-Чухамдаа хаанаа үйлчлээд байгаа нь мэдэгдэхгүй дунд шатны завхралыг сөрж, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүсэлтийн дагуу
“Сауд гоби коэл транс” компанийн “Баянтэс”-ийн уурхайн лицензийг цуцлах үүргийг өглөө-
Нутгийн зон олны нулимс, ширгэсэн олон булаг шанд, олон удаагийн шүүхийн маргаан, мөнгөөр хэрсэн эрх мэдэл, хууль зайдалсан компанийн тохуурхал, байгаль хамгаалагч залуугийн алтан амь нас хийсэн одсоны дараа Тост, Тосон бумбын нуруунд төрийн хяналт тогтохоор боллоо. Чухамдаа хаанаа үйлчлээд байгаа нь мэдэгдэхгүй дунд шатны завхралыг сөрж, Ерөнхий сайд эрс шийдвэр гаргалаа. Улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүсэлтийн дагуу “Сауд гоби коэл транс” компанийн “Баянтэс”-ийн уурхайн лицензийг цуцлах үүргийг өглөө. Холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 14-ний өдөр хуралдах Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулж, Тосон бумбын нурууны тэр орчмыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ.
Байгаль эх, экосистем, хариуцлагатай уул уурхайг уландаа гишгэн Монгол Улсад мөрдөгддөг холбогдох хууль тогтоомжийн 31 зүйл заалтыг зөрчсөн энэ компанид төрийн төмөр нүүр тулах гэж байгаа нь энэ. Энэ бол одоогоос дөрвөн сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын нэгдсэн дүн. “Сауд гоби коал транс” компанийн зөрчсөн зөрчлийг бичгийн цааснаа буулгавал найман хуудас болох энэ их зөрчлийнх нь хариуд төр хариуцлага хүлээлгэж байгаа нь энэ. Уулын ажлын төлөвлөгөөгүй, маркшейдрийн ажлын бүрэн гүйцэтгэх, техникийн зохих баримт бичгийг гүйцэт төлөөгүй, АМНАТ-ын төлбөрөө бүрэн гүйцэт төлөөгүй, археологи, палеонтологийн судалгааг хийгээгүй зэрэг нь хамгийн ноцтой зөрчлүүд юм. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу энэ сарын 07-ны өдөр дөрвөн сарын өмнөхөөсөө ухарч зөрчсөн зөрчлүүдээс нь 67.6 хувь нь биелсэн тул үйл ажиллагаа явуулах боломжтой гэж дүгнэж байв. Гэмтэй ч гэлбэлзэлгүй Тостын нуруунд тарвалз гэсэн давхар санаа.
Анх тэмцэл эхэлж байх үед иргэд олон нийтийн зүгээс хардлага их байсан. Чухам юуны төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад унав гэж бодож байсан нь лавтай. Иргэдийн хардах эрх дээр асуудлыг эрх мэдлээр шийдэж сурсан хуулиас “том” компанийн өнгө будаг сүлэлдэн тэмцлийн зорилгыг унтраана гэж тооцоолсон байж ч болох юм. Эхлээд тэдний тооцооллоор болж байгаа мэт харагдаж байсан ч асуудлыг олон талын байр сууриас, судлаач, нутгийн иргэдийн оролцоотойгоор сэтгүүл зүйн үүргээ биелүүлж чадсаны хүчинд төрийн ой санамжид оруулах үндсийг тавьсныг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Тост, Тосон бумбын нурууд төрийн хяналт орох нь ямар учиртай юм бэ? Энэ зөвхөн нэг компанийг намнаж буй асуудал уу? Гэхдээ энэ зөвхөн нэг л компанийн асуудал биш аж. Говь нутгийн экосистемийг хадгалж үлдэх, хаяагаа тэлсээр буй цөлжилтийг хязгаарлах, үр хойчистоо эх байгалиа хадгалж үлдэх гэсэн санаа аж.
Бид социализм гэх хаалгаа хаагаад үүдээрээ ардчиллыг оруулж ирсэн ч үүрэг, хариуцлага гэх чухлаас чухал нөмрөгийг үлдээсэн нь өдгөө нэг компани, нэг хүний эрх ашиг гэж маргалдаад байгаа асуудлын үндсийн үндсийг тавьсан нь энэ. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, хиймэл оюун ухаан гэж ярьж буй энэ цаг үед хариуцлагатай уул уурхайн тухай илүү ярих болж. Уул уурхай чухал ч хомо сапьенс гэх төрөл зүйлийн төрөлх гэр орон болсон эх дэлхий чухал учраас нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайг биднээс хол тасраад алга болсон улс гүрнүүд чухалчилж байна. Монголын нүүрсний цор ганц худалдан авагч болоод байгаа БНХАУ л гэхэд уламжлалт уурхайнаас 2050 гэхэд бүрэн татгалзан, төлөвлөгөөт хугацаа хүртэл сэргээгдэх эрчим хүч рүү аажмаар шилжих зорилт дэвшүүлж буй билээ. Гэтэл бид одоо л хариуцлагатай уул уурхайг цогцлоох тухай ярьж байна.
Хариуцлагатай уул уурхай гэдэг нь юу юм бэ? Байгалийн цогцолбор, тухайн нутгийн экосистемийг хадгалж буй газар оронд бол өндөр хөгжилтэй орнууд угаасаа олборлолт хийж байгаагүй. Геологи, хайгуулын судалгааны явцад ухуулах, эс ухуулахаа шийддэг байж.Тэгэхээр ор тас хорь гэсэн ч үг бас биш аж. Тухайн нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хэр зэрэг алдагдуулах вэ гэдгийг судлахын тулд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг ч давхар хийх ёстой. Хэргийн эзэн болоод, төрийн төмөр нүүртэй тулах нь тодорхой болсон “Сауд гоби коэл транс” компани дээрх хамгийн чухал үнэлгээг ч хийлгээгүйг Гурван тэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид хэлж байсан удаатай.
“Сауд гоби коал транс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл нь хууль бус гэдэг нь нотлогддог. Анх “Айвенхоу Майнз”-д тусгай зөвшөөрөл олгогдсон. SGS гэдэг охин компанид Гурван тэсийн бүх лицензийг шилжүүлсэн байдаг. Гэхдээ хугацаа нь дууссан лицензийг хууль бусаар сунгаад зарчихсан байдаг. АМГ-т хоёр сая төгрөгөөр хахуульдаж энэ лиценз олгогдсон байдаг. Байгаль орчны ерөнхий үнэлгээг хууль бусаар гаргасан байдаг. Байгаль орчны ерөнхий үнэлгээ баталж байж үйл ажиллагаа явуулах ёстой. Зайлшгүй Сумын Засаг даргаас санал авах ёстой. Гэтэл үнэн хэрэгтээ ЗДТГ-аас лавлагаа авахад ердөө дэмжсэн санал аваагүй гэдэг нь баримтаар нотлогдсон” гэж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид ярьсан юм.
Монгол Улсын Засгийн газрын энэ шийдвэр хууль зөрчигчдөд таагүй сонсогдож байж болох. Гэхдээ Монгол Улсын нийт эрх ашгийн төлөө учраас нутгийн иргэдэд энэ мэдээ магадгүй амьдралдаа сонсож болох хамгийн чухал мэдээ ч байж болох талтай. Гэхдээ хариуцлагатай уул уурхайн төлөө дуугарч чадаагүй өмнөх Засгийн газруудыг бодвол У.Хүрэлсүхийн Засгийн газар манлайлал үзүүлж, шийдвэрээ гаргаж чадлаа. Эрх мэдэлд сүлбэлдсэн нөхдөд поп дуу мэт харагдаж болох ч улс орны алс хэтийг харвал энэ шийдвэр магадгүй хариуцлагатай уул уурхайг цогцлоох үйлсийн шанг татсан түүхэн үүрэгтэй ч байж мэднэ.
“Монгол Улсын Засгийн газар Тост, Тосон бумбын нурууг анх тогтоож байсан хэмжээгээр нь тусгай хэрэгцээнд авах хатуу байр суурьтай байгаа. Монгол Улсын Засгийн газар Өмнийнговьчууддаа баярлах ёстой. Улсын төсвийн 80-90 орчим хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрдэж байгаа. Үүний 40-50 хувийг Өмнөговь аймаг бүрдүүлж байгаа. Өмнөговь аймаг цаашдаа хариуцлагатай уурхайг хөгжүүлэх ёстой. Засгийн газрын байр суурь ч ийм байгаа” гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ярьсан юм.
Хариуцлагатай уул уурхайг цогцлоох олон тэмцлийн эхлэл нь магадгүй Тост, Тосон бумбыг хамгаалахын төлөөх тэмцэл байж болох юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хэлснээр хууль, дүрмээ мөрдөж ажилладаггүй төрийн дээр сандайлсан компаниудад сургамж болсон үйлдэл нь энэ боллоо. Дээрээ төртэй, дэргэдээ хуультай Монгол Улсад цаашид энэ мэт үйлдэл гарах ёсгүй. Энэ тэмцлийн дараа шийдлээ хүлээж буй Ноён уул, Асгат гээд олон орд бий. Хэдийгээр ардчилсан нийгэмд хувийн хэдэн компани руугаа дайрч байгаа мэт харагдаж болох ч эрх мэдлийн том бамбайгаар хуулийн дээгүүр алхсан ямар ч үйлдэлтэй хууль ёсны дагуу тэмцэх ёстой. Энэ бол аливаа улсын Засгийн газрын үүрэг юм. Тостын нурууг тоосонд бөртийлгөхгүй юмсан гэх Өмнийнговьчуудын хүсэл ийнхүү олон жилийн дараа биеллээ оллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр өглөө өгсөн үүргийг оройд нь биелүүлж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Кадастрын алба “Сауд гоби коал транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн “Захиргааны хэргийн шүүх дээр очоод замхраад алга болдог. Ийм олон кейс бидэнд бий. Гэхдээ бид үүнийг таслан зогсоохын төлөө явах ёстой” гэж хэлснийг сануулъя.
Сэтгэгдэл ( 3 )
Tsaishid yhyylahgui hamgaalaltand avaj bga um bish uu
Энэ бол орсод түгээмэл болдог рейдерский захват-ын монгол хувилбар боллоо.Энэ лиценз нэг мэдэхэд хэний гарт орчихсон байх бол?