ШИНЭ НОМ: Маргарет Этвүүдийн "Шивэгчний үлгэр"

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 06

Канадын алдарт зохиолч Маргарет Этвүүдийн "Шивэгчний үлгэр" роман анх 1985 онд хэвлэгджээ. Маргарет Этвүүд ярилцлагууддаа, "Шивэгчний үлгэр" зохиолд гарч буй эрх мэдлийг хэрэгжүүлэх хүчирхийллийн арга хэрэгслүүд бүгд хүн төрөлхтний түүхэнд нэг бус удаа хэрэглэгдэж байсан хэмээн ямагт онцлон хэлдэг. Тус романыг "Монсудар" хэвлэлийн газраас эрхлэн гаргаад удаагүй байгаа юм. 

Романы үйл явдлууд шашны фундаменталист, цэргийн дарангуйлалтай "Гилеедийн Бүгд найрамдах улс" хэмээх улсад өрнөх ба тус улсыг Этвүүд өнөөгийн АНУ-ын нутаг дэвсгэрт оршин буйгаар бичжээ. Тэнд АНУ-ын ардчилсан дэглэмийг устгаж, фундаменталист христийн шашны бүлгүүдийг санагдуулам Шашны эрхт Засгийн газрыг байгуулах цуст мөргөлдөөн болж өнгөрнө. 

Зохиолын гол дүр бол шивэгчин Фредийнх буюу романы Би-хүүрнэгч. Зохиолын үйл явдал хоёр шугамын дагуу өрнөнө. Романд гарч буй ертөнцөд хүмүүсийн дийлэнх нь байгаль орчны бохирдол, цацрагаас болоод үргүйдсэн байдаг. Бие махбодын хувьд жирэмслэх чадвараа хараахан алдаагүй цөөн залуу бүсгүй үлджээ. Гилеедэд иргэний эрх маш ихээр зөрчигддөг бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд үүнд нь илүүтэй өртөнө. Гилеедийн эмэгтэйчүүд өмч хөрөнгө эзэмших эрхгүй, уншиж бичих ч хориотой. Жирэмслэх чадвараа хараахан алдаагүй мөнөөх цөөн бүсгүйг улс төрийн дээд ангийн гишүүдэд хүүхэд төрүүлж өгдөг “шивэгчин” хэмээгч болгон хүмүүжүүлнэ. Шивэгчид энэ үүргээ биелүүлэхээс татгалзвал хүнд цээрлэл хүлээнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top