Өнөөдөр /07.31/ өглөө Хойд Солонгос богино зайн тусгалтай хоёр баллистик пуужинг зүүн эрэг орчмоос харвалаа гэж Өмнөд Солонгосын эх сурвалж мэдээлжээ. Орон нутгийн цагаар 05.06, 05.27 цагт хоёр пуужинг Вонсан боомт орчмоос харвасан бөгөөд пуужингууд 250 км зай туулж, 30 км өндөрт хөөрөн Япон тэнгист унажээ.
Ингэснээр тус улс долоо хоногийн хугацаанд хоёр удаа пуужин харваж байна. Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт буюу долоодугаар сарын 25-ны өдөр мөн л богино зайн тусгалтай хоёр пуужин харваж байсан юм. Үүнийгээ Хойд Солонгосын тал Өмнөд Солонгос Вашингтонтой хамтран цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж буйн эсрэг өгсөн “албан ёсны сануулга” гэж тайлбарласан юм.
БНСУ-ын батлан хамгаалахын сайд Жон Кён Дү өнөөдөр харвасан пуужингууд өмнөхөөс өөр загварынх байсан гэж онцолсон бол Японы Ерөнхий сайд Абэ Шинзо тус улсын аюулгүй байдалд нөлөө үзүүлээгүй хэмээн мэдэгджээ.
Пуужин харвахаас өмнө Пёньян АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын өнгөрсөн жил Сингапурт гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдлийн үзэл санаатай харшилж байна хэмээн мэдэгджээ. Энэхүү сургуулилт цөмийн яриа хэлэлцээг эхлүүлэх үйл явцад сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн сануулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )