Зураачдын бүтээлээс “Уулсын өнгө”-ийг тольдоорой

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 07

Уран байгальд хүний сэтгэлийг гайхшируулах өнгө будаг бүгд цогцолсон байдаг. Уулсын өнгө, горхины хоржигноо, шувуудын ганганаа, моддын найгах, түүнээс үүсэх ер бусын чимээ, морьдын төвөргөөн гээд цөмийг нь нэг дор төсөөлөөд үзвэл хамгийн гайхалтай уран зураг нүдний өмнө үзэгдэх мэт...

Яг ийм мэдрэмжийг төрүүлэх нэгэн үзэсгэлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд түр саатан зураг нэг бүрийг анхааралтай ажиглаваас яг л онгон, зэрлэг байгальд очсон мэт бодит мэдрэмжийг авч байв.Тус үзэсгэлэнгийн нэр нь “Уулсын өнгө”. Үзэсгэлэнд оролцож буй зураач бүр өөр өөрийн онцлог, арга барилтай нь зургуудаас илт харагдана. Гэсэн хэдий ч тэдний харандаа,бийр“байгаль” сэдвийн дор нэгджээ.

Хүн төрөлхтөн байгаль дэлхийтэй ямагт хүйн холбоотой. Тиймээс хүн бүхэн байгалийг өөрсдийнхөөрөө мэдэрдэг биз ээ.Тиймээс та ч мөн адил “Уулсын өнгө” үзэсгэлэнг
үзвэл зөвхөн өөрийн байгалийн мэдрэмжийг олж авна гэдэгт итгэлтэй байна.

ОХУ-аас Орос, Монгол, Шинжан уйгарын 70 гаруй  уран бүтээлчдийн хамтарсан судалбар зургийн аялалыг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан ба үүнд оролцсон монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн бол “Уулсын өнгө” юм. Тус үзэсгэлэн Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддорж, УГЗ С.Дагвадорж, МУЭ гишүүн ахмад зураач Н.Оросоо, МУЭ нэрэмжит шагналт зураач, СТА Г.Лхагвасүрэн, Х.Пүрэвжав, Я.Бат-Ирээдүй, Б.Очирхуяг, Р.Баярмөнх, П.Ганбат, П.Одон, СТА Г.Ариунболд, Х.Дастан, Ж.Ризабек, Б.Хайрат, К.Ёлка гэх зэрэг уран бүтээлчдийн 60 гаруй судалбар зургаас бүрджээ.

Зураач П.Ганбат “Миний долоон судалбар зураг энэхүү үзэсгэлэнд тавигдсан. Усан будгийн хоёр, тосон будгийн таван бүтээл байгаа. Бид судалбар зураг гэсэн гол чиглэлийг барьж үзэсгэлэнгээ хийж байна. Судалбар зураг гэдэг нь тухайн үеийн байгалийн үзэсгэлэнг зураачийн нүд, бийрны үзүүрээр яг тэр мөчид буулгахыг хэлж байгаа юм. Бид энэхүү үзэсгэлэнд тавигдсан зургаар ОХУ-ын Горны Алтайн үзэсгэлэнт байгалийг харуулахыг хичээсэн. Эрт үед  монголын нутаг байсан Горны Алтайнбайгалийг одоо цагт Монголын талаас харах боломжгүй байдаг учраас чанх ардаас нь харах боломжийг олгон судалбар зургаараа дамжуулан ард түмэндээ хүргэж байна” гэв.

“Уулсын өнгө” үзэсгэлэнд хамгийн холоос 1600 км замыг туулан ирсэн уран бүтээлч бол Баян-Өлгий аймгийн Х.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын Театрын ерөнхий зураач, МУСТА Х.Дастан байв. Тэрбээр “Манай  “Их Алтай” групп өмнө нь Алтайн уулсын тухай “Их Алтайн дуулал 1,2” гэсэн цуврал үзэсгэлэн гаргасан. Харин энэ удаа “Уулсын өнгө” нэртэй гурав дахь үзэсгэлэнгээ амжилттай зохион байгуулж байна.Би Баян-Өлгий аймгаас шавьтайгаа ирсэн. Манай шавь мэргэжлийн зураач биш боловч өөрийн чөлөөт бүтээлийг энэхүү үзэсгэлэнд гаргаж байгаагаараа онцлог юм. Нэмж хэлэхэд аравдугаар сард Бүргэдийн баяраар зураач П.Одон, Г.Ариунболд, Х.Дастан, К.Ёлка нарийн бүтээл Баян-Өлгий аймагт 4 дэхь удаагийн үзэсгэлэнгээ нээх төлөвлөгөөтэй байна.” гэлээ. 

"Уулсын өнгө" үзэсгэлэн долоодугаар сарын 14-нийг хүртэл Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд гарна.

 

Н.Халиун

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top