Охиныхоо хувцсыг өмсөн оргохыг завдсан этгээд амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

Энэ долоо хоногийн даваа гарагт Бразилын шоронгоос охиныхоо дүрд хувилан оргохыг завдсан Клаувину да Силва шоронгийн өрөөндөө нас барсан байдалтай олджээ. Мөрдлөгийн эхний байдлаар түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байна. Одоогоор Рио де Жанейро хотын цагдаагийн газар хэрэг нээн шалгаж буй аж.

Тэрээр хүний наймаа, хар тамхи наймаалсан, галт зэвсэг худалдаалсан хэргээр нийт 73 жил 10 сарын хорих ял аван хоригдож байсан билээ. Тэрээр даваа гарагт шоронгоос оргохдоо богино ханцуйтай цам, бариу жинс, силикон баг, хиймэл үс зэргээр зүсээ хувилган оргохыг завдсан юм. Шоронгоос оргох төлөвлөгөөгөө тэрээр хоёр сарын хугацаанд боловсруулсан байна.

“Жижиг” хочтой Да Силва нь “Улаан хороо” бүлэглэлийн толгойлогч байсан бөгөөд орчин цагийн Бразилын хамгийн нөлөө бүхий дээрэмчин байсан юм. Түүний хэргийг мөрдөн байцаах явцад Рио де Жанейро хотын захиргааны хэд, хэдэн төлөөлөгч, парламентын хэд, хэдэн гишүүн холбоотой болох нь тогтоогдсон билээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top