Цэцэрлэгийн бүртгэл энэ жилээс анх удаа гурван үе шаттайгаар, цахимаар зохион байгуулагдаж байна. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлд бүртгүүлсэн боловч хасалт хийлгэсэн хүүхдүүд болоод хамрагдаж амжаагүй хүүхдүүдийн хоёрдугаар шатны бүртгэл 26-ныг хүртэл зохион байгуулагдсан билээ. Тэгвэл энэ удаагийн цахим бүртгэлд 11038 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд хамгийн олон хүүхдүүд бүртгэгджээ.
Эдгээр ачаалал өндөртэй дүүргүүдэд хувийн цэцэрлэгүүд 7296 сул орон тоо байгаа талаар салбар яаманд мэдээлэл өгсөн байна. Үүнтэй холбоотойгоор салбар яамнаас хоёрдугаар шатны цэцэрлэгийн бүртгэлийг ихэвчлэн хувийн цэцэрлэгүүдийн сул орон тоон дээр тулгуурлан зохион байгуулж байгаа ажээ.
БШУЯ-аас өгсөн мэдээллээр 6-7 хороонд байдал онцгой хүндэрч байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 17, 18, 19 дүгээр хороонд цэцэрлэгийн бүртгэл дээр хүндрэл учирч магадгүй гэх урьдчилсан тооцооллыг хийж, тус хороонд байх хувийн цэцэрлэгүүд, түрээсийн байр, ашиглаж болох объетуудын судалгааг хийж, нийт бүртгүүлсэн хүүхдүүдээ хувиарлах нөхцөлийг бүрдүүлжээ.
Түүнчлэн Баянгол дүүргийн III хороо буюу Нарны хороолол, Алтай хотхоны хэсэгт гурван түрээсийн байр шинээр авч, өнөөдрөөс засвар шинэчлэлийн ажлыг хийж эхэлсэн байна.
Дараагийн хүндэрсэн Баянзүрх дүүргийн 16, 19 дүгээр хороодод түрээсийн байруудыг олж, засварын ажилд ороод байна. Мөн Хан-Уул дүүргийн 4-р хороонд бүртгэгдсэн хүүхдүүдийг тус дүүрэгт байх хувийн цэцэрлэгүүдэд хувиарлахаар ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )