдгийн шилдэг тамирчин тодруулдаг тогтолцоог бий болгочихвол хүүхэд залуучууд спортод дурлаж, сонирхож орох нь ихэснэ. Ер нь олон талын ач холбогдолтой л доо. Өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлснээс хойш олон тамирчин маань шилдэг боллоо. Орхон гэхэд хоёр, гурван удаа авчихсан байх жишээтэй.

-Шилдэг тамирчнаа ямархуу үзүүлэлтээр шалгаруулдаг юм бэ?

-Спортын сэтгүүлч 50 хувь, спорт дэмжигчид маань бас 50 хувиар оролцож цахимаар саналаа өгдөг. Бид өөрсдөө нөлөөлдөггүй. Сарын шилдэг тамирчин шалгаруулж байгаа нь спортоо түгээн дэлгэрүүлж байгаа нэг хэлбэр л дээ.

-Манай улс ганц төрөлт спортдоо арай илүү байдаг. Олимпийн хорооны хувьд бүх спортоо жигд хөгжүүлэх бодлого барьдаг байх. Тэгэхээр гол спортуудаасаа гадна өвлийн спорт ч юм уу, бусад төрлөө хөгжүүлэх тал дээр юу хийж байгаа бол?

-Энэ жил гэхэд, өнгөрөгч хоёрдугаар сард Солонгосоос ОУын Олимпийн хорооны гишүүн, маш сайн мэргэжилтэн ирж байт харвааныханд маань долоо хоногийн турш сургалт, семинар явуулсан. Дараа нь гуравдугаар сард Гандболлын холбоонд нэлээд томдоо орох мэргэжилтэн ирж долоо хоногийн турш тамирчидтай маань хамт байж сургалт хийсэн. Сургалтанд суухаар хөдөө орон нутгаас олон хүн ирсэн. Багш дасгалжуулагч нартаа олон улсын сургалтанд суусан гэсэн үнэмлэх өгдөг л дөө. Тэгэхээр топ гэлтгүй багийн болон хөгжих боломжтой бусад спортоо дэмжээд явж байгаа гэсэн үг. Бид чинь Олон улсын олимпийн хорооны бодлогыг хэрэгжүүлж байгаа шүү дээ. Манайх жилийн дөрвөн улиралтай мөртлөө өвлийн спорт ямархуу хэмжээнд хөгжсөн байдаг билээ. Хүмүүс танайх чинь өвөл болдог байж яахаараа гоё заал, мөсөн танхим байдаггүй юм гэж асуудаг. Ингээд харахаар бид хойно л явж байгаа юм. Тэгэхээр яаж өвлийн спортоо хөгжүүлэх вэ, хэрхэн ордонтой, заалтай болох вэ гээд сайдтай ч яриад л, төр засгийн удирдлагуудтай ч уулзалт хийж байна. Хамгийн зөв шийдвэр бол мөсөн талбайтай болох.

Олимпизм гэдэг топ спорт руугаа чиглэхээс гадна нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх нь чухал. Хамгийн том далайц нь тэр.

Хүүхэд залуусыг яаж гар утаснаас нь салгах вэ. Хүүхдүүд маш их таргалалт, хөдөлгөөний дутагдалд орж байна. Эндээс үүдээд манай хорооноос “Олимпизм ба бие бялдарын хүмүүжил” болзолт уралдаан зарласан. 21 аймаг, есөн дүүрэг, манай олимпийн зөвлөлүүд оролцсон уралдааныг орон даяар зохион байгууллаа. Ирэх сарын 14- нд ялагч нь тодорно.

-Уралдаанд орон нутаг болон дүүргүүдээс хэр идэвхтэй оролцож байгаа вэ. Шагнал нь юу байгаа бол?

-Маш том шагналтай. Ирэх наймдугаар сард болох Азийн наадамд оролцох болзол байгаа юм. Энэхүү уралдааны гол агуулга нь нийтийн биеийн тамирыг л хөгжүүлэх. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хуваарьт үүнийг оруулж өгөх нь эрүүл мэндийн том хөрөнгө оруулалт юм. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг биз дээ. Биеийн тамирын хичээлээс холдоод л байх юм бол нөгөө хүүхэд чинь суух нь ихсээд, хөдөлж чадахаа болиод, таргалалт явагдана. Таргалалт явагдахаар цусан хангамж багасахаас эхлээд хохиролтой. Бидний санаачилсан ажилд хөдөө орон нутгийнхан, аймгууд маань маш идэвхтэй оролцож, хоорондоо өрсөлдөж байна. Дүүргүүд ч идэвхтэй байна. Аймгуудаас ирж хийж байгаа ажлаа сонирхуулж, тайлангаа тавьж байна. Сумдаа оролцуулж байна. Тэд маань санаа авах зүйл маш их хийж байгаа. Би саяхан Өмнөговь аймагт очоод ирсэн. Тэнд Олимпийг хэн сайн мэдэх вэ? гэсэн “Дэвжээ” тэмцээн зохион байгуулсан. Хүүхдүүд үнэхээр бахархмаар. Зөвхөн Монгол биш дэлхийн олимпийн тухай асууж байгаа шүү дээ. Тэгэхэд биднээс илүү сайн мэдэж байна. Асуултанд нь мундаг хариулж байна. Сургууль болгон Олимпийн булантай болсон байна. Монгол Улс олимпоос хэдэн медаль авсан юм бэ гэдгийг хараад өглөө болгон хичээл рүүгээ орж байна. Олон Улсын Олимпийн хорооноос зохион байгуулдаг бас нэг хөтөлбөр байдаг. “Fun round” буюу хөгжилтэй гүйлт нэртэй. Энэ маань нэг төрлийн төсөл хөтөлбөр байгаа. Үүнийг бид ирэх тавдугаар сарын 14-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд олон хүүхдүүд цуглуулаад хөгжилтэй гүйлт хийнэ. Мөн “Олимпизм ба бие бялдар”- ынхаа шагналыг гардуулж өгнө дөө.

-Хүүхдүүдийн олимпийн тухай, спортын тухай мэдлэг мэдээлэл их сайн байна гэлээ. Олимпийн тамирчдаараа бахархах, үлгэрлэн дуурайх үзэл сүүлийн арваад жилд илүү их дэлгэрсэн байх. Энэ нь таныг ажлаа явуулж байхад түлхүү ажиглагддаг байх л даа?

-Тэгэлгүй яахав. Олимпийн дараа биднийг заал руу ороод бэлтгэл хийхээр жаахан хүүхдүүд дагаад, хараад л явна. Янз бүрийн үйлдлийг маань дуурайж хийнэ. Заал битүү. Бид хэдийг харах гэж л тэр шүү дээ. Их гоё л доо. Спорт өөрөө маш их өрсөлдөөнтэй. Хүүхдүүд ч их хичээллэж байна. Үүнээс үүдээд заалны хүрэлцээ бага байгаа нь ажиглагддаг. Жишээлбэл, Спортын ордонд шигшээ баг нь 16 цагаас хичээллэнэ, бусад цагт өглөө 9 цагаас орой 10 хүртэл ямар ч цаг байхгүй шүү дээ.

-Заалны хүрэлцээ бага ч манай улсад олон улсын чанартай тэмцээнүүд нэлээд зохиогдох болсон. Шинэ заал баригдаад эхэлвэл манайд илүү олон том тэмцээнүүд зохиогдох боломжтой байх. Энэ тал дээр төр засгаас ямар нэгэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх тухай ярьж байх юм уу?

-ОХУ-д болдог хүүхдийн Азийн их наадам гэж байдаг. Үүнийг 2020 онд улсдаа зохион байгуулахаар болсон. Тэгэхээр заал барих шаардлага гарч ирнэ. Уг нь иймэрхүү тэмцээн уралдааныг Монголд аль болох их авах ёстой. Үүн дээр төр засаг анхаарах ёстой. Тэгснээр заал танхимууд их баригддаг. Дараа нь Монгол Улсад л үлддэг байхгүй юу. Олон Улсын тэмцээнд маш олон орноос тамирчид, дасгалжуулагчид ирж оролцоно, тэгэхээр эдийн засагт маань ч эерэгээр нөлөөлнө. Буудал, хоол унд, дэлгүүр гээд гаднаас ирсэн нэг хүн хэдэн зуун доллараар худалдан авалт хийдэг. Энэ системийг маш хурдан хөгжүүлэх ёстой. Төр засгаас ч сайн дэмжих ёстой. Зоригтой шийдвэр гаргаад, шийдэмгий ажлаа хийх хэрэгтэй. Жишээлбэл, жүдогийн “Чингис хаан” гээд маш том тэмцээн болдог. Үүнийг гадныхан мэддэг болчихсон. Хүрч ирээд буудалдаа орчихно. Боксын олон улсын тэмцээн сүүлийн үед хийгээд эхэллээ. Өмнө нь ирж байсан хүмүүс Монгол Улс танигдахгүй болсон байна гэдэг. Бид л дотроо хэрэлдээд, муудалцаад болохгүй байгаа юм шиг байгаад байдаг. Уг нь улс маань хөгжөөд л байна. Сайны хажуугаар саар зүйл ч их сонсогдох юм.

-Таны хэлсэнтэй санал нэг байна. 2008 оны олимпийн дараагаас таныг рингэн дээр төдийлөн хараагүй. Түүнээс болоод танд маш их шүүмжлэл ирсэн байх. Хүмүүсийн янз бүрийн хандлага, харилцаанаас болоод таны сэтгэл зүй болон амьдралд хэр их өөрчлөлт гарсан бэ?

-Би 2008 оноос өмнө бэртэлтэй байсан л даа. Хагалгаанд орох заалттай байсан юм. 2006 оны Дохагийн Азийн наадам дээр тохой, гараа хугалуулаад, түүний бэртлээс үүдээд хагалгааны заалттай олимпод оролцсон. Наана нь хагалгаанд орчихвол олимпод орж чадахгүй гэсэн. Тэгээд Олимпийн дараа хагалгаанд орсон л доо. Өндөр формтой тамирчин хүн бүтэн наркозтой хагалгаанд ороод гараад ирэхэд тэр хүний бие организм өөрчлөгдөөд шууд өөр хүн шиг болчихдог юм билээ. Тэр олон жилийн бэлтгэл сургуулилт бүр тэг болчихсон. Түүнийг нь би ч мэдэхгүй, манай багш нар ч мэдэхгүй дахиад өмнөх шигээ бэлтгэл хийгээд өөрийгөө хэцүү байдалд оруулчихсан юм билээ. Яг хуучин шигээ бэлтгэл хийгээд эхлэнгүүт бие маань дийлэхээ байсан. Үүнээс үүдэж нуруу өвддөг болж, дунд чихний үрэвсэл гэдэг онош гарсан. Тэгээд рингэн дээр гарахгүй байж байгаад би 2012 онд Казахстаны том тэмцээнд орж түрүүлсэн. Хүний сурсан зүйл гэж үнэхээр байдаг л юм билээ. Гэхдээ дараа нь Германд очиж 15 орны тамирчдын бэлтгэл хийж байхад бэртэл маань хүндрээд, хөдөлж чадахаа болиод наашаа ирсэн. Тэр үед л одоо үнэхээр больё, эрүүл мэндээ бодъё гэж бодсон. Миний зорилго бол боксын түүхэнд олимп, дэлхийн аваргын хос медальтай хүн болох байсан. Юм гэдэг их сонин. Надад 2005 оны 12 дугаар сарын 21-нд “Таван цагариг” сонинд өгч байсан ярилцлага байдаг юм. Тэрэн дээр “Монголд олимп, дэлхийн аваргаас хоёулангаас нь медаль авч байсан тамирчин байхгүй. Харин би бусдын гаргаж байгаагүй амжилтыг үзүүлж, хос медаль зүүх туйлын хүсэлтэй” гэсэн байгаа юм. Энэ чинь их сонин зүйл байхгүй юу.

-Эндээс харахад та 2005 онд ярьж байсан тэр зорилгодоо яг хүрсэн байна шүү дээ?

-Тийм. 2007 онд дэлхийн аваргаас медаль аваад, 2008 онд олимпийн аварга болсон. Хүний зорилго том байж л том амжилт үзүүлнэ. Миний зорилго том байсан. Зорилгодоо хүрэхийн тулд маш их золиос гаргаж байж энэ амжилтад хүрсэн. Хүнд алдаа оноо байдаг. Надад ганц байгаа юм нь Олимпийн аварга гэдэг нэр. Энэ нэр төрийг надаас хэн ч булааж авахгүй. Спортоор хичээллээд явахаар маш их сэтгэлийн хаттай, хүнээс ширүүн хатуу үг сонсож чаддаг болдог юм. Хариуд нь өөрийгөө дайчилж сурна. Олон сайхан чанартай болдог. Энэ компьютер, ширээний ард би хэдэн цаг ч сууж чадна. Энэ бол миний спортоос олж авсан тэвчээр хатуужил. Амьдрал дээр хэрэгжүүлэх олон сайхан чанар бий болно. Амьдрал баян юм чинь хүн ганц зүйлтэйгээ зууралдаад байхгүй л дээ. Амьдрал сайхан, сурах зүйл маш их байна. Би 2013 онд МУИСийн хуулийн анги төгссөн. Манай аав хуульч, эрх зүйч мэргэжилтэй хүн байдаг. Тиймээс тэр талын зүйлийг сонирхдог л доо. Хуулийг ер нь хүн бүхэн өөрийн амьдралд хэрэг болохуйцаар бага ч атугай мэддэг байх ёстой. Одоо ширээгээрээ дүүрэн толь бичиг өрөөд л, англи хэл сурах гээд хичээж байна даа.

-Таны түрүүчийн яриан дээрээс ч тэр, олон нийтийн дунд яригддаг нэг зүйл байдаг л даа. Энэ бол манай улсад спортын эмч, сэтгэл зүйч их дутагдалтай гэдэг. Олимпод тамирчдаа бэлтгэдэг, их амжилт үзүүлдэг орнууд энэ тал дээр маш их анхаардаг юм билээ. Магадгүй таныг бэртэл авсны дараа, хагалгаанд орсны дараа манайд энэ салбар хөгжсөн байсан бол гэж өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрж байна?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ бидний өмнөх үеийнхэнд бүр л хэцүү байсан байж таараа. Эм, тариа гэж байхгүй. Жинхэнэ мөнчгөрөөрөө, махаа идэж байгаад л явсан. Тэгж бидэнд жим гаргаж өгсөн. Одоо бол арай гайгүй л дээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл хийдэг юм байна гэдгийг ойлгоод арай гайгүй болчихоод байгаа шүү дээ. Түүнээс биш өмнөх үеийхэн маань үлгэр домог шиг л зүйл ярьдаг юм. Монгол хүний унаган чанар, тэвчээр хатуужил гэж байна л даа.

-Олон Улсад олимпийн төрлийн спортууд маш их хөгжчихсөн. Тамирчдын хангамж, улсын халамж ч сайн. Гэхдээ манай улсын тамирчдыг амжилт үзүүлэхээр гадны улс орнууд их гайхдаг гэж үнэн үү?

-2012 оны Лондонгийн олимпийн өмнө Английн BBC телевиз намайг онцолсон байдаг юм. Яагаад онцолсон гэхээр, энэ хүн Олимпод алт авах нь тодорхой гэж үзэж л дээ. Надаас гадна Ямайкийн хөнгөн атлетикийн тамирчин Усайн Болт болон Америк, Герман, Хятадын тамирчдыг цуг онцолсон байсан. Лондонд олимп болох гээд байхад манай улсын залуучууд ямар ч идэвхгүй болчихлоо гэж тэд үзсэн гэдэг. Бүх хангалт нь байхад унтамхай байдалд орчихлоо, боксын тамирчдыг нь хар ямар ч амжилт үзүүлэхээ больчихлоо гээд Засгийн газрынх нь шийдвэр гараад, телевиз нь кампанит ажил болгоод намайг зорьж ирсэн. Ирээд Шархадны манай зааланд ирээд, “энэ заалнаас Олимпийн аварга төрсөн байна” гээд харуулж байсан. Одоо гэрт нь очъё гээд манай Шархадны гэрт очлоо. 00 энэ тэр хараад бүр гайхаад, та нар ингээд гадаа бие засчихдаг юм уу гээд л... Гаднаа турник зоочихсон суниагаад л. Нүд нь орой дээрээ гарах дөхсөн. Тэгээд гэрээсээ Шархадны эцсийн буудал руу алхаад автобусанд суугаад 12 буудал явж ирээд зааландаа орж бэлтгэл хийгээд л. Энэ заалыг нь хар гээд, мешок энэ тэр нь цоорчихсон аймаар л юм байгаа. Хувцас сольдог өрөөг харснаа, өө ингээд л болоо юм уу, эрэгтэй эмэгтэй нь цугтаа орчихдог юм уу гэж байна. /Инээв/ Тэр нэвтрүүлэг Youtube-д байгаа.

-Тийм үү?

-Тэд манай Шархадны 79 дүгээр сургуулийг Английн нэг сургуультай шефийн харилцаатай болгоод, хүүхдүүд сольж суралцсан. Гэхдээ би 2012 оны Олимпод оролцож чадаагүй. Над руу Лондонгоос байнга захиа ирнэ. Хүүхдүүд захиан дотроо нэг доллар, хоёр доллар энэ тэр хийчихсэн, та хурдан эдгээрэй, таныг эдгэрэхээр би заавал боксын тэмцээн үзнэ гээд л бичээд явуулдаг байсан. Тэр үнэхээр том бодитой кампанит ажил болсон юм билээ. Английн үндэсний телевизээр нь өөр улсын тамирчныг энэ хүн түрүүлнэ гээд л цацаад байна шүү дээ. Жишээ нь би, цуйвангийн тухай ярьж өглөө. Цуйван гэж монгол эмэгтэй хүн бүрийн эр нөхөртөө, эрэгтэй хүнд зориулж хийдэг хоол. Энэ хоолонд монгол эр хүн нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй тийм их дуртай гээд л... Тэгэхээр хөөх энэ чинь зүгээр л дан гурил байна, шпагетти юм биш үү гэхчлэн идэж ууж байгаа хоол, амьдарч байгаа гэр орон гээд бүх зүйлсийг нь гаргасан сайхан нэвтрүүлэг болсон. Хэдийгээр өндөр хөгжсөн улс ч гэсэн хүмүүс нь унтаа, ажил амьдрал нь нэгэн хэвийн болчихсон. Тэгээд өөр орны хүмүүс яаж амжилт үзүүлдгийг хараад, түүгээрээ хөглөгдөж байгаа юм. Энэ кампанит ажил маш их үр дүн өгсөн гэж яригддаг юм билээ.

-Шархадны 79 дүгээр сургууль гэснээс, боксчдын өлгий нутаг гэгддэг. Тэр үеэ эргээд дурсвал?

-Манай үеийн боксчид, түүнээс дээших бараг бүх үе эндээс гарсан байна. Надтай Дэлхийн аваргаар явдаг Цогзаяабаатар, Мөнхжаргал гээд багш нар маань манай сургуулийн урд талын гудамж. Залуучуудын шигшээ багийн багш Буянаа, Анхныбаяр гээд л нэрлээд байвал бараг бүх үеэрээ байгаа. Манай ангийн Ариунбаяр гэхэд боксчин. Бидний үед их дүрэмтэй байсан л даа, зодолдоно, нэгийгээ хүндэлнэ. Спортын дэг, жаяг гэж юм байна. Бокс тоглож байгаа хүүхдүүдээ багш нар нь их ойлгоно. Чамайг медаль авах юм бол +3 гаргана, дэмжинэ ээ гэдэг байлаа. Манай Шархад их буянтай, сайхан газар л даа.

-2008 оны олимпийг эргээд дурсахад ердөө мөчийн хооронд л таны амьдрал өөрчлөгдсөн. Монгол Улс боксын төрөлд Олимпийн аваргатай болсон. Цаашид хэдэн зуун жил яригдах түүхийг та тэр өдөр бүтээсэн. Алтан медалиа авчихлаа, таны сэтгэл зүйд хэр өөрчлөлт орсон бол. Онгоцны буудлаас Улаанбаатарт буух агшныг нэхэн санавал?

-Ерөнхийдөө их гоё байсан л даа. Хүн зорьсон зүйлдээ хүрэхээр бүр нэг тайвширчихдаг юм билээ. Хамгийн түрүүнд гэртээ харих юмсан гэх бодол төрсөн. Олимпийн алтан медаль авсан болохоор ч тэр юм уу хүмүүс очсон газар бүрт хамт зургаа авхуулах гээд л.

-Спорт өөрөө залуу насных болохоор хүмүүс тэр бүр анзаардаггүй ч байж мэднэ. 2008 он гэхээр та жаахан байж шүү дээ?

-23 настай. Хамгийн залуу Хөдөлмөрийн баатар болж байлаа.

-Та 10 жилийн хөдөлмөрийнхөө үр шимээр Олимпийн аварга болсон. Харин манай улсын хувьд Олимпийн аваргатай болох бараг мөрөөдөл төдий байлаа. Тийм ч учраас олимпийн аваргууддаа хайртай, тэднийгээ хүндэтгэн дээдэлдэг. Тэгэхээр Олимпийн дараа биеэ тоох гэх юм уу, эргэн тойрныхондоо зэмлүүлэхээр зан ааш тань өөрчлөгдөж байв уу?

-Үгүй байх аа. Олимпийн аваргын өмнө би Монгол Улсын гавьяат тамирчин болчихсон байсан. Ер нь ажаад байхад биеэ тоох зан байхгүй юм шиг байна лээ. Зүгээр л автобусандаа суугаад, хуушуураа авч идээд явмаар санагдаж байсан. Надад ердөө тийм зүйл л бодогддог байсан. Гэхдээ яах аргагүй л тэгээд явж байвал хүмүүс муу хэлнэ. Зураг аваад л, нөгөөх чинь ингээд явж байна гээд л. Аль болох өөрийнхөөрөө л байхыг боддог байсан даа.

-Дөнгөж 23 настай гэхээр сахилгагүйтдэг л нас биз дээ?

-Тийм шүү дээ. Гэтэл энгэрээрээ дүүрэн одон медальтай, тэр дээр л сууж байгаа юм чинь. Тухайн үед нэгэн бодлын сайхан ч юм шиг санагддаг байж. Тэгээд цаашдаа мэргэжлийн бокст гарах сонирхол байсан. Бүр гарна гээд Японтой бараг тохирчихсон байлаа. Харамсалтай нь чадаагүй л дээ.

-“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Боксын спортоор хичээллэж байгаа дүү нарынхаа амжилтыг харж баярлаж, бахдаж, өөрийн зүгээс зөвлөгөө өгдөг байх. Ер нь дүү нартаа хамгийн түрүүнд юу гэж захидаг вэ?

- Боксын холбоогоороо сүүлийн үед орж чадахгүй л байна. Энд байгаа бүх холбоодоо хариуцаж байгаа болохоор тэр байх. Энэ жил манай Боксын холбооны 70 жилийн ой болно. Ойн хүрээнд ямархуу ажил хийх вэ гээд ярилцаж л байна. Заал руу тэр бүр орохгүй болохоор нөгөө хэддээ ч сайн юм хэлж чадахгүй юм. Заал руу орвол өөрөө бэлтгэл хийхээсээ илүү хүүхдүүдтэй ажилласаар байгаад таардаг. Хүүхдүүдийн бие хаа нь болж байна уу гээд л. Гэхдээ заал руу орж ажиллах нас арай болоогүй байгаа л даа.

Хэрвээ заал руу орох юм бол бүх ажлаа амжуулаад, үзэг цаасаа хүлээлгэж өгчихөөд, бэлтгэлийнхээ хувцсыг дахин шинээр өмсөөд нэгмөсөн орно. Яг л Олимпийн аварга болдог шигээ бүх зүйлээ хаяад орохгүй бол эргээд гарахад хэцүү.

-Гэхдээ тийм зорилго ч юм уу, бодол байгаа биз дээ?

-Мэдээж, миний өөрийн жинхэнэ мэргэжил юм чинь. 40 нэлээн гарч байгаад л хийнэ дээ. Тэгээд олимп, дэлхийн аварга, мэргэжлийн боксчин, мундаг сайхан тамирчдыг төрүүлнэ л гэж боддог.

-Олимпоос алт авсан спортын хоёр төрлийн нэг нь жүдо, нэг нь бокс байдаг. Жүдо бол манайд хамгийн сайн хөгжиж байгаа спортын нэг. Таныг олимпоос алт авсны дараа боксоор 2012 оны Лондонгийн Олимпоос дахиад мөнгөн медальтай болсон. Тэгж их давалгаалж, хүүхэд, залуучуудад хүрч байсан спорт өнөөдөр яагаад зогсонги байдалд орчихов оо. Үүний гол асуудал юундаа байна вэ?

-Монголын боксын холбоо ажлаа хийж л байна. Гэхдээ дэлхийн боксын холбоо сүүлийн үед дотроо жаахан асуудалтай, нэг тиймэрхүү завсрын үе таараад байна л даа. Түүнээс болоод календарийн дагуу тэмцээн уралдаан нэг их явагдахгүй байна. Дараагийн нэг асуудал нь манайд Дэлхийн аваргын тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. Ирэх жил болно. Энэ жил Азийн наадамтай, түүндээ бэлдээд л байж байна. Төлөвлөгөөний дагуу бүх ажил нь явахгүй байхаар бусад орныхон ч адил байгаа. Одоо дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч нь Орос хүн тавигдчихсан, болгоно, болгохгүй гээд л үзээд байгаа. Би үүнтэй л холбоотой гэж үзэж байна.

-Та 2015 онд гэр бүлийнхээ хүнтэй хамтарч “Өөжинмед” нэртэй үр шилжүүлэн суулгах төв байгуулсан. Үйл ажиллагаа нь амжилттай, сайн явж байгаа гэж сонссон. Чухам яагаад ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг нээхээр шийдсэн юм бэ?

-Манай “Өөжинмед” эмнэлэг энэ зургаан сард гурван жил болно. Сая нэг сард бид хоёр зуун хүүхдийн баяр хийсэн. 200 хүүхэд төрчихсөн байна гэсэн үг, одоо ч хоёр зуу нэлээн хол гараад явсан байх. Их сайхан буянтай ажил л даа. Хүний амьдралын зорилго нь гэр бүл зохиогоод, үр удмаа үлдээх явдал биз дээ. Энэ чинь л амьдрал. Гэтэл манай улсад энэ тал дээр эрсдэл их. Үүнээс үүдээд гэр бүл салалт үүснэ.

Хүн амын тоонд нөлөөлнө. Үргүйдэл бол эрүүл мэндийн салбартаа эдгэрдэггүй өвчний тоонд ордог юм билээ. Үргүйдэлд ер нь эрэгтэй, эмэгтэй 50/50 хувьтай байдаг. Архи, тамхи, буруу хооллолт, нойргүйдэл, хүчний ажил хийдэг, хортой нөхцөлд ажилладаг гээд олон шалтгаан нөлөөлдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Манай эмнэлгийн хувьд Японы шинэ технологийг ашигладаг. 50:50 хувь гэсэн үг л дээ. Японы тал маань манайхыг их сайн дэмжиж ажилладаг. Цаашдаа олон шинэ технологи оруулж ирэхийг зорьж байгаа. Мэргэжилтнүүд, эмч нар маань Японд очиж мэргэжил дээшлүүлдэг. Манайд хандах хүмүүсийн хандлага ч сайн байгаа. Ер нь бүх талаараа сайхан ажил шүү.

- Аав, ээж тань аль нутаг уснаас гаралтай хүмүүс вэ. Таныг айлын том гэдэг байх аа?

-Ээж Увсын Өндөрхангайнх, аав Төв аймгийн Баяндэлгэр сумынх. Их холоос цус холилдсон мундаг хоёр хүний үр төл юм шиг байгаа юм, би. /инээв/ Би ээжийнхээ талд их ойр өссөн. Ээж минь намайг “Миний хүү чөлөөтөөр барилдана, дэлхийн аварга болно” гээд дандаа л “Дэлхийн аварга аа” гэж дууддаг байлаа. Ээжийн аав хамар Долгорсүрэн гээд Увсын Заан цолтой бөх байсан. Намайг хүүхэд байхад их барилдуулна, мэх зааж өгнө. Нөгөө мэхийг нь би яг хийнэ. Өвөөгийн өвөрт л унтана. Эрт бурхан болсон доо. Намайг спортоор хичээллэж, амжилт гаргасныг мэдэлгүй өнгөрсөн. Өвөөгийн хүүхэд гээд надад ер хир халдаадаггүй. Эрх хүүхэд байлаа шүү дээ, би.

-Олимпийн өмнө таныг охинтой, гэр бүлтэй гэцгээж байсан. Одоо ам бүл хэдүүлээ болсон бэ?

-Гурван хүүхэдтэй. Том охин маань одоо 12 хүрч байна. Хүү 6 настай, удахгүй сургуульд орно. Нэг үеэ бодвол хүүхдүүд маань хөөрхөн том болчихлоо. Ороо хураахдаа хөнжилөө доороос нь дээш эвхэж хураана, хоосон аяга ширээн дээр байлгадаггүй гэхчлэн Монгол уламжлалдаа сургахыг хичээдэг. Бид л зааж өгөхгүй бол уламжлал маань мартагдах гээд байна шүү дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Залуустаа спортоор хичээллэхийг л уриалъя. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэж ардын маань сайхан үг бий. Бидний урилгыг хүлээж авч, дэлгэрэнгүй сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны их спортын төлөө хийх гэгээн сайхан үйлсэд тань амжилт хүсье.

Ярилцсан: Г.Энх-Уянга

“Зиндаа” сэтгүүл 2018 он. №09/509 дугаарт нийтлэгдэв.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uher(66.181.161.73) 2019 оны 07 сарын 23

Baas

0  |  0
AIBA(202.55.188.40) 2019 оны 07 сарын 24

Чиний хийж чадаагүйг хийсэн хэлэх юмтай төрд гавьяагаа үнэлүүлсэн хүн.Чи бол товчлуур дархаас цаашгүй атаархуу өмхий баас

0  |  0
Намка(43.228.130.231) 2019 оны 07 сарын 23

Бээжинд очиж үзсэн үнэхээр илүү түрүүлсэн ховор төрөх тамирчин шүү амжилт

0  |  0
гм(49.0.212.145) 2019 оны 07 сарын 23

Ороо хураахдаа хөнжилөө доороос нь дээш эвхэж хураана. Нас барсан хүний ор хөнжил гудсыг толгойноос хураадаг г.м. Талийгчийн цогцос хөлнөөсөө эхэлж хөрвөл сайн ч гэх шиг, толгойноос эхэлж хөрвөл муу төрөлд төрчлөө ч гэх шиг.

0  |  0
гм(49.0.212.145) 2019 оны 07 сарын 23

Ороо хураахдаа хөнжилөө доороос нь дээш эвхэж хураана. Нас барсан хүний ор хөнжил гудсыг толгойноос хураадаг г.м. Талийгчийн цогцос хөлнөөсөө эхэлж хөрвөл сайн ч гэх шиг, толгойноос эхэлж хөрвөл муу төрөлд төрчлөө ч гэх шиг.

0  |  0
гм(49.0.212.145) 2019 оны 07 сарын 23

Ороо хураахдаа хөнжилөө доороос нь дээш эвхэж хураана. Нас барсан хүний ор хөнжил гудсыг толгойноос хураадаг г.м. Талийгчийн цогцос хөлнөөсөө эхэлж хөрвөл сайн ч гэх шиг, толгойноос эхэлж хөрвөл муу төрөлд төрчлөө ч гэх шиг.

0  |  0
гм(49.0.212.145) 2019 оны 07 сарын 23

Ороо хураахдаа хөнжилөө доороос нь дээш эвхэж хураана. Нас барсан хүний ор хөнжил гудсыг толгойноос хураадаг г.м. Талийгчийн цогцос хөлнөөсөө эхэлж хөрвөл сайн ч гэх шиг, толгойноос эхэлж хөрвөл муу төрөлд төрчлөө ч гэх шиг.

0  |  0
гм(49.0.212.145) 2019 оны 07 сарын 23

Ороо хураахдаа хөнжилөө доороос нь дээш эвхэж хураана. Нас барсан хүний ор хөнжил гудсыг толгойноос хураадаг г.м. Талийгчийн цогцос хөлнөөсөө эхэлж хөрвөл сайн ч гэх шиг, толгойноос эхэлж хөрвөл муу төрөлд төрчлөө ч гэх шиг.

0  |  0
matilda(197.234.221.28) 2019 оны 07 сарын 23

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre @ gmail. комын Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Хэрэглэгч(103.229.121.153) 2019 оны 07 сарын 23

Олимпийн хорооны шинэ барилгыг эхнэрийнхээ эмнэлэг болгоод авчихсан, оддын өвчин тусаад спортоосоо хөндийрөөд томчуудын бөгс долоогч болсон доо. Ирэх жилийн сонгуулиар нэр дэвшээл гүйж байх байхдаа

0  |  3
Зочин (93.209.85.67) 2019 оны 07 сарын 25

Нэрээ дэвшүүлэхгүй ээ. Чи айх хэрэггүй. Чам шиг баасын хажууд хийдэгээ хийсэн хүн. Чи бол модон жорлонгоосоо цааш харж чадахгүй үхэх хүн байна. Заяа чинь тэр.

6  |  0
Ган(66.181.161.4) 2019 оны 07 сарын 23

Хайран сайхан тамирчин. Хагалгааны дараах гамаа сайн хийчихсэн бол өдийд хэдэн ч олимп, дэлхийн аюаргыш авчихсан байгаа юм билээ? Харамсалтай шүү...

2  |  0
Иргэн(59.153.112.253) 2019 оны 07 сарын 22

Нэг л их хангамжтай баян улсууд болж хүзүүгүй новшийн сонгуулийн пи араас болж.

0  |  1
зочин (64.119.24.65) 2019 оны 07 сарын 23

олимпийн аваргын нэр хүндийг өндөрт өргөж яваа залуу хүн гэж боддог дүүдээ ажлын амжилт хүсье

2  |  1
Японд байгч(114.160.120.154) 2019 оны 07 сарын 27

новшын хошного долоогч баньд Спортд гаргасан амжилт мундаг Хошного долоож Монголын тѳлѳѳ биш Мэеэгын тѳлѳѳ амалсандаа хүрсэн гэж ярьхыг нь сонсоод шууд бѳѳлжсѳн

1  |  3
Зочин (122.201.21.116) 2019 оны 07 сарын 23

Их боловсон ухаалаг хүнлэг залуу байна лээ

1  |  0
Tgi(66.181.161.122) 2019 оны 07 сарын 23

Chi uuruu yponii hoshnogoo doloo naad hun chin uuruu hudulmuruuruu amidarch baigaa avarga bitgii ataarh bandi mini

2  |  0
Top