Олимпын медальт Жан Беленюк Украины анхны өнгөт арьст депутат боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Долдугаар сарын 21-нд Украинд Дээд Рада буюу парламентын сонгууль болж өнгөрлөө. Сонгуульд Ерөнхийлөгч В.Зеленскийгийн тэргүүлдэг “Ард түмний зарц” нам 42.45 хувийн саналаар ялалт байгуулсан билээ.
 

Тус намаас сонгуульд хоёр тамирчин оролцож, хоёул ялалт байгуулсан байна.

Сонгомол бөхийн Жан Беленюк, хөнгөн атлетикийн Ольга Саладуха нар депутат боллоо. Сонирхолтой нь тэд зодог тайлаагүй байгаа төдийгүй “Токио 2020” наадамд оролцохоор бэлтгэж байгаа юм.

Руанда аав, украин ээжтэй Жан Беленюк Украины түүхэн дэх анхны өнгөт арьстан депутат боллоо. Жаныг гурван настай байхад цэргийн нисгэгч аав нь Руандагийн иргэний дайны үеэр амь үрэгджээ. Киевт төрсөн Жан Украинд бөхийн замналаа эхлүүлсэн тул өөрийгөө украин хүн гэж үздэг. Шинэ депутат 2016 оны олимпын мөнгө, ДАШТ-ий алтан медальтайгаас гадна Европт гурав түрүүлж байлаа. Жан Беленюк сонгуульд орохоосоо өмнө “Токио 2020” наадмын дараа зодог тайлна гэж мэдэгдсэн юм.

Түүнээс өмнө Украины Дээд Радад сонгогдсон бөх бол 2004 оны олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Хойд Осетийн уугуул Эльбрус Тедеев байв.

Жан Беленюк, Ольга Саладуха нараас гадна энэ жилийн сонгуульд хэд хэдэн тамирчин өрсөлдсөн ч хэн нь ч ялалт байгуулж чадсангүй.

"Радикал" нам усанд сэлэлтийн Денис Силантьев, "Шинэ хүчний хөдөлгөөн" нам шатарчин Наталья Жуковаг, 84 дүгээр тойрогт бөөрөнцөг түлхэлтийн Роман Вирастюк, 98 дугаар тойрогт гимнастикч Анна Ризатдинова, 118 дугаар тойрогт хөлбөмбөгч Артем Федецкий, 214 дүгээр тойрогт сагсан бөмбөгч Станислав Медведенко нар нэрээ дэвшүүлсэн ч ялагджээ.

Жан Беленюк, Ольга Саладуха нар парламентад орсноор олимпын наадамд бэлтгэхдээ улсаас тусламж авах эрхгүй болсон байна. Учир нь Украины хуулиар депутатууд цалингаасаа өөр орлоготой байхыг хориглосон байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top