Хойд Солонгос АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

Пёньян Вашингтонтой хэлэлцээ хийх бодолгүй байна гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны АНУ-ын газрын тэргүүн Квон Жон Гын мэдэгджээ.

Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын Гадаад хэргийн яам БНАСАУ, АНУ-ын дээд хэмжээний уулзалтын тухай цаг үеэ олоогүй цуурхлын талаар баримталж буй байр сууриа тодорхой илэрхийлж байсан гэж онцолжээ. Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдэлд АНУ БНАСАУ-ын талаар дайсагнасан бодлого баримталсаар байгаа бөгөөд ямар нэгэн шинэ нөхцөл санал болгоход бэлэн бус байгаагаас гадна энэ сэдвийг дотоодын улс төрийн хямралыг шийдвэрлэхийн тулд ашиглаж буй тул Хойд Солонгос дээд хэмжээнд хэлэлцээ хийх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Хоёр Солонгосын харилцаа хурцдахаас өмнө олон улсын хэвлэлүүд болон шинжээчид Хойд Солонгос, АНУ-ын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулах шаардлагатай, бүр боломжтой гэж мэдэгдэж байсан билээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө дээд хэмжээний уулзалт болно гэдэгт найдаж буйгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мөн илэрхийлж байсан билээ.

Түүхэн дэх анхны АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт 2018 оны зургаадугаар сарын 12-нд Сингапурт болж байсан. Үүнээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хоёр удаа уулзаж байснаас нэг уулзалт нь Панмүнжом цэрэггүй бүсэд болж байсан билээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top