Лула да Силва Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар үед ялалт байгуулж, Бразилын төрийн тэргүүнээр дөрөв дэх удаагаа сонгогджээ.

Сонгуулийн хорооны албан ёснй мэдээллээр, Хөдөлмөрчдийн намын тэргүүн Лула да Силва 51.74 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Флавиу Болсонару 48.26 хувийг санал авчээ.

Лула да Силва /80 настай/ нь ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр үед ялагдсан ч ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Бразилын анхны ерөнхийлөгч болж байна.

Сонгуулийн хоёрдугаар үеийн санал хураалтын ирц 80.79 хувьд хүрч, нийт 127 сая гаруй хүн санал өгчээ.

Бразилын еөрнхийлөгч асан Жаир Болсонаругийн хүү, сөрөг хүчний нэр дэвшигч Флавиу Болсонару  санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй байна. Тэрбээр “Түүхэнд анх удаа үзэгний үзүүрээр сонгуулийн үйл явцын дүрмийг өөрчилж байна” гэж санал хураалтын цагийг хоёр цагаар сунгасан шийдвэрийг буруутгав. Тиймээс санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Ийн тэрбээр эцэг Жаир Болсонаругийн 2022 онд ерөнхийлөгчийн сонгуульд мөн л Лула да Силвад ялагдсаныхаа дараа хийж байсан мэдэгдлийг давтаж байна. Тухайн үед сонгуулийн хоёрдугаар үед Лула да Силва 50.9 хувь, эцэг Болсонару 49.1 хувийн санал авч байв. Сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулсны дараа Жаир Болсонару-г дэмжигчид Бразилын парламентын ордон руу дайран орж байсан бол эцэг Болсонаруд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр 27 жилийн ял оноосон юм. Тиймээс тэр энэ удаагийн сонгуульд оролцож чадаагүй бөгөөд түүний оронд ялсан тохиолдолд эцэгтээ өршөөл үзүүлнэ хэмээн амлаж байсан Флавиу Болсонару нэр дэвшсэн билээ.

Лула да Силвагийн ялалт нь Латин Америкт сүүлийн жилүүдэд зүүний үзэлтэй намууд суларч, баруун руу шилжиж буй хандлагыг сөрсөн үзэгдэл боллоо гэж Ройтерс агентлаг онцолжээ.

2022 онд Латин Америкийн ихэнх оронд төрийн эрх мэдлийг зүүний үзэлтнүүд авсан нь тус бүс нутаг дахь хоёрдох “ягаан давлагаа”-ны эхлэл байв. Энэхүү нэр томъёогоор 2000-аад оны эхээр засгийн эрхэнд зүүнтнүүд гарч ирснийг тодорхойлж байв. Харин сүүлийн жилүүдэд Аргентин, Болив, Чили, Колумб, Коста-Рика, Эквадор, Хондурас, Панам болон Перуд сонгогчид баруун руу хэлбийж эхэлсэн билээ.

Луцла да Силвагийн ялалтын үр дагавар Бразилын хилээс халина гэж CNN суваг онцолжээ. Энэхүү ялалт нь Латин Америкийн хамгийн том улс Трампын засаг захиргаатай хурцадмал харилцаатай байгаа энэ үед Дэлхийн өмнөд хагас болон Хятадтай харилцаагаа бэхжүүлж, цаашид ч хараат бус гадаад бодлого явуулахыг илтгэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top