НҮБ-ын Аюулгүйн зөвлөл лхагва гарагт /2019.12.11/ шуурхай хуралдаан зарлаж, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг хэлэлцэхээр болжээ.
АНУ-ын хүсэлтийн дагуу шуурхай хуралдааныг хийхээр болсон бөгөөд хуралдаан нээлттэй болох гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар энэ оны зургаадугаар сард Панмунжомд хийсэн дээд хэмжээний уулзалтаар Ханойн дээд хэмжээний уулзалтаас хойш зогсоод байсан ажлын түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцсон билээ. Энэхүү тохиролцооны дагуу тус хоёр улсын төлөөлөгчид энэ оны аравдугаар сарын 5-ны өдөр Стокхольм хотноо уулзаж, хоёр талын харилцааг хэвийн байдалд оруулах арга замыг хэлэлцсэн ч яриа хэлэлцээ мөн л бүтэлгүйтсэн юм.
БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ким Мён Гиль хэлэлцээ бүтэлгүйтсэн хэмээн мэдэгдэж, АНУ-ын талд өөрийн байр сууриа нухацтай бодож үзэхийг зөвлөсөн. Харин Төрийн департаментын энэ дүгнэлттэй санал нэгдээгүй бөгөөд уулзалтыг үр дүнтэй болсон хэмээн тодорхойлсон юм.
БНАСАУ энэ сарын 8-нд Тончхан-ни бүс дэх Сохэ пуужин хөөргөх талбайд тус улсын стратегийн байр сууринд нөлөөлөх өндөр ач холбогдолтой нэгэн туршилт амжилттай хийсэн тухай зарлаж байсан. Харин яг ямар туршилт явуулсан талаар мэдээлээгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )