Соёлт нийгмийн боловсон харилцаанд алхам тутамдаа “уучлаарай” гэдэг үгийг амны уншлага мэт хэрэглэдэг. Хэн нэгнийг санамсаргүй мөрлөх, хөл дээр нь яльгүй гишгэх, тэр ч бүү хэл юм асуухдаа ч “саад болсонд уучлаарай” гэж өөртөө анхаарал хандуулж байгаад асуух нь зүй. Гэвч сэтгэл ээдүүлэх үг хэлчихээд, сэвтээж харлуулж гол гогодчихоод “уучлаарай” гэдэг үгийг урдаа барьж, уучлал гуйчихсан гэдэгтээ итгэн, үл хайхрах хүний үнэргүй, сэтгэлийн гялбаагүй уучлал гуйлт магадгүй айл бүрийн хаалганы цаана, албан байгууллагын ширээний ард, анд нөхдийн тангараг дор, ариун үнэн сэтгэл дундуур ажиг ч үгүй нисэлдэнэ.
Аргагүй энэ хайхрамжгүй уучлал гуйлтын ард гомдлоо мартан, нэгнээ зөвтгөн уучилсаар, ахин дахин уучилсаар. Амьдрал үргэлжилсээр байх авч итгэл хүндлэл гэдэг завь хормойгоосоо эмтэрсээр, энэ хязгааргүй далайд нөхөж цойлдож байгаад ч болов сэлүүрдсээр.
Үгүй бол элэгдэж, цоорсоор живчих бус уу? Живэхгүйн тулд уучлах, уучлах л хэрэгтэй. Зарим нь ухаарлын гүнээсээ уучлал эрэвч уучлахад оройтсон байх нь харамсалтай. Магадгүй би бас та хэн нэгний итгэлийн завийг санамсаргүйгээр эсвэл саваагүйгээр эвдээгүй байгаа даа?
Өөрөөсөө асуугаад өр зүрхнээсээ, чин сэтгэлээсээ УУЧЛААРАЙ гэж хэлье.
Сэтгэгдэл ( 1 )
Uuchlaarai