Ирэх 7 хоногт шатахууны үнийг 100-120 төгрөгөөр бууруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.06.26/ болж, салбарын сайд Д.Сумъяабазар бензиний үнэ 100-120 төгрөгөөр буурна гэдгийг хэллээ. Тэрбээр “Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурсантай холбогдуулан зургаадугаар сарын 15-наас хойш худалдан авсан шатахуун Монгол Улсад орж ирж байгаа. Эхний ээлжинд 60 төгрөгөөр, дараагийн ээлжинд 60 төгрөгөөр бууна. Долоодугаар сарын эхний тав хоногт багтан 120 төгрөгөөр шатахууны үнэ буурах чиглэлтэй ажиллаж байна” гэсэн юм.

2019.06.18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 27 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

·         А-80 автобензин 45;

·         Аи-92 автобензин 35;

·         Дизелийн түлш 19;

·         ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын үнийн хувьд баруун бүсийн Ховд аймагт борлуулж буй АИ-92 автобензин 30 төгрөг, Говь-Алтай аймагт борлуулж АИ-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 90 төгрөгөөр тус тус буурсан бол хангайн бүсийн Хөвсгөл аймагт борлуулж буй А-80 автобензин 80 төгрөг, АИ-92 автобензин 80 төгрөгөөр тус тус өссөн байна. Төвийн бүсийн Улаанбаатар хотод борлуулж буй А-80 автобензин 32 төгрөгөөр өссөн ба мөн бүсэд хамаарах Говьсүмбэр аймагт борлуулж буй АИ-92 автобензин 50 төгрөгөөр буурсан байна. Зарим компаниудын жижиглэн борлуулалтын үнийн хувьд "Шунхлай" ХХК-ийн борлуулж буй АИ-92 автобензин 50 төгрөг, АИ-95 автобензин 70 төгрөг, "Петровис" ХХК-ийн АИ-92 автобензин 45 төгрөгөөр тус тус буурсан байна.     

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г(202.131.245.226) 2019 оны 06 сарын 27

энэ нөхдүүд 2 алхам урагшлаад 1 алхам ухраад байна шүүдээ

0  |  0
Зочин(150.129.140.59) 2019 оны 06 сарын 26

Ингэж өсгөж бууруулж ард түмнээр тоголдгоо болимоор юм Манайд одоо шатахууны үнэ буурлаа гээд бусад шатахуунаас болж өссөн бараа бүтээгдэхүүний үнэ бууна гэж хэзээ ч байхгүй шүү дээ Энэ бол гадны хөл гар бологчдийн хийж байгаа ажил ҮАБ д заналхийлж байна шүү дээ үнэ өссөнөөр нийгмийн дотор бухимдал үүсгэж талцуулж хагаралдуулж тогтворгүй байдал үймээн самуун дэгдээх зорилго л агуулж байна даа

0  |  0
Top