БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бразилын Рио-де-Жайнеро хотноо Бразилын Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силватай хэлэлцээ хийжээ.
Уулзалтын үеэр талууд Хятад, Бразилын харилцааг үнэлэн, хоёр улсны харилцааны ирээдүйн талаар стратегийн ач холбогдолтой зөвшилцөлд хүрчээ. Тухайлбал, талууд Бүс ба Зам санаачилга, Бразилын хөгжлийн стратегийн уялдааг хангах, стратегийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх, тусгаар байдал, хөгжлийн ашиг сонирхол, аюулгүй байдалтай холбоотой үндэсний эрх ашиг зэрэг асуудалд бие биеийгээ дэмжих, бөмбөрцгийн өмнөд хагасын улс орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлд тэргүүлэх үүрэг хүлээхээр тохиролцжээ.
Ши Жиньпин, Лула да Силва нар НҮБ, “Их 20” бүлэг, БРИКС зэрэг олон улсын байгууллагуудын хүрээнд нягт хамтран ажиллах, өлсгөлөн, ядуурал, бүс нутгийн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, цахим аюулгүй байдал зэрэг уламжлалт болон уламжлалт бус сорилтуудыг хамтран шийдвэрлэх, дэлхийн дахины энх тайван, хөгжилд шинэ уур амьсгал, хувь нэмрээ оруулах тохиролцоонд хүрчээ.
Түүнчлэн, Хятад, Бразил хоёр улс Украины хямралын улс төрийн замаар шийдвэрлэх талаар зургаан заалт бүхий санаачилга дэвшүүлж, бөмбөрцгийн өмнөд талын хагасын орнуудтай хамтран Украинд энх тайван тогтоохын төлөөх Найз нөхдийн бүлэг байгуулсан байна. Талууд Газын зурвасын мөргөлдөөн хүрээгээ тэлж буйд сэтгэл зовниж буйгаа илэрхийлээд тус зурваст гал зогсоох, “Хоёр улс” гэсэн шийдлийг хэрэгжүүлэхийг уриалжээ.
Сэтгэгдэл ( 0 )