ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд есөн дүүргийн 234 цэцэрлэгт 18 мянга гаруй хүүхэд шинээр элсэнэ. Үүнээс 11 мянга гаруй нь 2017 онд төрсөн хоёр настай хүүхэд байх юм. Цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем  www.tsetserleg.ulaanbaatar.mn долоодугаар сарын 22-ны 09:00 цагт нээгдэнэ. Эцэг, эхчүүд системд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад албан ёсны хаяг, харьяалагдах цэцэрлэгийн мэдээлэл зэрэг харагдана. Хоёр настнуудыг бүх цэцэрлэг бүртгэх бол 3-5 настай хүүхдийг харьяа цэцэрлэгт нь хяналтын тоо бий эсэхээс хамаарч бүртгэх юм.

Энэ талаар БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Дуламжаваас тодрууллаа.


-Цахимаар хүүхдийнхээ бүртгэлийг хийх боломжгүй байгаа хүмүүс яах вэ?

-Хэрэв интернэт орчинд ажиллах боломжгүй тохиолдолд долоодугаар сарын 25-наас тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-ноос хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой. Энэхүү үйл ажиллагаа наймдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

-Нийслэлийн хэмжээнд хэдэн цэцэрлэгт хүүхдүүдийг бүртгэж байгаа вэ?

-Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх бүртгэл уламжлалт аргаар явагдана. Харин Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэг цахим хэлбэрээр бүртгэнэ.

-Эцэг, эхчүүд хүүхдээ цахимаар бүртгүүлэхдээ юуг анхаарах вэ?

-2017 онд төрсөн хоёр настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид   www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товч дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ. Ингээд хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна. Таны гар утсанд бүртгэлийн зургаан оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж,  бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ. Бүртгэлийн зургаан оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хадгалахыг анхаарах хэрэгтэй.

-Цахим бүртгэлийн үед хүүхдийн нэр хаяг өөрчлөлттэй гаргах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед хаягаа тодорхой болгож байгаад цахим бүртгэлд хамрагдах боломжтой юу?

-Бүртгэл  www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдах бөгөөд уг системд 2-5 настай бүх хүүхдийн дата мэдээллийг оруулсан. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулмагц гэрийн хаяг болон хамран сургах тойргийн харьяа цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ. Тиймээс иргэддээ бүртгэл хийлгэхээсээ өмнө хаягийн бүртгэлээ тодорхой болгох ёстойг анхааруулъя.

-Цахим элсэлтийн дүн яаж гарах вэ?

-“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессежээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж, бүртгэлийн дугаараа хийн, хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.

-Энэ хичээлийн жилд хэдэн цэцэрлэг ашиглалтад орох вэ?

-Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд нийт 179 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр цэцэрлэгийн 26500 орчим ор шинээр нэмэгдэнэ. Харин 2019 онд 137 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс зөвхөн нийслэлд л 78 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс 67 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар байгаа юм.

Цахим бүртгэлийн хүүхдийн тоо хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар сонгож элсүүлэх юм. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн хувьд энэ жил шинээр 70 хүүхэд элсүүлэх юм байна. Хэрэв тус цэцэрлэгт бүртгүүлж байгаа хүүхдийн тоо 70-аас хэтэрвэл санамсаргүй түүврийн аргаар 70 хүүхдийг л элсүүлнэ гэсэн үг.

Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд цахимаар баталгаажуулалт хийх шаардлагагүй болж байгаа нь энэ жилийн цахим бүртгэлийн онцлог юм. Бүртгэл наймдугаар сарын 22-ны 23:59 цагийг дуустал үргэлжилж, дараа өдрийнх нь 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утсанд хариу зурвас илгээгдэх юм. Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг, эх нь өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарын хамт авч очин эцэг, эх ба цэцэрлэг хоорондын гэрээг 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд байгуулах шаардлагатай. Түүнчлэн тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд, тус тусын цэцэрлэг дээр ажлын цагаар явагдах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.97) 2019 оны 07 сарын 22

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913

0  |  0
Top