Чандраяан-2: Энэтхэг улс сар руу нисэж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

Энэтхэг улсын сар руу сансрын хөлөг хөөргөх хоёр дахь удаагийн оролдлого амжилттай болж, сансрын их гүрэн болох зорилго тээж буй Энэтхэг үндэстний хувьд түүхэн өдөр тохиов.

Чандраяан-2 буюу санскритаар “сарны тэрэг” гэх нэртэй сансрын хөлөг даваа гарагт орон нутгийн цагаар 14.43 цагт Андра Прадеш мужийн Шрихарикота арал дээрх Сатиш Дхаван төвөөс хөөрчээ. “Чандраяан-2” хөлгийг анхандаа энэ сарын 15-ны өдөр хөөргөх хуваарьтай байсан ч техникийн саатлаас болж хөөрөхөөс нь 56 минутын өмнө цуцалсан юм. Ингэснээр Энэтхэг улс саран дээр хөлгөө буулгасан дэлхийн дөрөв дэх орон болох замдаа гарлаа. Үүнээс өмнө АНУ, хуучин ЗХУ, БНХАУ дэлхийн дагуул дээр сансрын хөөлөг буулгасан билээ. Энэтхэгийн сансар судлалын байгууллагын бүтээсэн “Чандраяан-2” хөлөг нь 3.8 тонн жинтэй бөгөөд 13 ашигтай ачаа тээвэрлэх хүчинтэй чадалтай. Эл хөлөг сарны тойрог замын нислэгийн аппарат, зөөлөн буулт хийхэд зориулсан нисдэг аппарат, сансрын хөлөг зэрэг гурван хэсгээс бүрджээ.  “Чандраяан-2” хөлөг хоёр сарын дараа сарны гадаргуугаас дээш 100 км зайд орших тойрог замд орно. Тэндээс Энэтхэгийн сансрын хөтөлбөрийн анхдагч Викрам Сарабхайн нэрээр нэрлэгдсэн зөөлөн буулт хийхэд зориулсан нисдэг аппарат үндсэн хөлгөөс салж, сарны өмнөд туйл орчим зөөлөн газардах юм. Амжилттай газардсан тохиолдолд 145 сая ам.долларын өртөг бүхий “Чандраяан-2” хөлөг сарны өмнөд туйлд буусан түүхэн дэх анхны хөлөг болох юм.

Үүний дараа Праяан буюу санскритаар “билиг ухаан” нэртэй робот хөлөг нэг сарны хоног буюу дэлхийн 14 хоногийн турш сарны гадаргуугаас эрдэс болон химийн дээж цуглуулах бол сарны тойрог замын нислэгийн аппарат нь сарны гадаргуун газрын зургийг авч, дэлхийн дагуулын гадаад агаар мандлыг ирэх жилүүдэд үргэлжлүүлэн судлах юм. Энэтхэгийн сансар судлалын байгууллагын /ISRO/ тэргүүн Кайласавадиву Сиван “Чандраяан-2“ хөлөг саран дээр буухаас өмнөх 15 минут хамгийн сэтгэл түгшээсэн мөч байх болно гэв. Учир нь нислэгийг удирдаж буй операторууд энэхүү онцгой хүнд үйл явцыг шууд хянах боломжгүй. Тиймээс бүх систем алдаагүй ажилласан тохиолдолд хөлөг амжилттай буух аж. Эс бөгөөс зөөлөн буулт хийлгэхэд зориулсан аппарат сарны гадаргууг мөргөх аюултай гэнэ. Асар хүнд даалгаврыг ISRO-ын хамт олны нөр их хүчин зүтгэлийн ачаар биеллээ гэж Сиван онцлов. Тэрбээр сансрын хөлөгт гарсан техникийн гэмтлийг засахын тулд тус байгууллагын хамт олон нойр хоол, гэр бүлээ умартан ажилласан гээд энэхүү төсөл дээр ажилласан мянга мянган эрдэмтэд, ажилтнуудад талархал илэрхийлсэн юм. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн твиттерээр дамжуулан “Энэтхэгийн бадрангуй түүхэнд бичигдэх онцгой мөч тохиож байна. “Чандраяан-2” хөлөг амжилттай хөөрсөн нь манай эрдэмтдийн зориг тэвчээр, 1.3 тэрбум энэтхэгчүүдийн шинжлэх ухааны шинэ хязгаарт хүрэх чин эрмэлзлэлийн илрэл юм” гэж бичжээ. Энэтхэгийн сансрын хөтөлбөрийн түүхэнд анх удаа гараг хоорондын нислэгийг Матхайа Ванита, Риту Каридхал гэх хоёр эмэгтэй эрдэмтэн удирдсан нь онцлог байв.

Хөлөг хөөргөнө гэдэг нь 384 мянган км үргэлжлэх урт аяллын дөнгөж эхлэл нь юм. Сарны хөлөг есдүгээр сарын 6 эсвэл 7-нд газардах юм. Зургаан долоон хоног үргэлжлэх аялал 50 жилийн өмнө саран дээр анх хүн төрөлхтнийг аваачсан “Аполло-11” хөл­гийн нислэг­тэй харьцуулбал илүү удаан үргэлжлэх юм. Түлшээ хэм­нэх үүднээс Энэтхэг “Чандраяан-2” хөлгийг сар руу хөөргөхдөө дэл­хийн таталцлын хүчийг ашиглажээ. Өөрөөр хэлбэл, гараг хоорондын станц хурд авахдаа ашигладаг таталцлын хүчний маневрыг ашигласан байна. Энэтхэг улсад хөлгийг сар руу шулуун замаар хүргэх хүчтэй пуужин тээвэрлэгч байдаггүй. АНУ-ын “Аполло” сарны хөтөлбөрт ашиглаж байсан “Сатурн-15” пуужин сансар судлалын түү­хэн дэх хамгийн том, хамгийн хүчтэй пуужингаар өнөө хэр тооцогддог.

Энэтхэгийн сансрын амбиц

2022 онд сансрын нисэгчдээ сансарт нисгэж, сансар огторгуйд нэг гол тоглогч болох хүсэлтэй Энэтхэг улсын хувьд энэ төсөл маш чухал юм.

Энэтхэг улс, ялангуяа Ерөнхий сайд Нарендра Моди засгийн эрхэнд гарснаас хойш өөрийгөө их гүрэн, Энэтхэг-Номхон далайн бүсийн хүчтэй гүрэн гэдгийг харуулахыг зорих болсон гэж “Observer” судалгааны сангийн Цөмийн болон сансрын бодлого судлалын газрын тэргүүн Ражесвари Пиллай Ражагопалан хэлжээ. Энэтхэгийн “Чандраяан-1” анхны сансрын хөлөг сарны гадаргуу дээр усны молекулыг илрүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд сарны өмнөд туйлын бүсэд судалгааны станцыг удирдлагаар буулгах оролдлого бүтэлгүйтсэн юм. “Чандраяан-2” хөлгийг зөөлөн буулгах оролдлого үүнээс ч хүнд техникийн сорилт болоод байгаа юм.

Чандраяан хоёр хөлөг 2023-2024 онд сар руу хөөргөхөөр төлөвлөж буй “Чандраяан-3” хөлгийн “замыг засаж” буй юм.

2014 онд Энэтхэг улс “Мангаляан” станцыг Ангараг гарагийн тойрог замд оруулснаар улаан гарагт хүрсэн анхны Азийн улс болсон билээ. Энэ төслийн өртөг нь 74 сая ам.доллар байсан бөгөөд Холливудын “Таталцлын хүч” киноны өртгөөс 100 сая ам.доллароор даруй бага зардал юм.

2017 онд тус улс нэгэн зэрэг 104 хиймэл дагуулыг маш бага өртгөөр хөөргөж байсан түүхтэй.

Үүнээс гадна Энэтхэг улс арилжааны хиймэл дагуул хөөргөх буудал улс болоод байна. Тус улс 33 орны нийт 297 хиймэл дагуулыг хөөргөж байжээ.  Энэ оны зургаадугаар сард Энэтхэгийн сансар судлалын байгууллагын тэргүүн Кайласавадиву Сиван 2030 он гэхэд тус улс өөрийн сансрын станцтай болох зорилт тавьжээ. Одоогоор олон улсын оролцоотой байгуулсан Олон улсын сансрын станц судалгааны баг ажилладаг сансрын цорын ганц станц юм. Үүний сацуу тус улс 2023 он гэхэд  Сугар гарагийн тойрог замд сансрын станц хөөргөхөөр ажиллаж байгаа аж.

Огторгуйг эзэмшихийн төлөөх Азийн өрсөлдөөн

Сансрын гүрэн гэх нэр хүндийг олж авахын тулд Ази тивд Хятад, Япон, Энэтхэг улс ширүүн өрсөлдөж байна. Хятад, Энэтхэг хоёр улсын бүс нутагтаа их гүрэн болохын төлөөх ширүүн өрсөлдөөн огторгуйг эзэмшихийн төлөөх тэдний өрсөлдөөнийг улам бүр хурцалж байна. БНХАУ сансрын хөтөлбөртөө тэрбум тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байна. Энэ оны нэгдүгээр сард Хятад улс сарны харанхуй буюу ар талд сарны хөлөг буулгасан анхны үндэстэн болж, түүхийг бүтээж байсан билээ. Үүний сацуу тус улс 2030-аад онд сансрын нисэгчидтэй хөлгийг сар руу хөөргөхөөр төлөвлөж байна. Хэрэв амжилттай болбол Хятад улс саран дээр иргэд нь хөл тавьсан дэлхийн хоёр дахь улс болох юм. Бээжин 2022 онд байнгын үйл ажиллагаатай сансрын станцыг барьж дуусгахаар “Тиянгонг” хөтөлбөрт асар их мөнгө мөн цутгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top