Цэцэрлэгийн бүртгэл дуусахад 15 хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 07

 

-Эцэг, эхчүүд наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд гэрээ байгуулах шаардлагатай-

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд есөн дүүргийн 234 цэцэрлэгт 18 мянга гаруй хүүхэд шинээр элсэнэ. Үүнээс 11 мянга гаруй нь 2017 онд төрсөн хоёр настай хүүхэд байх юм. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн сарын 22-нд эхэлж, нэг сарын хугацаатай үргэлжлэх ба бүртгэл дуусахад 15 хоногийн хугацаа үлдээд байна. Эцэг эхчүүд системд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад албан ёсны хаяг, харьяалагдах цэцэрлэгийн мэдээлэл зэрэг харагдана. Хоёр настнуудыг бүх цэцэрлэг бүртгэх бол 3-5 настай хүүхдийг харьяа цэцэрлэгт нь хяналтын тоо бий эсэхээс хамаарч бүртгэх юм.

Хэрэв интернэт орчинд ажиллах боломжгүй тохиолдолд долоодугаар сарын 25-наас тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-ноос хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой. Энэхүү үйл ажиллагаа наймдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх цэцэрлэгийн цахим бүртгэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянган хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 мянган хүүхэд нийт 714 цэцэрлэгт 123 мянган хүүхэд бүртгүүлэх тооцоо гарчээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэг цахим хэлбэрээр бүртгэнэ. Харин тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх бүртгэл уламжлалт аргаар явагдах юм. Иргэд бүртгэл хийлгэхээсээ өмнө хаягийн бүртгэлээ тодорхой болгох ёстой.

БҮРТГЭЛИЙН ДУГААРАА ХАДГАЛААРАЙ

2017 онд төрсөн хоёр настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товч дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ. Ингээд хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна. Таны гар утсанд бүртгэлийн зургаан оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж,  бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ. Бүртгэлийн зургаан оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хадгалахыг анхаарах хэрэгтэй. Учир нь Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж, бүртгэлийн дугаараа хийн, хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой юм.

БҮРТГЭЛИЙН ХАРИУГ ЭНЭ САРЫН 23-НД ЭЦЭГ ЭХИЙН ГАР УТСАНД МЕССЕЖЭЭР ИЛГЭЭНЭ

Цахим бүртгэлийн хүүхдийн тоо хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар сонгож элсүүлэх юм. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн хувьд энэ жил шинээр 70 хүүхэд элсүүлэх юм байна. Хэрэв тус цэцэрлэгт бүртгүүлж байгаа хүүхдийн тоо 70-аас хэтэрвэл санамсаргүй түүврийн аргаар 70 хүүхдийг л элсүүлнэ гэсэн үг. Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд цахимаар баталгаажуулалт хийх шаардлагагүй болж байгаа нь энэ жилийн цахим бүртгэлийн онцлог юм. Бүртгэлийн хариу наймдугаар сарын 23-ны 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утсанд хариу зурвас илгээгдэх юм. Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг, эх нь өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарын хамт авч очин эцэг, эх ба цэцэрлэг хоорондын гэрээг 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд гэрээ байгуулах шаардлагатай. Түүнчлэн тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд, тус тусын цэцэрлэг дээр ажлын цагаар явагдах юм.

УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭНЭ ОНД 137 ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО

Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд нийт 179 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин 2019 онд 137 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс зөвхөн нийслэлд л 78 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс 67 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар байгаа юм. Өнгөрсөн оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 46300 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Шинэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 64 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар 26500 хүүхэд буюу тэдний 50 хувийг сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх боломжтой болох юм. 179 цэцэрлэгийн нийт төсөвт өртөг 277.8 тэрбум төгрөг бол үүнээс энэ онд ашиглалтад орох цэцэрлэгийн нийт төсөв 183.3 тэрбум төгрөг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top