"Помпейн сүүлчийн шөнө" гэдэг киног хүмүүс андахгүй болжээ.
Ганцхан шөнийн дотор орчлонгоос сураг тасарсан аймшигт явдал, хэдэн зууны тэртээх Помпей хотын талаар таамаглаад ч байх юм байхгүй, нэгэнт тодорхой болжээ. Хөгжин цэцэглэж асан эртний тэр хотыг газрын хөрснөөс хоромхон хугацаанд арчиж хаясан эмгэнэлт түүхийн явдлын эзэн нь галт уулын дэлбэрэлт байсан гэдэг. Нэгэн индиан эрд эхлээд энэ явдал ажиглагдсан байна. Мексикийн тэр эр ойд ажиллаж байхад нь хөл доороос нь газар иврэн цөмөрч яахын ч зуургүй ивэрхий үүсэн утаа суунаглаад хүхэр үнэртэв. Мексик эр мориндоо шаламгайлан мордоод гэр өөдөө давхиж хүрэхэд тэр хавьд нь хэд хэдэн ан цав, ангал цоорхой бий болсон байлаа. Тосгон даяараа бөөн бужигнаан сандраанд автах нь тэр. Гуравхан хоног болоход 60-аад метрийн гүн өрх үүссэнээ ганц сарын дараа хүчтэй дэлбэрэлт болж мөнөөх өрхөөр өдий төдий тонн чулуу олгойдон цацагдаад галт уул орчныг тургиж чандруу нь хагас мянган км-ийи тэртээд унах болов. Чандрууны зузаан нь 150 метрт хүрч байж. Галт уулын халуун хайлмаг Сан хуан гэдэг тосгоныг бүрмөсөн аван одов. Бараг арваад жил болж байж мөнөөх галт уул амьсгалахаа зогссон байна. Дахин нэг түүх өгүүлье. Исландын Хеймаэй гэдэг арлыг иймэрхүү аюул 1973 оны нэгдүгээр сард дайрсан удаатай. Тэр жижгэвтэр арлыг хоёр км орчим ангал тэхий дундуур нь хувааж, тэр ангалаар галт халуун хайлмаг урсан олгойдов.
Хайлмаг болон чандруу хэдэн арван тонноор асгаран бүхнийг галдан шатааж, ус буцлан түүнд чанагдаж болсон загас хөвж байсан гэдэг. Арлынхныг нүүлгэсэн боловч тэнд байсан гудамж, байшин барилга бараг сөнөсөн нь тодорхой. Хот хагас жилийн турш нар үзсэнгүй, хар чандруун хөшиг зургаан сарын турш харанхуйлан дарж байжээ. Халуун хайлмагт ихэнх байшин нь шатаж сүйрчээ. Заримдаа газар доороос шинээр галт уул гарч ирэх явдал ч байдаг аж. Тэгшхэн тал гэнэт овойж гүдийн том ан цав үүссэнээ чулуу чандруу, хайлмагаар тургин бялхсаар удалгүй галт уул цухуйдаг нь сонин Мексикийн Харулла гэдэг шинэ галт уул ийм маягаар мэндэлсэн удаатай. Эдүгээ хамгийн олон газар хөдөлдөг, галт уул олонтой нутаг бол Япон юм байна. Японд сөнөөгүй галт уул 60 гаруй байдаг гэнэ. Ингээд бодохлоор хөөрхий энэ орон гал дээр сууж байна уу гэлтэй. Гэвч эрдэмтэд судлаачид галт уулын араншинг сайн мэддэг болжээ. Хэдийд дэлбэрэхийг нь сайтар мэдээтэхвэл арга нь олддог биз. Тэр ч бүү хэл, галт уулын "буянаар" оргилж уугиж буй тэр их халууныг нь ашиглан, дулааны цахилгаан станц хүртэл барьж байгуулан, галт уул орчмын их эрчим хүчийг өөртөө "завшиж” байгаагаас үзвэл хүн төрөлхтний хөгжил тун ч өндөр болсныг гэрчилж байна. Энэ талаар АНУ, Мексик, Исланд, Япон зэрэг улсууд толгой цохиж, газрын гүний халуун, галт уулын нөөцөөр тоглож байдаг аж. Манай орны хувьд энэ талаар ярих ч шаардлагагүй нь тодорхой. Хоргын тогоо нүдээ аньсан. Дорнод болон Сүхбаатар аймгийн нутаг дахь галт уулууд нилээд эрт амьсгал хураасан гэх зэргээр Монгол дахь галт уулс сөнөсөн хэмээх алдрыг хүртээд хүмүүсийн үздэг сонирхдог үзмэр болон нам гүмхэн нойрсон авай.
Zindaа.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )