Бурхнаас заяасан эмээ
Буянт эмээ гэж! Ийм өндөр нас зооглосон гэхэд тавь дөхсөн надаас ч хөнгөн шингэн, таяг тулахгүй, нүд, чих сайн, тэр ч байтугай ой ухаан сийрэг, яриа хөөрөө элбэг нэгэн. Цулхирын гурил самарч, шар тос хөвсөн, аагь цоргисон ухаа хонгор цай аягална. Эмээгийн цайг уухад хөлс чийхраад, тамир тэнхээ орно. Ямархан ид шидтэйг над шиг жулдрай яахан мэднэ. Хааяа би эмээгийнд очих. “Ойрд үзэгдэхгүй яагаав, хүү минь. Дээшээ суу. Орж гарч бай. Манай хэд ажил, ажил гэсэн амьтад, би энэ муу сөөсгөр охинтой хааяа өдрийг барах юм” гэснээ нөгөөх хонгор цайгаа барина. Эднийх олуул. Охин, хүргэн хоёр нь давгүй албатай, миний үеийн хүмүүс. За тэгээд үр хүүхэд, ач гуч гээд яривал тун өнөр сайхан хүмүүс. Нэг их том саруул хашаанд одоо цагийн маягаар барьсан тав, зургаан гоёмсог байшингуудад эмээгийн харьяаныхан сууцгаана. Энд уур уцаар, уйлаан майлаангүй, эвийн цавуу шиг сайхан амьдрал бүрдсэн, нэг ирж гэмээ нь хэдэн цагаар хамаагүй байгаад баймаар, нүнжиг хишиг хурсан газар. Эмээгийн дунд хүүг Очирзав гэх агаад бид хоёр хааяа “савна”. Савлаа гээд юу гавихав, амралтын өдөр “ганц юм” гоочилдог ухаантай. Эмээтэй яриа дэлгээд авбал мөд салахгүй. Бас их сонин. Эмээ хуруувчин чинээ хундагаар рашаан нэг л удаа хүртэнэ. Бид хоёрыг зэмлэдэггүйд нь би гайхах. Тавь хүрсэн улс наад хатуу идээгээ тааруулахгүй бол битгий амсаж бай гэж нэгэнтээ хэлсэн юмдаг. Ухаантай хүний үг гэдэг “буянтай” идээг ч зохицуулчихдаг бололтой. Миний хувьд эмээ бол бурхан. Ер эднийх хашаагаараа эмээгээ бурхан мэт дээдэлнэ. Өнөөдөр бараг бүгдээрээ ажил, сургууль гээд явцгаачихсан, ажин түжин байлаа. Хотоос нэлээд зайдуу цэлгэр уужим газар тохижсон эднийхэн бараг арваад төрлийн мод бут тарьж, зуны цагт бол цэцэрлэгт хүрээлэн гэсэн үг. Хашаандаа худагтай болохоор зовлон алга. Сүлжмэл дэвсгэр шиг урт урт цэвэрхэн замууд, хэд хэдэн машины гарааш гээд яривал дутуу юмгүй, үлгэрийн орон гэсэн үг. Очирзавын яриагаар бол биднийг ажилсаг болгосон нь ээжийн ач гэнэ. Үнэхээр тийм ажээ. Эмээгийн ярианаас үүнийг ойлгож ядах юмгүй.
Өнгөрсөн амьдралынхаа хуудсыг дэс дэсээр нь зугуу зугуухан эргүүлэх мэт эмээ ийн ярьж билээ... “Сайн явах санааных гэсэн үгтэй юм шүү. Би эд нартаа ийм сургаал айлддаг ухаантай. Чамд нээрээ би бага залуу насныхаа талаар яриагүйсэн билүү. Миний хүү мэдэж ав, илүүдэхгүй. Би чинь одоо 86-тай хүн, үхэхээс бусдыг үзжээ, хүү минь. Манайхан хуучнаар бол Говь түшээ гүний хошуу”. Үүнээс цааш эмээгийн яриаг би өөрийнхөөрөө буулгасугай.
Жаал охин хонио хариулж явлаа. Толгойлон нүүх үүлсийн янз бүрийн дүрсийг ажиглан харна. Тээр зүүн хойтох хэсэг үүл нааш цааш сүлжин өөрчлөгдөж байснаа хоёр хүний дүрс гараад ирэв. Улам ойртоод ирлээ. Энэ чинь аав, ээж хоёр минь байна шүү дээ. Үүлээ, үүлээ, ээжээ, ааваа! Наашаа, наашаа! Охин шилбүүрээ өргөн даллав. Овоо ойртож ирснээ сайхь үүл хоромхон зуур хувирч толгой дээгүүр нь нүүдэллэн одов. Охины бор хацар дээгүүр нулимс тогтжээ. Хэдэн жилийн өмнө хорвоог орхин одсон аав, ээжийнхээ барааг харах мэт болсон цөөхөн тэр агшин дахиад яахан ирэх билээ. Би ээж, аавыгаа ямар их санана вэ! Хоёр дүүгээ өвөртлөөд унтахад ямар сайхан билээ. Орой очоод саяын үзсэнээ ярина даа хэмээн бодно. Өнчин гурвыг Буджав хэмээх ах лам нь асрамжлан бөөцийлдөг аж. Талийгаач ээжийнх нь төрсөн ах энэ лам Далай хийдэд нэлээд хэдэн жил ном үзсэн өгөөмөр сэтгэлтэй нэгэн бүлгээ. Хөөрхий гурван хүүхдийг гэртээ авч дөрвүүлхэн аж төрөх авай. Хоёр гэрийн хөрөнгө хонь, тэмээ голдуухан овоо хэдэн мал байх. Ботгон мал юм болохоор тэмээ нь их тогтвортой. Буянт охин хониндоо явах. Хоёр дүү нь арваад настай агаад аргал усаа ойртуулчихна. Буджав цаг хувирч байгааг эрт мэдсэний учир нэлээд хэдэн жилийн өмнө хийдээ орхин хөдөөлсөн ажгуу. Одоо бол зээ нартайгаа тун боломжийн амьдарна. Энэ өдөр хаврын зэгэл салхи хүйс хүйс үлээж, бөөн бөөн тугалган бараан үүл умарч зумарч тасран хөөгдсөн их ёозгүй өдөр байлаа. Гэнэт нэг сонин чимээ сонсогдов. Баруун гүвээн дээгүүр утаа хаялсан нэг машин гарч ирснээ тэднийхийг чиглэн давхиад алга болов. Тэр цагт хөдөө газар машин чийчаан бараг үзэгдэх биш. Охин гайхсаар хонио аажуухан гилж гэр рүүгээ ойртууллаа. Хонь хотлох хараахан болоогүй болохоор малынхаа аясаар явна. Тэгтэл хоёр дүү нь урдаас нь гүйгээд ирэв. Эгчийнхээ дэргэд ирээд учир зүггүй уйлалдлаа. Хамгийн бага дүү нь хүү юмсанж. Хүү нулимс асгаруулан:
“Эгч ээ, сая Ажааг ногоон малгайтай буу үүрсэн хоёр хүн аваад явчихлаа. Ажаа дээлээ ч бүсэлж амжаагүй. Бид хоёрыг тэр хүмүүс битгий орилолдоод бай гэж загнасан. Ажаа гарахдаа миний гурван зулзага битгий айгаарай. Ажаа нь удахгүй хүрээд ирнэ. Удаад байвал Номоогийндоо очно шүү гэсэн” гэж хэлээд эхэр татав. Дүү охин юу ч ярьж чадахгүй асгаруулна. Хөөрхий хэдийг ийнхүү хагацлын хар үүл дайрав. Ах ламаас нь сураг чимээ таг чиг. Тэднийг нутгийнх нь Номоо хэмээн авгайлдаг Норовдорж гэгч айл татаж авлаа. Гучаад оны баривчилгааны хар өдрүүд ийнхүү эхэлжээ. Далай хийдийг бусниулан сүйтгэж, ном судрыг нь урд талын дэвсэг дээр овоолон шатаажээ. Судрын хуудсууд хаа сайгүй хийснэ. Бараг хоёр өдөр утаа уугисан бөгөөд тэр нэг шөнө цас бороо холилдон орсноор энэ түүх төгсчээ. Энэ гунигт өдрүүдээс эхлээд Буянт охин хоёр дүүтэйгээ амьдралын төлөө махран зүтгэх болов. Төдхөн баахан хүмүүс бас л давхиж ирснээ хамаг малы нь хамж аваад, ах ламынх нь бурхан номыг гаргаад шатааж орхив. Үлдсэн мал гэвэл арваад хонь ямаа, жилбэнтээд тамир тэнхэлгүй болсон нэг гунж. Буянт охин арван таван нас хүрч байж. Ах ламынх нь гэрээс захиас, ээж аавынх нь өвлүүлж шингээсэн ухаан л одоо түүнийг авч явахаас өөр зам байсангүй. Тэр зун говьд бороо хур элбэгтэй, зуншлага сайхан байлаа. Цулхирын бут хаа сайгүй сагсайгаад наранцэцгийн үр шиг жижигхэн буурцаг нь шаргалтан улайрна. Зарим жил ээж аав нь түүнийг дагуулаад цулхирчилдаг нь санаанд оров. Гадаах хураалттай бараагаа онгичлоо. Илгэн бээлий, тулам, тэр бүү хэл, илгэн өмд хүртэл гарав. Тэр нь даанч элэгдэж цоорсон, эдлэхэд бэрх аж. Гэвч утас шөрмөсөөр оёж нөхсөөр заримыг нь өөд татаад авав. Охин бодлоо. Аавынх нь хэдрэгний дуу сонсогдож, ээжийнх нь хийдэг гангийн исгэлэн шорвог үнэр амтагдаад ирэв. Бараанд байсан хоёр тарзаа, гэрт дэвсдэг ганц нэгтэй нийлүүлээд ганд хийчихэв. Хужир шүү, цагааны шар усыг Номоо гуайнхаасаа оллоо. Хэд хоногийн дараа гангийн хувингаа онгойлговол нэг их өег ч юм шиг, исгэлэн үнэр цоргих нь тэр. Охин нөгөөх хэдэн тарзаа ёстой л нэг үнгэж өглөө. Хэдэн өдөр гараа цэврүүттэл элдэж нухсаны буянд намилзаж нургисан торго шиг зөөлөн илэгтэй болов. Эцгийн ухаан, ээжийн ур Буянт охинд заяасан байжээ. Нэг том тулам, хэдэн бээлий хийгээд авав. Хоёр дүүгээ дагуулахад муу ханхай гэрээ Номоогийндоо захиж орхичихоод Хонгорын зоог чиглэн одов. Өвдөгнөөс дээш татам ургасан цулхирын хамхаг багсайж сагсайж угтав. Хурууны өндөг хүрэх төдийд л үр буурцаг нь улаа бутран асгарч байлаа. Хэдий тийм боловч цулхирын өргөс зүү л гэсэн үг. Үүнийг багаасаа мэдэх болсон Буянт дүү нартаа бээлий өгч нэг, нэг савар бариулаад хадаж бухалдахыг зааж өгөв. Бухалдаж нуруулдсан бутыг өөрөө өдөржин шөнөжин нүдэж енхэдсээр, уул гүвээ шиг болсон их сүрлийг салхинд хийсгэж, үрий нь тулмандаа хийлээ. Намрын хонгиносон салхинд цулхир цайруулна гэдэг амар ажил биш. Нарийн тоос шиг пургидас нь ам хамраар чихчих гээд сандаргах тул хэдэн давхар хаалт хийлээ. Эцэг эхээсээ өвлөж авсан энэ ухааны хүчээр гурвуулаа дааж ядсан цулхираа үүрээд харив. Номоо, хөгшин хоёр тэднийг ам хуурайгүй магтана. Ширмэн тогоонд хуурах, хатаах, төмөр ууранд нүдэхийг ч зааж зурж өгөв. Хэдэн тулам цулхирын ухаа хонгор гурилтай болов. Тэр хэдэд энэ гурил лавтай гурав, дөрвөн жилийн хүнс. Цулхирыг хоол хүнснээс гадна эмчилгээнд хэрэглэдгийг олон хүн мэднэ. Аз болоход тэр намрын сүүл сард аянчид, холын нүүдэлчид тэднийхээр дайран өнгөрч билээ. Охин наймаачин боллоо. Арьс шир, сур, эмээлийн мод, гунж тайлаг, авдар сав гээд олон юмаар арилжиж солих боллоо. Газар дэлхийн шимээр гурван хүүхэд санаанд оромгүй хөлжөөд авчээ. Хотоор хонь ямаатай, зэлэндээ овоо хэдэн тэмээтэй, товхийсэн айл болоод явчихав. Он цаг улирсаар. Буянт ч хоёр дүүгээ сургууль соёлын мөр хөөлгөжээ. Нутгийнхаа нэг сайн хүнтэй ханилан суув. Нөгөөх дуулиант нэгдэлжих хөдөлгөөн хаврын түймэр шиг нөмрөөд авав. Олны жишгийг дагаад нэгдэлд элсэж дээ. Дан хонь авч маллалаа. Заавал ав гээд байхлаар нь гучаад ямаа авч орхив. Хавар нь ноолуур дутлаа. Нөхрийг нь Дэндэв гэх. Тун ч тулхтай, гудиггүй нэгэн. “Хөөе хө, Буянт минь одоо яана гэхэв, төлөхөөс биш. Нөгөө хөдөлмөр өдрийн хэдэн янчаанаа л өгдөг байх даа” гэв. “Зовж олж өсгөсөн хэдэн малаасаа салчихаад бас төлбөрт орно гэдэг ямар муухай юм бэ, Дэндэв минь. Хэдэн хүүхдийн заяа түших биз, төлье өө хө, гэхдээ надад нэг юм бодогдоод байх боллоо. Ирэх жил манайх их ноолууртай болно. Илүү гарсныг нь зарахлаар алдсан мөнгөө элбэг нөхчихнө, миний өвгөн харж л байгаарай” гэж хэлээд инээмсэглэв. Энэ явдал ч яахав, тэгээд л өнгөрч. Эднийх ам бүл нэмсээр хоёр хүү, хоёр охинтой өнөр айл болжээ. Хичээл сургууль, ажил үйлэнд сайн, ном эрдмийн мөр хөөгөөд гарч өгөх нь тэр. Ноолуурын гачлангаас эднийх яаж гарсан гэж санана. Буянтын санаанд нэг зүйл тун тод үлдсэн нь тус болсон гэдэг. Ээж нь түүнд ярьдаг байжээ. Ингэний айргаар үсээ шавшиж угаагаад байхад сайхан өтгөн хар гэзэгтэй болдог юм гэдэг шүү. Би ямар үзсэн биш, эртний л үг байх, миний охин мэдэж ав. Бүсгүй хүнийг үс урт, ухаан богино гэлцдэг. Тэр лав худлаа. Үс урт, ухаан алс хүн алийг тэр гэхэв. Бүсгүй хүн урт сайхан үстэй, унд цай сайтай байвал аштай юу гэж нэгэнтээ ярьж суужээ. Нөхөртэйгөө хоёул нэгдлийн ямаагаа ингэний айргаар хэдэнтээ угааж шавшиж орхив. Худаг, булгаас зайдуу мухар эргэнд хонио оруулж байгаад энэ ажлаа хийчихдэг байж. Хүнээс нууж байгаа нь тэр. Хавар болж дээ. Ямаагаа самнаж эхлэв. Гайхмаар юм болжээ. Үхрийн баас шиг үелээтсэн сам, сам ноолуурыг мулталж эхлэв. Хялгасгүй шахам мяндас шиг цагаан ноолуур гурван шуудайнд түнтийтэл чихээд авав. Тал хувь нь нормоо хаалаа. Ардын ухаан ингэж аминд орсон хэрэг. Цаг хугацаа улиран өнгөрсөөр байлаа. Мань хоёрын нас жар гараад явчихав. Хүүхдүүд нь хааяа ирэх. Цөм хот газар суурьшин төвхнөөд авч. Ээж, аав хоёрыгоо аваачих гэх боловч хоёр хөгшин дургүйцнэ. Уул усаа бараадаж, малаа дагана аа, хүүхдүүд минь, бид хоёр яагаа ч үгүй гэх. Төл эхээс гарангуут гал уургаа цай буцлахын зуурт амлах учиртай. Уургандаа цадаагүй хурга төлгөндөө хүртэл майлдаг юм. Ээж, аав нь энэ мэт ухаанаа нутгийн хүүхдэд зааж зурж суух нь жаргал байдаг юм. Ноолуур арвин авдаг ухаанаа хэлсэн. Дээдсийн ухаан барагдашгүй. Одоо хэдэн жилийн дараа та нарыгаа бараадна аа. Цариг тэнхэлтэй байж эрт хот оронд суугаад яахав дээ, үе мөч сулраад, үс толгой цайгаад ирэхийн цагт очилгүй яахав гэнэ.
Сүүлийн үед нэгдлийн мал багтахаа байж сандаргах болов. Илгээлтийн эзэн гээд хүүхдүүд хөдөө гарах боловч тийм ч тогтвортой биш. Хоёр хөгшнийд бригадын дарга нь гуйж гувшсаар байгаад төллөх таван зуун хонь нэмээд өгчихөв. Тэр өглөө Дэндэв хонио дагаад гарав. Хөгшин ч яахав, ишиг, хургандаа өвс өгч, бууц хороогоо оролдсоор хоцров. Богийн хар туруу цастай, цагаалж ерхөг сугсалзсан шаргал тал халиурна. Тэнгэрийн баруун хаяа хярхаглаад, салхины үзүүр жихүүн байлаа. Үдээс хойш тэнгэр хуйсганаад, яах ийхийн завгүй салхи ширүүсэн шамарга бударснаа бөөн бөөн цасаар шидэлж эхлэв. Дэндэв шамдан хонио эргүүлэн туусан боловч салхины хүч исгэрэн эрчилж, хээр талд морин шуурга оволзоод ирэв. Тамир муутай, хаврын хонь уруудан хошуураад дийлдэх аргагүй. Баруун тийш жишүүлж чадвал Жимгэрийн хонхор бий гэж бодовч олон хонины дайралтыг яахан зогсоох билээ. Нар үзэгдэхээ байж, тэнгэр тэр аяараа харанхуйлаад авав. Өвгөний тэмээ бурантгаа дугтчин туйвран даялаад, хажуугаар нь уруудсан хонь үерийн ус шиг түрэн орж ирлээ. Цаламдан эрчлэх нүцгэн талын шуурга өвгөний дууг хаман авч, өөрт нь ч үл дуулдана. Арга тасарсан Дэндэв хониныхоо урд гарах гэж тэмээгээ хүчтэй гуядтал нэгдлээс унаа болгож өгсөн бор ат угаас хөл муутайг хэлэх үү, харанхуйд сүх хунгар руу шургачин ойчив. Дэндэвийн толгой доор таарсан том хадны бяцхан ховил дагаж бүлээн цус царцан хөлдсөөр байлаа. Хээр талд гагцхүү улин исгэрэх шуурга ноёлно. Энэ явдлаас хойш хорин хэдэн жил урсан өнгөрчээ. Өвгөнөө нутаглуулсан хөөрхий Буянт гуай хүүхдүүдээ дагаад хот хүрээнд суусан ажгуу.
Буянт эмээгийн ярьсан энэ түүхийг нь сонсоод надад нэг их гуниг, бас баяр төрж билээ. Гуниг юун гэвээс намайг дунд сургуульд сурч байх жараад оны үед манай нутагт нэг иймэрхүү явдал болсон юм. Мөн л нэгдлийн малд дарагдсан хоёр хөгшин сумын урд хэдэн толгод бараадан нутагладаг байсан. Зуны амралтаараа хааяа би адуунд явангаа давхиад очих. Яг л Буянт эмээ шиг унд цай болсон сайхан хөгшин. Нэрийг нь Буут гэх. Хачин нэртэй эмээ шүү гэж хааяа би бодоод инээд хүрнэ. Манай говийнхны голдуу хийдэг ухаа хонгор борцтой, будаатай цайгаар дайлна. Таваг дүүрэн тос нэвчсэн бор ааруул, улаан шаргал ээзгий тавих. Өвгөний нэрийг Жамбаа гэнэ. Уран гэдэг гайхалтай. Морины хусуураас аваад шатар, элдэв амьтны дүрсийг орон гаран, босон суун сийлчихнэ. Түүнээсээ хүүхдэд өгөх дуртай. Хонинд явахдаа сийлбэрээ хийнэ. Хөөрхөс минь насны наран хэвийчихсэн хүмүүс байж билээ. Тэр нэг сүрхий шуурганаар Дэндэв өвгөн шиг эндсэн юм гэдэг, Жамбаа гуай. Хонио дагасаар яваад гэрийнхээ хойхно ирээд унасан байсан юм гэнэ лээ. Тоо толгой нь хэтэрсэн нэгдлийн олон малаар дарж байсан тэр цагийг бодохлоор бурхны оронд явчихсан муу ээж, аав хоёроо би үе үе бас өрөвддөг юмаа.
Баяр юун гэвээс, Буянт эмээ бол амьдралын төлөө ухаанаараа зүтгэж ялж гараад одоо ийм өндөр наслан үр ачийнхөө алган дээр жаргаж яваагийнх юмаа. Эмээ намайг явахад: “Хүүдээ баахан базаахгүй юм ярьчихваа даа. Гэхдээ гэмгүй. Хүн зовлон даадаг юм. Би хэдэн дүүтэйгээ хатуу дөрөө дамжсан хүн. Одоо ч хүүхдүүддээ өнгөрсөн улирснаа хааяа ярина шүү дээ. Мэдэж, бодож явцгааг. Миний нүд, чих, хөл сайн байгаа чинь ажил их хийж явсных. Хүн ер нь унтаад, идээд байвал ямар олиг байхав. Бие хүүршиж, ухаан муудна. Хууччуулын үгэнд их юм бий. Хүүгээ яриагаар уячихлаа байна. Наадахаасаа идэж уу. Ирж байгаарай. Очирзав маань их ажилтай, оройхон ирнэ гэсэн. Утас шөрмөсөөр ярьж байгаад миний хүү дараа ирэхгүй юу. Би чинь чамтай нийлээд таван хүүхэдтэй хүн юм шүү дээ” гэлээ. Нээрээ би энэ эмээгийн хуурай хүү мөөн. Нас буянаа хайрласан ийм сайхан хүнийг бидэнд бурхан заяадаг буй заа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )