Ч.Дэлгэрцэцэг: Би сармагчинтай биш, хүнтэй гэрлэсэн

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 04

 

Хийлч Ч.Дэлгэрцэцэгийг "Хүмүүс" буландаа урилаа. Тэрбээр удаан хугацаанд завсарласан уран бүтээлдээ эргэн орж, хийлийн тансаг аялгуугаар сонсогчидтойгоо уулзахаар шинэ цомгийн ажилдаа оржээ.

-Нэлээд удаан нам жим амьдарлаа. Сонин сайхан юу байна вэ?

-"Өнөөдөр" сонины уншигчидтай эргэн уулзаж байгаадаа баяртай байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчид мэдэж байгаа байх. Би ээж болсон. Хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг амаргүй юм байна. Эмэгтэй хүний хамгийн хэцүү ажил, хүнд үүрэг нь хүүхэд төрүүлэх байх шүү. Ялангуяа, уран бүтээлч хүний амьдралд туйлын их нөлөөлдөг юм билээ.

-Хүү чинь одоо овоо болсон биз дээ?

-Гурван ой хүрч байгаа. Одоо л гараас гарч, ажил хийх боломжтой боллоо.

-АНУ-д хэсэг амьдарсан дуулдсан?

-Манай хотын утаа ямар билээ. Хүүгийнхээ эрүүл мэндийг бодоод АНУ-д очиж төрүүлж, тэнд хэсэг амьдарсан.

-Одоо Монголдоо суурин байх уу?

-Монголчуудын нүүдэлчин зан чанар мах цусанд байдаг юм шиг байна. Би нэг газраа удаан байх дургүй, боломж байвал нүүх дуртай. Гэхдээ Монголдоо байлгүй яах вэ. Эх орондоо байхдаа би уран бүтээлчийн хувьд амьд байдаг. Энэ бол миний Монголд байх хамгийн том шалтгаан.

-Та хувийн амьдралаа нууцалдаг болохоор элдэв яриа их гардаг байх. Үүнд хариу өгөх цаг болоогүй юу?

-Хүмүүсийн ярих, сонинд бичихийг би хязгаарлаж чадахгүй. Үүний араас хөөцөлдөж явах цаг, зав ч алга. Ингэж яриулж, бичүүлэх нь уран бүтээлч бүрийн туулдаг зам. Би хувийн амьдралынхаа талаар ярих дургүй. Олон нийтэд дэлгэхгүй, нууцлах зүйл байх ёстой шүү дээ. Уншигчидтайгаа уран бүтээлээрээ уулзах нь миний чин хүсэл. Намайг хүмүүс "хийлч Дээгий" гэдэг. Уншигчдад хүрэх ёстой, уншигчдыг баярлуулах ёстой зүйл бол миний уран бүтээл, хийлийн аялгуу. Өөр юу ч биш. Би хүний амьдралд тохиолддог бүхнийг туулж яваа жирийн л нэг эмэгтэй. Бусадтай л адил хүн.

-Ингэж нууцлах тусам их сонирхоно шүү дээ. Илэн далангүй ярьчихвал элдэв таамаг, худал мэдээлэл гарахгүй амар биш үү?

-Би тэгж ярьдаг "төрлийн" хүн биш шиг байгаа юм. Ярихад эвтэйхэн санагддаг зүйлийг бол ярина л даа. Эвгүй санагдаж байгаа зүйлийг ярих албагүй. Ямартай ч би сармагчинтай суугаагүй, хүнтэй суусан. Хүн л бол хүн биз дээ. Би хувийн амьдралаа ярих үнэхээр дургүй. Бусад хүн хувийн амьдралынхаа талаар ярьсныг уншихад ч надад таатай санагддаггүй. Тэгэхээр намайг энэ байдлаар минь хүлээж аваарай. Асуултанд чинь хариу өгөхгүй байгаа бол уучлаарай. Миний хувийн амьдралын тухай асуултын хариу үргэлж ийм байх болно.

-Тэгвэл уран бүтээлийн сонин хачныг тань сонирхъё доо?

-Уран бүтээлч эмэгтэй 30 гарна гэдэг яарах цаг ирсэн гэсэн үг. Урлагийн тайзан дээр байх хугацаа минь дуусашгүй урт биш шүү дээ. Уран бүтээл хийх ид үедээ хүүхэд хараад суугаад байж болохгүй гэсэн шүүмжлэл их сонссон. Тиймээс уран бүтээлдээ эргэн орж, дөрөв дэх бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа. Уран бүтээлээ нэлээд завсарласан учраас цомог гаргахад цаг хугацаа, хөдөлмөр их зарцуулсан. Багагүй хугацаанд дуншсан цомгийн ажил дуусах шатандаа орлоо. Зургадугаар сарын дундуур гарчих байх. Цомгийн ажлыг "Up music" продакшны хөгжмийн найруулагч Н.Халиун,хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, Сингапур улсын найруулагч Рагу Раман нар нугалж байгаа. "Рrо sound” студид бичүүлсэн.

-Шинэ цомогтоо нэр өгч амжсан уу?

-Цомогт маань баяр, гуниг, ганцаардал, хайр дурлал, наргиан цэнгээн, хэрүүл тэмцэл гээд амьдралын бүх өнгө багтаж байгаа. Дуунуудаа бичүүлэхэд тэр бүхнийг мэдэрсэн. Ялангуяа, "Амьдрал" гэдэг шинэ бүтээл маань гунигтай хэрнээ сонссон хүнд олон зүйл бодогдуулах байх. Энэ аялгууг Н.Халиун ах надад зохиож өгсөн. Цомгоо энэ бүтээлийнхээ нэрээр нэрлэнэ гэж бодож байгаа.

-Яагаад ийм аялгуу төрсөн юм бол. Уран бүтээлчид бүтээлдээ амьдралаа тусгах тохиолдол олон байдаг шүү дээ?

-Хүний амьдрал, сэтгэлийн хөдөлгөөн уран бүтээл төрөх гол эх үүсвэр шүү дээ. Үнэнхүү сэрэл мэдрэмж, сэтгэгдлээс төрсөн бүтээл хүнд хүрэх нь илүү байдаг. Хоосон зүйл хэзээ ч хүнд хүрэхгүй шүү дээ.

-"Амьдрал" цомогт ямар бүтээлүүд багтаж байгаа вэ?

-Монголчуудын дуртай "Жалам хар" зохиолыг сонирхолтой хэлбэрт оруулж хийл хөгжмөөр тоглосон. "Мартагдашгүй намар" киноны дуу, Пүүжээ багшийн "Улаанбаатарын үдэш" зэрэг хүмүүсийн сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг орчин үеийн хэлбэрт оруулсан. Орчин үеийн, хотын хөгжим гэдэг хэв шинжийг агуулсан арван аязтай цомог гарна.

-Тоглолт хийх үү?

-Ямартай ч эхлээд цомгоо гаргаадхая. Одоо амралтын улирал эхэлж байна. Намраас тоглолт хийх санаа байгаа. Тоглолт хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй шүү дээ.

-Та үсээ хусуулах, нүцгэн зургаа авахуулах гэх мэтээр зоригтой алхам хийдэг. Одоо сонсогчдодоо тийм сюрприз барих төлөвлөгөө байгаа юу?

-Тэр үед 20 гаруйхан настай, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй байж. Одоо би ганцаараа биш, ард хүү минь байгаа. Тийм болохоор галзуу барын аманд гараа хийж болохгүй шүү дээ. Амьдрал хүнийг ийм болгодог юм байна. Яахаас ч буцахгүй зориг гаргадаг нас байхад рискээ тооцох үе бас ирдэг юм байна.

-Хүүхэдтэй болоод намба суужээ?

-Цаг хугацаа хүнийг эргүүлэгтээ оруулж нугалдаг. Намба суусан бол тэр л биз. Би хийсэн зүйлдээ хэзээ ч сэтгэл ханадаггүй. Ямагт илүү зүйлд тэмүүлж явдаг. Тийм болохоор оргил үеэ өнгөрөөсөн гэж боддоггүй. Миний оргил үе ирээгүй.

-Хүмүүс өөрийг тань сайн хийлч гэдэг. Та харин юу гэж боддог вэ?

-Урлагийн мэдрэмжийн тухайд зарим үед бусдаас илүү байж чаддаг гэж боддог. Уран бүтээлч сэтгэлгээтэй байна гэдэг чухал. Хүн гэртээ, өөртөө сайн хийлч байж болно. Түүнийгээ бусдад хүргэх чадвар, бүтээлч сэтгэлгээтэй байна гэдэг өөр ойлголт. Өдий хүртэл "Хийлч Дээгий" гэдэг алдрыг зүүж яваа маань бүтээлч сэтгэлгээтэй байсных. Миний анхны "Хэнтийн өндөр ууланд" цомог хүмүүсээс өндөр үнэлгээ авсан. Хүмүүс цомог гэж мэддэггүй шахам байхад цомог гаргасан гэж бодох сайхан байдаг.

-Олон бүсгүй чиний тоглосон хийлийн аялгууг сонсгож хүүхдээ өсгөсөн байх. Өөрөө хүүдээ цомгоо сонсгодог уу, хийлээ тоглож өгдөг үү?

-Хүү маань хөгжимд ойр өсөж байгаа. Би таван сартай жирэмсэн байхдаа ДБЭТ-д "Хийлийн аялгуу"   тоглолтоо хийсэн шүү дээ. Тэр тоглолтыг хийхийн тулд зургаан сар өдөр бүр хийлээ  тоглож байлаа. Жирэмсэн байхдаа хөгжим сонсохоор мэдрэмжтэй хүүхэд төрдөг гэдэг үнэн юм билээ. Гэртээ хүүдээ хийл тоглож өгдөг. Жаахан байгаа болохоор хөгжим барьж авах гээд тухтай тоглуулдаггүй.

-Урлагийн хүн болсон түүхээсээ хуваалцаач?

-Би Хөгжим бүжгийн дунд сургуульд долоон настайдаа элсэж, энэ мэргэжлээрээ сурсан. Долоон настайдаа сонгосон мэргэжлээ одоо болтол гээгээгүйдээ баяртай байдаг. Ийм хувь заяа хүн бүрт тохиохгүй шүү дээ. Манай сургууль их хатуу дэглэмтэй, ачаалалтай гэдгийг хүмүүс мэднэ. 1998 онд Хөгжим бүжгийн сургуулиа төгсөөд СУИС-д элсэх гэснээ "Нэг мэргэжлээр олон жил сураад яах вэ, гадаад хэл суръя" гээд ТИС-ийн орчуулагчийн ангид орсон. Би багадаа мэргэжлээрээ гадаадад сурахыг их мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлөө биелүүлэхэд сүүлийн эзэмшсэн мэргэжил маань их түлхэц болсон. Хэлтэй бол хөлтэй гэдэг үнэн. Төгссөн хоёр сургуулийнхаа ачаар АНУ-ын Мичигань мужийн хөгжмийн сургуульд дөрвөн жил сурсан. Эргээд харахад гадаадад сурахын давуу тал нь юм үзэж, нүд тайлдагт байдаг юм байна. Гэрээсээ, ээжээсээ хол удаан байхаар амьдралын их сургууль төгсдөг юм билээ.

-Ээж,   аавынхаа   талаар яриач?

-Миний ээж үсэг өрөгч мэргэжилтэй, хэвлэх үйлдвэрт олон жил ажилласан сайхан эмэгтэй бий. Би эхээсээ дөрвүүлээ. Ээж маань биднийг юугаар ч дутаагаагүй, хүний дайтай хүн болгосон. Амьдрал гэж юу байдгийг багаас минь ухааруулсан нь амьдралд хөлөө олох, амьдралын амтыг мэдрэхэд түлхэц болсон. Би аавгүй өссөн.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top