Монголын сайхан орон: Хан Хэнтий

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 04

Ийм нэртэй шинэ булан танд бямба гараг бүрт хүрч байх болно. Монгол нутгийнхаа хамгийн үзэсгэлэнт байгалийн зураглал, газар зүйн тогтоц байрлал, үзэж гэмээ нь хүний сэтгэл сэргэж, нас уртсам гоо жавхлан, гоёмсог дүр төрхийг энэ бичлэгээс та унших болно. Эх орноо танин мэдэх, хайрлан бахархах, хамгаалан дээдлэхэд танд болон үр хүүхдэд чинь тус нэмэр болно хэмээн итгэж байжээ.

Хөвсгөл далайн номин цэнхэр мандал, Алтай ханы сүмбэр цагаан оргил, Найман нуурын торгон хаялга, Галбын говийн шаргал манхан, Сэлэнгэ мөрний уран давалгаа, Хоргын тогооны үлгэрийн юм шиг гоо үзэмж зэрэг Монгол сайхан орныхоо яруу тансаг байгалиар та аялъя гэвэл манай энэ нүүрэнд зочлоорой.

 

Хан Хэнтий 

Хан Хэнтийн унаган хүү төрийн шагналт, яруу найрагч Н.Нямдорж "Онон" хэмээх шүлэгтээ:

Ариухан Онон миний л гол 

Алдхан биений минь амин гол 

Уртхан Онон миний л гол 

Уг биений минь улаан гол гэж шүлэглэснийг бидний үеийнхэн сайн мэддэг. Тэр жил Онон голын хөвөөнд хэдэн нөхдийн хамт очиход Хан Хэнтийн домогт их мөрөн долгисоо түрэн мэлтэлзээд, Хэнтийн сүрлэг уулс намжааран униартаад, үлгэр домгийн үзэсгэлэнгээрээ дуун алдуулж билээ.


Хэнтийн нурууны олон голын эх ундарга болсон, битүү хөвч тайгаар хучигдмал чухам л диваажингийн орон билээ. Араас нь Онон, Ерөө, Минж, Хүдэр, Цахир, Шороот, Ест, Гурван Жаргалант, өврөөс нь Барх, Эг, Хурх, Туул, Хэрлэн, Хараа, Заан, Тэрэлж зэрэг голууд урсдагаараа эндхийн байгаль, ус ургамал, ан гөрөө үнэхээр баялаг агаад сонирхолтой. Хэнтийн зүүн хойноос баруун урагш чиглэн тогтсон бөгөөд баруун хагасыг нь Бага Хэнтий, зүүн хагасыг нь Их Хэнтий гэдэг. Ноён оргил нь Асралт хайрхан 2800 метр өндөр, зуны цагт зарим үед цалин цагаан тэргүүнтэй дүнхийн цайрч харагдана. Хар мод, нарс, гацуур, хус, улиас, хуш, улиангар гээд олон төрлийн мод холилдон ургасан тэр онгон дагшин газар үнэг, чоно, баавгай, зээх, гахай, хандгай, бор гөрөөс, булга, шилүүс, хэрэм, жирх зэрэг ан гөрөөс, хур, сойр, ятуу, хөтүү зэрэг жигүүртэн элбэг. Чухам л анчин хүний ганзага мялаах ан гөрөөсөөр нэн арвин. Алт, хүрэн нүүрс, элдэв төрлийн төмөрлөг элбэгтэй. Асралт хайрханаас гадна Хөх модны сарьдаг, Охид-хүүхэд, Чулуун хүрээ, Гунын сарьдаг, Алтан өлгийн сарьдаг, Навтан сарьдаг мэтийн 2000 метрээс дээш өндөртэй зүг бүрт хөхрөн униартсан сүрлэг уулс олон. Чухамдаа эзэн Чингис маань багадаа Бурхан Халдун ууланд тайчуудаас зугтан бүгж байсны учир ойлгомжтой бус уу.


Туул голын хойд биеэр Өтөг- эрүүгийн хад оршино. Үүнийг бас Горхийн хад ч гэх. Давтагдашгүй үзэмжтэй энэ хавийн хад чулуу нь элдэв янзын дүр төрхөөрөө хол ойрын зочин гийчдийн харааг булаана. Тэгээд ч Тэрэлжийн амралтыг энд байгуулсан хэрэг. Түүх шашдираас сөхвөл дундад  эртний   үед   тархай   бутархай   овог   аймгийг нэгтгэх аян дайны үед Монголын хаад ноёдын хатад, охид хүүхдийг олохуйяа бэрх өвч газар далдлан бүгүүлж, нууж хааж байсан гэдэг. Түүнээс улбаалан Охид-хүүхэд, Чулуун хүрээ зэрэг нэртэй газрууд бий болсон түүхтэй. Бүр хожим Галдан бошигтын дайны үөд Өндөр гэгээн Занабазар тэргүүтнүүд үр хүүхэдтэйгээ Охид-хүүхдэд нуугдаж байжээ.

Ардын уран зохиолч Хан Хэнтийн унаган хүү С.Эрдэнийн тууж, өгүүллэгт гардаг Бэрээвэн хийдийн туурь Дэлгэрхааны зүүн урд энгэр, Баян Бараатын ар дор оршдог юм билээ. Хангал, Энх зэрэг нуурууд, Онон гол цутгадаг Барх, Хэрлэнд нийлдэг Тэнүүн голууд бии. Одоо цагт Ононгийн халуун рашаан гэхэд олон хүмүүс мэддэг, зорьдог болжээ. Мөн Баян, Ар, Өвөр Элгэн нэртэй олон рашаан нь анагаах, эдгээх чанартай ажгуу. Туул голын умар этгээдэд орших Өтөг Эрүү, Гурван-Баяны байгаль ньТэрэлжээс дутахааргүй гойд үзэмжтэй тул хол ойрын хүмүүсийн сонирхлыг татан,  нүд хужирласаар байдаг болой. Харийн нэг хүн: "Энэ уулыг яг хэвээр нь зөөгөөд музөй болгочих юмсан" гэж хэлж байсан  гэдэг.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top