Цэцэрлэгийн бага бүлэгт элсэх ёстой 35 мянган хүүхэд бий

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Өнөөдөр цэцэрлэгийн бага бүлгийн элсэлт цахимаар албан ёсоор эхэлж байна. Энэ жилийн хувьд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг цэцэрлэгийн бага бүлэгт бүртгэх юм. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор зарим цэцэрлэгүүд болоод харьяа байгууллагууд ямар зохицуулалт хийж байгааг тодрууллаа.

Нийслэлийн Боловсролын газрын ажилтан Б.Мөнхзаяа цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор “Нийслэлийн хэмжээнд хоёр настай нийт 35 мянга гаруй хүүхэд байдаг гэх судалгаа гарсан. Гэхдээ хичээлийн шинэ жилийн эхэнд хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгэх эсэх асуудлыг цэцэрлэгийн удирдлагуудад урьдчилан мэдээллэх ёстой боловч энэ жилийн онцгой нөхцөлтэй холбоотойгоор гэнэтийн шийдвэр гаргаад байна. Тиймээс энэ жилийн хувьд 4 бүлэгтэй цэцэрлэг хоёр настай хүүхдийн нэг бүлэг авах, 10 бүлэгтэй цэцэрлэг хоёр бүлэгт элсэлт авах журам, чиглэл өгсөн байгаа” гэж ярьсан юм.

Л.НЯМСҮРЭН: БАГА БҮЛГИЙН НЭГ Л АНГИД ЭЛСЭЛТ АВНА

Харин Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 218 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Нямсүрэнтэй холбогдож тодруулахад218 дугаар цэцэрлэг нь Хан-Уул дүүргийн 15, 18, 19 дүгээр хороодын дунд байрладаг ганц цэцэрлэг. Тиймээс ачаалал ихтэй, анги танхимын хүрэлцээ муу байдаг. Энэ жилийн хувьд нас тус бүрт гурван ангитай хичээллэж байна. Цар тахалтай холбоотойгоор нэг ангийн дүүргэлтийг 25 хүүхдээс ихгүй байхаар журамлаж байсан. Харин одоо өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцласантай холбоотойгоор 25 хүүхэдтэй байсан хоёр ангиа нийлүүлээд нэг анги гаргаж, тэндээ 24 сурагч хүлээн авна. Энгийн үед манай нэг ангид 65-68 хүүхэд суралцдаг. 2019 онд төрсөн хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэх эсэх шийдвэрийг хичээлийн шинэ жилийн эхэнд бидэнд дуулгаж, мэдэгдээгүй учраас нэг бүлэгт л элсэлт авахаас өөр аргагүйд хүрээд байна” гэж ярилаа.

Дашрамд дурдахад, тус цэцэрлэгт хамрагдан суралцах ёстой гурван хорооны 881 хоёр настай хүүхэд бий гэх судалгаа гарчээ.

С.ОЮУНЧИМЭГ: БАГА БҮЛЭГТЭЭ 25-30 ХҮҮХЭД БҮРТГЭНЭ

Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт орших 74 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунчимэгээс тодруулахадЭнэ жил манай цэцэрлэг 2019 онд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх нэг бүлэг гаргасан. Энэ ангидаа 25-30 хүүхэд бүртгэх боломжтой” гэлээ.

Тодруулахад, бага бүлгийн бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликейшнээр зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл бүртгэх юм.

Цахим элсэлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очих юм. Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой ажээ.

Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top