Цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл хийгдээд сар гаруйн хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл хүүхдүүдээ хүлээж аваагүй цэцэрлэгүүд зарим дүүрэгт байгаа юм. Тэдгээр цэцэрлэгүүд нь тоног төхөөрөмжөө хүлээж байгаа, урсгал засвар дуусаагүй гэх мэт шалтгааныг хэлж байна. Үүнтэй холбоотойгоор салбар газраас тодруулсан юм.
Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Бид есдүгээр сарын 1-нээс өмнө 125 байрыг түрээсээр авч болох судалгааг хийж, багшлах боловсон хүчин, хүний нөөцийг бүрдүүлэхээс гадна, нийслэлийн худалдан авах газраас тавилга, тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 72 салбар бүлэгт, 7000 гаруй хүүхдүүдийг хамруулан суралцуулж байгаа бөгөөд одоогоор арав гаруй салбар бүлгийн урсгал засвар дуусаагүй гэх мэдээллийг өгч байгаа. Энэ засварууд аравдугаар сарын эхний 14 хоногт шийдэгдээд цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа эхлэнэ гэж тооцоолж байна.
Тоног төхөөрөмжийн хувьд 26 байр худалдан авах нормынхоо дагуу бүх зүйлээ авчихсан байгаа бол 40 гаруй байрыг үндсэн цэцэрлэг болоод дотоод нөөц бололцоог нь ашиглаж, тавилгажуулж байна. Нийслэлээс өгсөн мэдээллээр аравдугаар 14-ний өдрөөс тоног төхөөрөмж худалдан авах ажил ерөнхийдөө жигдэрнэ гэсэн байгаа. Мөн бүртгэлийн явцад зарим түрээсийн байрууд гэрээгээ цуцлах байдал бас үүсч байна. Үүнд шуурхай арга хэмжээ авч, дараагийн салбар цэцэрлэгийг яаралтай түрээслэх арга хэмжээ авч байгаа. Цаашдаа зайлшгүй шаардлагатай 20 гаруй байрлалд байх объектуудыг худалдан авч, цэцэрлэгийн зориулалттай болгох арга хэмжээ авна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )