Хойд Солонгост пуужин хөөргөх олон тооны талбай барьж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

БНАСАУ-ын хүчнийхэн энэ зунаас хойших хугацаанд хөдөлгөөнт харвах төхөөрөмж ашиглан бүх төрлийн пуужин хөөргөх боломжтой олон арван бетонон талбай тус улс даяар барьж байгуулсан тухай өнөөдөр /2019.12.02/ Японы “Асахи” сонин мэдээлжээ. Эдгээр талбайн хэмжээ нь урт, өргөнөөрөө хэдэн арван метр том гэнэ.

Ердийн газраас пуужин харвахад хөдөлгөөнт төхөөрөмжийг гэмтээх, пуужингийн нислэгийн замыг өөрчлөх эрсдэлтэй байдаг тул Хойд Солонгос эртнээс бэлдсэн хатуу хучилттай талбайг энэ зорилгоор ашиглахаар зорьж байна. Ээлжит пуужин хөөргөх газрыг тогтооход хүндрэл учруулах үүднээс эдгээр талбайг олон тоогоор барьж байгаа аж.

2017 оны арваннэгдүгээр сараас хойш Хойд Солонгос 12 мянга гаруй км зай туулах чадвартай гэх “Хвасон-15” тив алгасах баллистик пуужин туршсан. Энэ төрлийн пуужин АНУ-ын газар нутаг дахь байг онох чадвартай аж. Үүнээс хойш Пёньян Вашингтонтой хийж буй яриа хэлэлцээний уур амьсгалыг хурцатгахгүйн үүднээс эл төрлийн пуужинг харваагүй байна. Энэ онд АНУ, БНАСАУ-ын яриа хэлэлцээнд онцгой дэвшил гараагүй бөгөөд үүнтэй зэрэгцэн Пёньян богино зайн тусгалтай пуужингийн туршилтаа сэргээсэн. Энэ оны тавдугаар сараас хойш 13 удаа пуужин хөөргөөд байна.

“Асахи” сонинд бичсэнээр, энэ оныг дуустал Хойд Солонгос дунд болон алсын зайн тусгалтай пуужин шинээр туршихыг БНСУ-ын тагнуулын алба үгүйсгээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top