Өргөн хэрэглээний АИ92 төрлийн шатахууны үнэ дахин 200 төгрөгөөр нэмэгдлээ. Ийнхүү сарын дотор 450 төгрөгөөр нэмэгдлээ. Өнгөрөгч долоодугаар сард 250 төгрөгөөр нэмэгдсэн юм. Долоодугаар сарын байдлаар хил дээрх үнэ 750 ам.доллар байсан бол наймдугаар сар гарсаар тонн тутамд 851 ам.доллар болж огцом өсжээ. Ингэснээр нэг тонн шатахууны импортын үнэ 95 ам.доллароор өсөөд байна. Шатахууны үнийн өсөлт одоогоор үүнээс шалтгаалсан байж болзошгүй.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэдэх үнийн зөвлөл яг одоо хуралдах мэдээлэл байна. Салбар яамны сайд Г.Дамдинням “шатахууны хангалт хэвийн, тогтвортой байдалд шилжих хүлээлттэй” байгааг өөрийн сошиал хуудсаараа мэдэгдсэн. Түүний хэлж байгаачлан өнгөрсөн 48 цагийн хугацаанд Монгол Улсад нийт 146 вагон буюу 8760 тонн АИ-92 түлш улсын хилээр орж ирсэн байна. Өнөөдрийн дотор 42 вагон буюу 2520 тонн АИ-92 түлш орж ирнэ.
Хэдийгээр шатахуун хилээр орж ирж байгаа ч энэ нь дунд хугацаандаа хүрэлцэхгүй гэдэг нь түлшний хэмжээнээс харагдана. Цаашид ОХУ-ын дотоодод ч асуудал үүссэн болохоор урт хугацаандаа хомстол арилна гэдэг эргэлзээтэй. Тиймээс төрийн зүгээс дунд болон урт хугацаанд нийлүүлэлтийг тогтвортой байлгах, нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өсөлтөөс урьчилан сэргийлэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )