ОЛОН ӨНГӨ: Эгчийн хайр

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Эгч байна гэдэг эрхэлж тоглохоо хасуулахын, элбэгдэж элэгдсэнээ  илүүчлэхийн, элэг зүрхээ ухаажуулахын нэр. Эгч байна гэдэг муу байх эрхгүйн, муухай байх ёсгүйн, муйхар байж болохгүй нэр. Эгч байна гэдэг хүлцэнгүй ууч сэтгэлтэйн, хүн байхуйн сургаалтайн, хүчтэй тэвчээртэй байхуйн нэр. Турьхан эгч минь таван жулдрай дүүгээ ар нуруундаа асаан, энгэр цээжиндээ эрхлүүлэн байж нас биед хүргэсэн сэн.

Эгчийгээ би эрхэлж тоглож байхыг нэг ч удаа хараагүй. Жаахан гараа улаан гөвдрүү болтол хэдэн дүүгийнхээ хиртэй хувцсыг хэц хэцээр нь угааж, хуруу гараа түлэн барин хувин хувингаар боорцог хайрч, хөлсөө арчин суудаг байсныг нь л мэднэ. Ээж шиг минь харцат минь, аав шиг минь сэтгэлт минь, ангаахай  шиг хэдэн дүү нар нь таны л өврөөс үүрнээсээ нисэх шувуухай адил өндрөөс өндөрт дүүлэн ниссэн. Хэзээний намба төрх, нягт нямбай зан, үгээ бодож ярьдгийн учир хүний эгч болохоор тань хорвоо таныг ийн урлаж дээ гэж тунгаан суунам.

Хөөрүү, гэнэн, хүүхэд шиг зан минь, зүс гундаагүй цагаан гар минь хүйтэн халуун үзүүлээгүй таны минь л их хайрынх. Эвдэрч борогшсон ч энхрий гартай, эцэж ядарсан ч энхэрхэн төрхтэй эгч минь дээ хагарсныг нааж, ханзарсныг зүйж, хагаралдсаныг эвлэрүүлж, уйлсныг нь уужруулж, уурласныг нь ухааруулж өөртөө даамгүй сэтгэлийн их тээшийг үүрсээр үс тань ийм эрт буурал болчихсон юм уу. Дуунд гардаг шиг нулимсаа нууж инээсэн миний л эгч минь дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top