Энэ ертөнцөд хүмүүсээс илүү сонирхолтой юм үгүй билээ гэж аугаа их В.Гумбольдт нэгэнтээ хэлжээ. Энэтхэгийн өмнөд хэсэгт Шакунатала Деви гэгч хүү төржээ. Тэрээр таван настайдаа математикийн нарийн төвөгтэй тооцоог цээжээрээ хийж, бусдын гайхлыг төрүүлж эхэлжээ. Түүний ер бусын их чадварын тухай яриа газар авахад Жавхарлал Неру хүүг хүлээн авч уулзсан гэдэг. Тав, зургаа, долоон зэргээс язгуур гаргаж, электрон тооцооны машинтай уралддаг болов. Сиднейн их сургууль дээр Деви тооцоолон боддог хэд хэдэн машинаас түрүүллээ. Австралийн нэрт математикч Н.Торнтон, "Айдас төрмөөр үзмэр юмаа. Хүний тархи ийм чадвартай хэмээн би зүүдлээгүй" гэж дуу алдсан аж. Энэтхэгийн банкнууд хэдэн арван тэрбумаар тоологдох балансаа шалгахад нь тусалж, олон эдийн засагчид, статистикуудын олон өдрийн ажлыг хөнгөвчилж өгчээ.
Хэдэн жилийн өмнө "Московская правда" сонинд дээд сургуулийн залуу багш И.Шелушковын сонирхолтой сурвалжлага нийтлэгдсэн билээ. Тэрээр шүлэг, найраглалыг цээжээр уншиж, тэр хэсгийнхээ дотор хичнээн үсэг, үе байгааг, энэхүү хэсэг дэх 103 дахь үсэг ямар үсэг болохыг цээжээр хэлж байв. Мөн 256, 7813456231812344284482 69421348 гэдэг тооны 68 дахь язгуурыг гаргаж шалгагч хүмүүсийнхээ гайхлыг төрүүлж байжээ. Арраго профессор Рузский гэгчээс 460768786891-ээс квадрат язгуур гаргаач гэжээ. Иймэрхүү бодлогод нэг минут хүрэхгүй шахам хугацаа зарцуулдаг атал хөлс нь гоожиж, хичээсэн ч язгуур гаргаж чадсангүй. Эцэстээ өөрийн зөвдөө итгэн профессорт ундууцсан байдлаар "Профессор та эндүүрчээ. Сүүлчийн 891 гэсэн нь 861 байх ёстой, тэгвэл үлдэгдэлгүйгээр язгуур гарна гэхэд профессор инээмсэглэн "Таны зөв өө! Таны ажлыг хүндрүүлэхээр би зориудаар 891 гэж хэлсэн" хэмээжээ. Энэ бол аугаа их ухаан юмаа. Ер бусын хурднаар зөв тооцоолдгийн учир юунд байна вэ? Онцгой авьяас билэг заяагаа юу? Тархины ер бусын ажиллагааны илрэл үү? Эсвэл хэвийн бус психикийн шинж үү? Энэ асуудлын аль нь зөв бэ? Эрдэмтэд янз бүрээр хариу өгсөөр иржээ. Эрдэмтэд ой тогтоолтыг судлаад огцом зуур түргэн тогтоодог, удаан хугацааны бат тогтвортой хоёр хэлбэр байгааг онцлон авч үздэг байна. 7-9 үе үсэг буюу тоог хэлэхэд хүн түүнийг алдаагүй хэлж чадна. 12 үеийг давтан хэлэхийн тулд түүнийг 17 удаа хэлэх, 24 үеийг тогтоохын тулд 40 гаруй удаа давтах хэрэгтэй болдог. Хэвийн хүний хувьд ийм байна. Тэгвэл арай "өөр" хүний хувьд ямар вэ? Энд "өөр" хүн гэдэгт ер бусын ой тоггоолттой хүнийг хэлж байгаа юм. Оросын алдарт хөгжмийн зохиолч Рахманинов хөгжмийн гойд ой тогтоолттой байжээ. Нэрт жуулчин П.М.Пржевальский, германы математикч Л.Эйлер нар мөн онцгой ойтой байсан гэдэг. 1964 онд Америкийн сэтгэл мэдрэлийн эмч нарын хурал дээр доктор Харвиц ихэр хоёрыг ажигласан ажиглалтаа ярьжээ. Тэр хоёр нь хормын хугацаанд жишээлэхэд, 1610 оны 8-р сарын 25-нд ямар гараг байсан бэ гэх юмуу, эсвэл 2990 оны 11 сарын 7-нд ямар гараг байх вэ гэдэгт яг онож хариулдаг ховорхон авьяастан байв. Испанийн нэг лам 300 ба түүнээс дээш оронтой логарифмыг цээжээрээ хоромхон хугацаанд боддог гэнэ. Тэрээр ганцхан удаа уншаад л хөгжмийн хамгийн нарийн, хүнд нэгтгэсэн аялгууг давтаж чаддаг байна. Иймэрхүү гоц авьяас ямар ч шалтгаангүй байхад алга болсон тохиолдол бас бий. Яагаад гэдэг учрыг нарийн олоогүй байна. Тархийг хэт их мэдээллээс хамгаалдаг тусгай хамгаалалтын механизм байдаг байж болох юм. Өвчин юмуу, өөр ямар нэг шалтгаанаар ой тогтоолт өөрчлөгдөх, сулрах явдал ч байж болно гэж үзэж байна. Маш олон хэлийг богино хугацаанд сайн сурсан хэлний их авьяастнууд бишгүйдээ байдаг. Тэдний зарим нь хэлийг бурхны таалсан тэр тоогоор сурч болно гэж хариулсан байдаг.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )