АНУ-д засаг захиргаа солигдсон ч БНАСАУ-ын талаар тус улсын баримталдаг дайсагнасан бодлого өөрчлөгдсөнгүй гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн тухай тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нэгэн ярилцлагадаа БНАСАУ-ыг “муу муухайн үүр уурхай болсон улс” гэж нэрлэсэн нь дээрх мэдэгдлийг хийх шалтгаан болсон байна.
“АНУ-ын гадаад бодлогыг явуулж байгаа хүн ийм дайсагнасан зүйл ярьж байгаа нь БНАСАУ-ны талаар АНУ-ын баримталдаг дайсагнасан бодлого огт өөрчлөгдөөгүйг дахин нотолж байна. БНАСАУ-д үргэлж дайсагнаж байгаа АНУ-ын аливаа өдөөн хатгалгыг бид тэвчихгүй бөгөөд хатуухан хариу барих болно” гэж Умард Солонгосын дипломатч онцолжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд БНАСАУ-ыг цөмийн зэвсэгтэй гүрэн гэж нэрлээд, өөрийг нь Цагаан ордонд эргэж ирсэнд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун баярлаж байгаа байх хэмээн мэдэгдсэн юм. Энэ мэдэгдэл нь Трамп болон Ким Жон Уны хооронд дипломат харилцаа сэргэж магадгүй гэсэн яриа үүсэхэд хүргэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )