Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Монголын Байгаль орчны иргэний зөвлөл” ТББ,Таван толгой түлш ХХК-ийн төлөөлөл, “Зөв мэдээлэл холбоо” ТББ-ын төлөөлөл оролцсон уулзалтыг “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-оос санаачлан зохион байгууллаа.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь агаар, орчны бохирдлыг бууруулах талаарх салбар дундын бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний жилийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж биелэлтэд хяналт тавих, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөнд шаардагдах хөрөнгийн тооцоо, эх үүсвэрийн асуудлыг уялдуулан зохицуулж санхүүжилтэд хяналт тавих, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын зүгээс агаарын чанарыг сайжруулах чиглэлээр боловсруулсан хөтөлбөр төлөвлөгөө, хэрэгжүүлж буй ажлуудад дэмжлэг үзүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллах зэрэг бүрэн эрхтэй байгууллага юм.
Уулзалтаар ирэх наймдугаар сард гэр байшин дулаалах аянг зохион байгуулах, сайжруулсан түлшний нөөцлөлт, түгээлт, хэрэглээ болон түлш борлуулах гэрээт борлуулагчдыг сургалт зохион байгуулах, хэрэглэгчидэд мэдээлэл хүргэх талаарх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ч.Гантулга “Байгууллагын төлөөллүүд уялдаа холбоо, мэдээллээ нэгтгэж ажиллах хэрэгтэй. Ажлын төлөвлөгөөнд тусгагдсан заалт бүрт үр дүнгийн тайлан өгнө. Харилцаа холбоогоо нэгтгэсэн иргэд олон нийтэд хүртээмжтэй ажлууд эхлэх учраас хариуцлагатай байх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.
Уулзалтанд ирсэн байгууллагуудын төлөөллүүд ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, санал солилцоод хийх ажлын төлөвлөгөөгөө нэгтгээд дахин хуралдахаар тогтлоо.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )