Иран баллистик пуужин туршжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Долоодугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Иран улс дунд зайн тусгалтай баллистик пуужин туршлаа гэж АНУ-ын засаг захиргааны эх сурвалжийг иш татан CNN агентлаг мэдээлжээ.

Нэг мянган км зайг туулсан “Шабааб-3” пуужин АНУ-ын усан онгоц, цэргийн баазад ямар нэгэн аюул учруулаагүй ч энэхүү туршилт нь пуужингийн зайн тусгалын нарийвчлалыг сайжруулах чиглэлээр Ираны зүгээс авч буй хүчин чармайлтыг илтгэж байна гэж ажиглагчид үзэж байна.

Ираны эрх баригчид пуужингийн туршилтын талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Ираны пуужингийн хөтөлбөр олон улсын нийгэмлэгт үүсээд буй маргааны гол сэдвүүдийн нэг. АНУ тэргүүтэй хэсэг улс НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 2231 дугаар тогтоолд Иранд пуужин хөөргөхийн хориглосон гэж үздэг.

Ираны гадаад хэргийн яам пуужин хөөргөх нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 2231 дугаар тогтоолыг зөрчөөгүй гэж мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top