"Үзэхийн хязгаар" дахин хэвлэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар" эсээ ном дахин хэвлэгджээ. "Үзэхийн хязгаар" бол олон олон уншигчдын дуртай ном. Уран зохиол шимтэн уншигчид хамгийн амттай эсээний номоор нэрлэдэг. Хамгийн анх 2012 онд хэвлэгдсэнээсээ хойш номын дэлгүүрүүдээр дуусаад байсан юм. Харин саяхан хүлээлт ёсоор тус бүтээл дахин хэвлэгдэн гарчээ. 

Энэ тухайгаа Л.Өлзийтөгс " Энэ бол утга зохиолын эсээний төрлөөр бичсэн анхны ном минь юм аа. Эсээ бичлэг нь миний л хувьд, яруу найраг, өгүүллэгийн адил, маш их сэтгэл татдаг сонирхолтой төрөл. Залуудаа, зохиолчдын эсээг унших үед маш амархан, ойрхон, яг ингээд биччихаж чадмаар, болмоор, хөнгөхөн санагдаж байж билээ. Гэвч яг өөрөө бичиж үзээд л ихээхэн ур чадвар, гүнзгий сэтгэлгээ, амьдралын туршлага, нарийн ухаан шаардагддаг, хэцүү, ярвигтай төрөл юм гэдгийг ухаарсан даа. Утга зохиолын эсээ бичлэгт уран бүтээлийн эр зориг ч ихээхэн хэрэг болно. 

ҮЗЭХИЙН ХЯЗГААР хэвлэгдсэнээр би маш их зүйлийг ойлгосон. Олон хүнийг "ахин таньж", уран зохиолыг, уран зохиолчдоо шинээр "харсан". Уншигчид, дэмжигчдийн тоо нэмэгдсэн ч үзэн ядагчид, улаан цагаандаа гарсан гүтгэгчид гарч ирсэн билээ. Хэзээ нэгэн цагт ахиад эсээний ном бичиж ч магадгүй. Тэгвэл энэ номтой холбогдон үүссэн яриа хөөрөө бүрийг задлан шинжилж, дүгнэлт өгч, гүтгэлэг, хараал, хов жив бүхэнд ширхэгчлэн хариулт өгөх болно. Гэхдээ, урлагтайгаар, чин шударгаар, жинхэнэ уран зохиолын хүний нүдээр харж, бичихийг хичээнэ ээ. Юутай ч уншигчдынхаа хүсэлтээр ҮЗЭХИЙН ХЯЗГААР-аа ахин хэвлүүллээ. Үг үсгийн алдааг засч, өмнөх хуудсанд нь шүлгийн хоёр мөр нэмсэн. Номоо хэвлүүлэх гээд амжихгүй л яваад байтал АЗ ХУР хэвлэлийн газрынхан мөрөн дээрээс минь энэ ачааг авч, өөрсдөө хэвлэж, түгээхээр боллоо, баярлалаа АЗ ХУР." гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top