Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р үед Болсонару, Лул да Силва нар өрсөлдөнө

Я.Болор | Zindaa.mn
55 минутын өмнө

Бразилын Либерал намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Флавиу Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр үед тэргүүлж байна. Санал хураалтын хуудасны 99.84 хувийг тоолоход Бразилын ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн хүү 47.07 хувийг санал авчээ. Одоогийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва 45.11 хувийн санал авсанаар сөрөг хүчний нэр дэвшигч хоёр сая орчим саналаар тэргүүлж байна.

Санал хураалтын дүнгээр нэг ч нэр дэвшигч 50-иас дээш хэвийн санал аваагүй тул хоёрдугаар үед ялагч тодорно.

Либерал намын нэр дэвшигч Флавиу Болсонару хоёрдугаар үед ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлж, тус улсад олон жил ноёрхсон зүүнтнүүдийн үе дуусаж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Энэ бол Хөдөлмөрчдийн намын эрин үеийн төгсгөл, өөрчлөлтийн эхлэл. Гурван долоо хоногийн дараа Бразил улс ирээдүйнхээ тухай эцсийн хариугаа өгнө” гэж тэрбээр онцолсон байна. Хүү Болсонару сонгуулийн сурталчилгаагаа цэвэр, шударга явуулахаа амлаж, өөрийгөө төрийн тэргүүнийг улируулан сонгодог тогтолцоог халахын төлөө байгаа цорын ганц нэр дэвшигч хэмээн онцолжээ.

Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва шинэ кампанит ажил эхлүүлж байгаагаа зарлажээ. Хөдөлмөрчдийн намаас нэр дэвшигч сонгуулийн санал хураалтын эхний үеийн үр дүнгийн талаар мэдээлэл хийхдээ, түүний сонгуулийн штаб урт хугацааны ялалтад найдаж байсныг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр нэгдүгээр үеийн санал хураалтыг ардчиллын сургамж гээд иргэний үүргээ биелүүлж, саналаа өгөхөөр ирсэн сая сая бразилчуудад талархал илэрхийлжээ.

Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар үе энэ сарын 25-нд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top