Цэцэрлэгийн нэмэлт элсэлтээр ХИЧНЭЭН ХҮҮХЭД БҮРТГЭХ ВЭ!

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Төрийн өмчит цэцэрлэгүүдийн бага бүлэг, зарим цэцэрлэгийн дунд болон ахлах бүлэгт нэмэлт элсэлт авах бүртгэл хоёрдугаар сарын 18-ны өдөр албан ёсоор эхлэж, өчигдөр дууссан. Харин өнөөдөр /2022.02.25/ санамсаргүй түүврийн аргаар цэцэрлэг тус бүрт элсэлтийн арга хэмжээ явагдах бөгөөд тус үйл ажиллагаанд цэцэрлэгүүдэд байгуулагдсан элсэлтийн комиссын бүрэлдэхүүн хяналт тавьж ажиллах юм. Тус комисс нь багш, эцэг эх, дүүрэг, боловсролын газар гэх мэт төлөөллүүдээс бүрдсэн байх ба элсэлтийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд сайн дураараа хяналт тавих эрх нь нээлттэй байх юм байна.

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор манай сайт нийслэлийн есөн дүүргийн бүртгэл хариуцсан мэргэжилтнүүдтэй холбогдож, зарим нэгэн мэдээллийг авсан юм.


БАЯНГОЛ дүүргийн тухайд 2021 онд хийгдсэн статистик тоон мэдээгээр хоёр настай нийт 2296 хүүхэд байна. Энэ жилийн нэмэлт элсэлтээр 2-5 насны нийт 3237 хүүхдийг, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 36 цэцэрлэгтээ бүртгэх аж.

Баянгол дүүргийн хэмжээнд цэцэрлэгт элсэх ёстой гурван настай 499, дөрвөн настай 243, таван настай 199 хүүхэд байна.

Гэхдээ дүүргийн зарим цэцэрлэгүүд буюу 295, 266 дугаар цэцэрлэгүүд 3, 4, 5 настнуудыг бүртгэх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн гэнэ. Тус цэцэрлэгүүд нь хоёр настнуудыг өөрсдийн даацад тулгуурлан бүртгэх юм. Албаны эх сурвалжийн ярьснаар дүүргийн хэмжээнд таван настай хүүхдүүдийн бүртгэл харьцангуй өндөр үзүүлэлттэй байгаа ажээ.

БАГАХАНГАЙ дүүргийн хувьд цэцэрлэгт элсэх ёстой хоёр настай нийт 91 хүүхэд байгаагаас энэ жил 40-ийг нь нэмэлт элсэлт авч бүртгэхээр болсон байна. Багахангай дүүрэгт төрийн өмчийн хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг аж. Харин дүүргийн хэмжээнд гурван настай 15, таван настай 11 хүүхдийг энэ жил нэмэлтээр элсүүлэх бол дөрвөн настай хүүхдийн бүртгэл хийхгүй гэнэ.

ХАН-УУЛ дүүргийн хэмжээнд хоёр настай 6871 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой гэх статистик тоон мэдээлэл байна. Тэдгээрээс энэ жил 1100 хүүхдийг нь цэцэрлэгийн бага бүлэгт элсүүлэх боломжтой бөгөөд нэг ангид багадаа 10-аас дээш тооны хүүхэд бүртгэхээр болжээ. Харин Хан-Уул дүүргийн Өлзийт, Шувуун фабрик, Биокомбинат орчмын 5-6 Улсын цэцэрлэгт 3-5 настай хүүхдүүдийн нэмэлт элсэлтийг зохион байгуулах юм байна. Харин хотын төвийн цэцэрлэгүүдэд 3-5 настнуудын нэмэлт элсэлтийг авах боломжгүй болсон талаар албаны эх сурвалж ярилаа.

СҮХБААТАР дүүргийн хэмжээнд хоёр настай 1100 хүүхэд байдаг бөгөөд тэдгээрийн 800-г нь цэцэрлэгийн бага бүлэгт нэмэлтээр бүртгэх юм. Харин 3-5 насны 890 хүүхдийг дунд болон ахлах бүлэгт нэмэлтээр элсүүлэх ажээ. Ингэснээр Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ удаагийн элсэлтээр нийт 1990 хүүхдийг төрийн өмчийн 35 цэцэрлэгт бүртгэх юм.

НАЛАЙХ дүүрэгт хийсэн 2021 оны статистик мэдээллээр цэцэрлэгт элсэх ёстой буюу хоёр настай 667 хүүхэд байна. Эдгээрээс төрийн өмчийн 10 цэцэрлэгт, 210 хүүхдийг элсүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Харин 3-5 насны хүүхдүүдийг нэмэлт элсэлтээр оруулах боломжгүй байгаа гэнэ. Гэхдээ бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлсэн 10 хүүхдийг өмнөх элсэлтдээ шингээхээр болсон талаар эх сурвалж мэдээллэлээ.

СОНГИНОХАЙРХАН дүүргийн хувьд хамгийн олон хүн амтай дүүрэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд цэцэрлэг, сургууль ихээр баригдаж, төлөвлөлт сайжирсан учраас зарим нэг хороодыг эс тооцвол цэцэрлэгийн хамрагдалт харьцангуй өндөр байдаг аж. Энэ жилийн нэмэлт элсэлтээр хоёр настай 2592, гурван настай 762, дөрвөн настай 903, таван настай 1093 хүүхдийг тус тус бүртгэх хяналтын тоог өгсөн байна. Тус дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 60 гаруй цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өчигдөр оройны байдлаар /2022.02.24 18:00/ цахим бүртгэлд бүртгэгдсэн хүүхдүүдийн тоо урьдчилсан байдлаар гарч эхэлсэн талаар эх сурвалж мэдээллэсэн юм. Тодруулбал, Өнгөрөгч оройны байдлаар 2019 онд төрсөн хоёр настнууд 3249 бүртгэгдсэн байгаа бөгөөд энэ нь 25 хувиар илүүдсэн тоон үзүүлэлт аж. Харин бусад насны бүртгэлийн хувьд дүүргийн хэмжээнд тогтоосон хяналтын тооноос хэтрээгүй хэдий ч хороо тус бүрээр нь салгавал зарим нэг хороодод заасан тооноос хэтэрсэн байгаа юм. Нарийвчилсан бүртгэлийн мэдээллийг өнөөдөр /2022.02.25/ албан ёсоор зарлах ажээ.

ЧИНГЭЛТЭЙ дүүргийн хэмжээнд 2019 онд төрсөн 1550 орчим, гурван настай 234, дөрвөн настай 64, таван настай 65 хүүхдийг тус тус бүртгэх хяналтын тоог мэдүүлсэн байна. Чингэлтэй дүүрэгт төрийн өмчийн 39 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдагаас одоогоор 36 цэцэрлэг ажтллаж байгаа бөгөөд тэдгээрт хүүхдүүдээ элсүүлэх юм. 

Цахим элсэлтийн хүрээнд хяналтын тооноос давсан хэд хэдэн цэцэрлэг байгаа бөгөөд хяналтын тоондоо хүрээгүй ч цэцэрлэгүүд байгаа талаар эх сурвалж ярилаа. Хяналтын тоондоо хүрээгүй цэцэрлэгүүд нь шинээр баригдсан, үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй гурван газар байгаа ажээ. 

БАЯНЗҮРХ, БАГАНУУР дүүргийн талаарх мэдээллийг бид эргэн тодруулж хүргэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top