Ес дэх удаагийн “Торгоны зам” ралли ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхэллээ. Уралдаанд оролцогчид арван өдрийн турш нийт таван мянган км зам туулна.
“Торгоны зам” анх 2009 онд ОХУ-ын Казань хотоос гарагаа эхэлж байсан бөгөөд тухайн үед найман өдрийн турш ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын газар нутгийг дамнан болсон юм. Дараагийн дөрвөн жилд ралли зөвхөн ОХУ-ын газар нутаг дээр болов. 2014 болон 2015 онуудад “Торгоны зам” завсарласны дараа 2016 онд тус уралдаан илүү олон оролцогчтой дахин сэргэсэн билээ. Өмнөх раллид 20 орчим улсын оролцогчид гараанаас гардаг байсан бол тэр жил 41 орны тамирчид ОХУ, Казахстан, БНХАУ-ын газар нутгаар уралдав. Мөн жил бас нэг дээд амжилт тогтоосон нь уралдааны зам 10 мянган км үргэлжилсэн нь дэлхийн бүслүүрийн нийт уртын дөрөвний нэгтэй тэнцэж байсан юм.
Ес дэх удаагийн ралли мөн л онцлог болж байна. Энэ удаад тамирчдад Сибирь болон Монгол Улсын үзэсгэлэнт байгалийг үзэж, тайгаар аялах боломжийг олгож байгаа гэнэ. Уралдааны эхний хоёр өдөр тамирчид ОХУ-ын газар нутгаар явж, Монгол Улсын газар нутгаар дамжин Хятад орох юм. Анх удаа ралли-рейд үзэсгэлэнт Байгаль нуурын дэргэд болно. Энэ нутгийн зам нэлээд бартаатай учир тамирчдыг сорих сонирхолтой бүс нутаг юм гэж зохион байгуулагчид ярьжээ.
Энэ жил ой мод, тайга, Эрхүү, Буриад улсын уулархаг бүс, Монголын тал нутаг, Говь болон Хятадын элсэн манхан зэрэг олон төрлийн байгаль, өвөрмөц төрхийг харах боломж бүрдсэн. Өмнөх жилүүдэд цаг агаарын байдал раллигийн чиглэлд өөрчлөлт багагүй оруулсан. Энэ жил ч цаг агаар уралдаанд оролцогчдод багагүй гэнэтийн бэлэг бэлдсэн бололтой.
“Торгоны зам” гараанаасаа гараагүй байхад буюу зургаадугаар сарын сүүлээр Эрхүү мужид их хэмжээний үеэр болж, тус мужийн 100 тосгон, суурин газар усанд автсан. Үүний улмаас 21 хүн амиа алдаж, 300 хүн гэмтэж, бэртсэн билээ. Байгалийн гамшгийн улмаас “Сибирь” нэртэй холбооны зам хаагдсан юм. Эрхүү мужид үүссэн нөхцөл байдал “Торгоны зам” уралдааны гарааг баллах шахаж, олон хүнийг нойргүй хонуулсан. Уралдаанд оролцогчид байгалийн гамшгаас хохирсон Эрхүү мужийн оршин суугчдад туслах аян өрнүүлэхээр төлөвлөж байгаа гэж зохион байгуулагчид мэдэгдэв. “Сибирь” Р-255 холбооны зам хаагдсан нь уралдааны гарааг тасалдуулах эрсдэл учруулж болзошгүй байлаа. Гэхдээ сүүлийн мөчид замыг нээж, уралдаан гараанаасаа амжилттай гарсан юм.
“Торгоны зам”-ын оролцогчдын цуваа зургаадугаар сарын 21-ний өдөр Парис хотоос гарч, Европоор дамжин, Оросын бүс нутгуудыг дайран, Эрхүүд ирсэн. Зам хаалттай байсан тул гарааг хойшлуулах, бүр цуцлах нөхцөл байдал үүсээд байсан. ОХУ-ын онцгой байдлын яам болон Эрхүү мужийн засгийн газар шуурхай арга хэмжээ авч, замыг нээсэн гэж зохион байгуулагчид онцлов. “Торгоны зам” уралдаанд анхнаасаа ачааны тэрэг, бартаат замын автомашин оролцож иржээ. Оролцогчдын чансаа, чадварыг шалгасан мотоциклын уралдаан хамгийн сэтгэл хөдөлгөж, уулга алдуулсан тэмцээнүүдийн нэг. Тиймээс энэ жилээс эхлэн раллид мотоциклын төрлийн нэмж оруулсан байна. Ингэснээр оролцогчдын тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Үүнээс гадна, хяналтын систем өргөжиж, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх цэгүүдийн тоо нэмэгдэж, энэ төрлийн уралдааныг зохион байгуулах нэгжийг байгуулж, зохион байгуулагчдын хариуцлагыг нэмэгдүүлжээ.
“Торгоны зам”-д дэмжлэг үзүүлэх үүднээс Олон улсын мотоциклын холбоо /FIM/ 2019 оны нэгдүгээр сард тус уралдааныг кросс-кантри төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарьт оруулсан байна.
Кросс-кантри төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн урт замыг туулах энэхүү арга хэмжээг Олон улсын мотоциклын холбооны ажиглагчид ирж ажиглаж байна.
“Торгоны зам” раллигийн анхны мотоциклын уралдаанд 24 тамирчин оролцож байна. Ачааны тэрэгний ангилалд 16 баг өрсөлдөж байгаа бол бартаат замын автомашины төрөлд 54 баг тамирчид уралдаж байна.
“Торгоны зам” ралли энэ сарын 16-ны өдөр БНХАУ-ын Дуньхуан хотод барианд орно. Есөн үе шаттай тус уралдаанд тамирчид нийт таван мянган км зам туулах юм.
Сэтгэгдэл ( 0 )