Газартай холбоотой бүх мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Газар эзэмших, өмчлөх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулдаг Газрын биржийн цахим төвийн нээлт Дүнжингарав худалдааны төвд өнөөдөр боллоо. Нээлтэд Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов.

Газрын биржийн цахим төвийг нээснээр иргэд гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй, хүссэн үедээ хамрагдахын зэрэгцээ газартай холбоотой мэдээ мэдээллийг нэг дороос авахын зэрэгцээ дуудлага худалдаа, түрээсийн зараа оруулж, арилжаалах боломж бүрдэж байгаа юм. Мөн иргэд газрын үнэ, Кадастрын зураг, гэрчилгээний хуулбар, тѳлбѳрийн баримт авах гэх мэт бүхий л үйлчилгээг цахимаар авдаг болохоос гадна түрээсийн бүртгэл хийх, газрын барьцааны талаар болон зах зээлийн үнийн бодит мэдээллийг нэг дороос авах зэргээр газрын харилцаатай холбоотой далд зах зээлийг нээлттэй болгож байгаа юм.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Газрын биржийн цахим төв нээгдсэнээр авлига хахуулийн эх үүсвэр болдог хэмээн иргэд, олон нийтийн дунд хардлага сэрдлэг төрүүлдэг газрын далд арилжааг таслан зогсоох, иргэдэд газрын тухай мэдээлэл адил тэгш хүртээмжтэй очих боломж нээгдэнэ. Шинжлэх ухаан, техникийн дэвшил технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед газрын биржийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулснаар газрын харилцааг ухаалаг, технологид суурилсан, мэдээлэл авахад амар хялбар болгох давуу талтай. Хүн төвтэй хотын шийдлийн хүрээнд газрын харилцааны бүхий л мэдээллийг иргэдэд ойртуулсан цахим төв нээгдэж байгаад баяртай байна” хэмээлээ.

Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын мэдээллийн сан болон бусад байгууллагын мэдээллийн сантай шууд холбогдон ажиллах боломжтой, ашиглахад хялбар байдлаар хөгжүүлсэн тул иргэд, олон нийт газартай холбоотой бүхий л мэдээллийг одоо гар утаснаасаа ч авах боломжтой болжээ.

Мөн цаашид Газрын биржийн үйл ажиллагааг өргөжүүлж газрыг эрэлт хэрэгцээ, зориулалт, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд нийцүүлэн зохион байгуулалт хийх үүднээс Газрын сан байгуулж, газар хөгжүүлэлт хийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top