Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 300 тэрбумын бонд гаргах эрхтэй боллоо. Мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгоход зориулан ноолуурын утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд 100 тэрбум, үндэсний үйлдвэрүүдэд хонь, тэмээний ноос бэлтгэж, тушаасан хоршооны гишүүн малчинд 2011 онд төрөөс олгох мөнгөн урамшуулалд болон ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум, ЖДҮ-ийг дэмжихэд 150 тэрбумын үнэт цаас гаргах аж. Нийтдээ 300 тэрбум төгрөг болж байгаа энэ үнэт цаас 5 жилийн хугацаатай байхаар УИХ өнгөрсөн баасан гарагт баталсан Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолдоо тусгалаа. Дээрх хэмжээний бондыг гаргаснаар үндэсний үйлдвэрүүд, мөн малчдаа дэмжээд зогсохгүй 50 -60 мянга хүртэл ажлын байр шинээр бий болно гэж гишүүд үзэж байна. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 60 тэрбум төгрөгийн зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгоход 12 мянган ажлын байр шинээр бий болсон байна. Түүнчлэн Засгийн газраас гаргах 300 тэрбум төгрөгийн бондын 150 тэрбум нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд зээл болж иргэд, аж ахуйн нэгжид хүрэх юм. Ингэхдээ Засгийн газраас боловсруулсан төслийн хүрээнд аль аймагт, ямар чиглэлийн үйлдвэр барих нь оновчтой вэ гэдгийг гаргасан бодлоготой уян, зээлийг олгох ажээ. Ингэснээр сүүлийн 20 гаруй жилийн турш орхигдсон байсан мал аж ахуйн салбарыг үндэсний үйлдвэрлэгчидтэй нь холбох тэр дундаа мал аж ахуйгаас гарах түүхий эдийг үйлдвэртээ хүрдэг байх тэр тогтолцоог бий болгоход чиглэж байгаа юм байна. Харин Монгол Улсын хувьд тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх салбарын эхэнд сайн чанарын дэд бүтэц боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал, барилгын салбар байх ёстой бөгөөд эдгээрийн өрсөлдөх чадварыг сайжруулах нь эн тэргүүний шаардлага болж байна. Тиймээс ажил хийж байгаа хүмүүсээ төр дэмжих нь чухал гэж үзсэн учраас ноолуурын салбарыг дэмжих хүрээнд 100 тэрбум төгрөгийн зээл олгох болсон юм. Энэ зээлд 12 үйлдвэр хамрагдах ч цаана нь утас ээрдэг үйлдвэрүүдэд олгогдох учраас өрхийн үйлдвэрлэл, жижиг үйлдвэрлэлийг дэмжих боломж бий болж байгаа аж. Харин хоршоонд нэгдсэн гишүүн малчид тушаасан ноосноосоо урамшуулал авахаар тогтоолын төсөлд тусгагдсан байна. Гэхдээ ихэнх малчид хоршооны гишүүн болж амжаагүй, ноос бэлтгэх хугацаа тулсан учир хоршоонд нэгдэж амжихгүй нь нэгэнт тодорхой юм. Тиймээс хоршооны гишүүн гэсэн тодотголыг 2013 оны долдугаар сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр тогтоолд тусгагдлаа. Цаашид УИХ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бус үргэлжлүүлэх бөгөөд мах, арьс шир үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлогыг батлах аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )