Хорт хавдрын эсрэг амьтны гаралтай бэлдмэлийг Монголын эрдэмтэд нээсэн гэсэн яриа гараад нэлээд хугацаа өнгөрсөн. Хорт хавдрыг дарангуйлагч эм бэлдмэлийн туршилт, судалгаа дууссан уу. Хэзээ хэрэглээ болох вэ гэдэг талаар "Монос" группын ерөнхийлөгч, төрийн шагналт, эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатарыг энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа.
-Хорт хавдрыг эмчлэх эм бэлдмэл ямар шатандаа явж байна вэ, яг юунаас эм бэлдмэлээ гаргаж авсан бэ, хэзээнээс хэрэглээ болох бол?
-10 гаруй жил ноцолдож байна. Хамгийн эхний туршилтыг амьтан дээр хийсэн. Маш амжилттай болсон. 1996 оноос эхлэлтэй ажил маань одоо үндсэндээ төгсгөлийн шатандаа орлоо. Зөвлөлтийн эрдэмтэн Филатова зуун настаас алоэ гэдэг тариа гаргаж авсан. Бүхий л төрлийн өвчинд сайн таардаг тариа байдаг шүү дээ. Алоэг зуун настнаас гаргаж авсан. Энэ ургамал халуун дулаан гэрэлтэй газар их сайн ургадаг. Харин түүнийг хар цаасаар ороон гэнэт тасдаж аваад хөргөгчинд хийхэд зуун настын эд эсүүд хатаж, хөлдөхгүйн тулд эсийн дотор байгаа бүхий л энерги, эрч хүчээ ялгаруулдаг. Үүнийг нь тариа хийхэд ашигладаг. Энэ тариа биеийн эд эс сайжруулах чиглэлээр бүх л төрлийн өвчинд хэрэглэж байна. Ер нь хүний дархлааг сайжруулаад өгөхөөр биеийн эд эс сэргээд ирдэг л дээ. Хорт хавдрын эсрэг бэлдмэл хийхдээ энэ аргыг ашигласан. Биотехнологийн шинэ арга л даа. Үхрийн элгийг халуун байхад нь хорт хавдрын үүсгэвэр цацаж нөлөөлөхөд амьд эд эсүүд үүний эсрэг энерги, дотоод нарийн хүчээр эсэргүүцдэг. Үүнийг нь шинэ эм хийхдээ ашигласан. Олон жилийн ажилд надаас гадна анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага, Б.Саранцэцэг гээд манай уламжлалт анагаах ухааны хоёр том эрдэмтэн хамтарч ажиллаж байгаа. Мөн анагаах ухааны магистр С.Цацрал байна. Бидэнд Японы Осака хотын Анагаах ухааны их сургуулийн доктор, профессор Хаяаши, Хятадын Дальяны их сургуулийн Зао, Шанхайн их сургуулийн анагаах ухааны доктор профессор Ли зэрэг эрдэмтэд маш их туслалцаа үзүүлсэн. Саяхан Финланд яваад ирлээ. Тэндхийн "VТТ" гэж судалгааны том төв байдаг. Хавдрын эс дээр эм яаж үйлчилж буйг судалдаг төвд хавдрын эсийн ийлдсийг судлахаар гэрээ байгуулаад ирлээ. Манай биотехнологийн хүрээлэнд эсийн өсгөвөрийн лаборатори гэж бий. Тэнд өвөрмөц нарийн туршилт хийлээ.
-Клиник туршилт буюу хорт хавдартай хүмүүс дээр туршиж байгаа гэж дуулсан. Хэр үр дүнтэй байна вэ?
-Хавдраар өвчилсөн хүнээс эс аваад түүн дээр нь туршилт хийж байгаа. Дэлхийн түвшинд судалгаанд ашигладаг стандарт эс гэж байдаг. Тийм эсэд ч туршилт хийсэн маань маш амжилттай үр дүн үзүүлсэн. Технологийн туршилт, стандарт боловсруулах гээд олон туршилт үндсэндээ дууссан. Өнгөрсөн 9 дүгээр сараас хүн дээр хийх туршилт эхэлсэн. Энэ туршилт бол 3-5 жил үргэлжилдэг. Туршилтын үр дүн хараахан болоогүй. Гэхдээ манай эрдэмтэд цоо шинэ юм учраас хаширлаад хамгийн сүүлчийн шатандаа орсон өвчтөнд туршихыг зөвшөөрсөн. Хорт хавдар нь хүндэрсэн үед амьтны гаралтай эм байтугай химийн хүчтэй эм бэлдмэл ч амар нөлөөлдөггүй. Нэлээд төвөгтэй туршилт явагдаж байна. Урьдчилсан байдлаар хорт хавдар нь хүндэрсэн өвчтөнд хийсэн туршилтын эхний үр дүн нааштай гарсан. Хавдрын эсийн ургалтыг удаашруулан, барьж байгаа нь тодорхой болсон. Элэгний хатуурал, элэгний бусад эмгэг өвчнийг эмчлэхэд нааштай үр дүн байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Энэ бүхнийг хамаагүй дэлгэрэнгүй яриад байж болохгүй. Туршилтад орж байгаа өвчтөнд сэтгэлзүйн хувьд нөлөөлөх ч юмуу, туршилт дуусаагүй учраас хамаагүй зарлаад баймааргүй байх юм. Хүмүүс ажил хийлгэхгүй тэр эм бэлдмэл чинь хаана байна тэнд энд хүнд хүн байна гээд зүгээр суулгахаа болиод бөөн хэл ам болдог юм. Мөн умайн хүзүуний хорт хавдартай хүмүүст туршихаар зөвшөөрөл авсан.
-Ер нь хэдийгээр хүмүүсийн хэрэглээ болох юм бол? Эллипин гэж хорт хавдрын эсрэг эм бэлдмэл чинь тариагаар байх уу, уухаар юмуу?
-Би түрүүн хэлсэн. Хүн дээр хийх туршилт 3-5 жил үргэлжилдэг. Бидний хийсэн энэ бэлдмэл бол амьтны гаралтай бүтээгдэхүүн. 2013 он гэхэд эцсийн байдлаар бүрэн гарна. Тарианы хэлбэрээр, уухаар, лаа хэлбэрээр, тосон хэлбэрээр байж болно. Ямар өвчтэй хүнд хэрэглэхээс шалтгаалаад янз бүр байх юм. Ер нь элэгний хорт хавдар, церрозтой хүмүүс зөөлөн капсултай шингэн тослог байх жишээтэй. Умайн хүзүүний хорт хавдартай хүмүүст лаа хэлбэрээр ч гэдэг юмуу.
-Үнэ ханш ямар байх бол? Өвчтөн хэр зэрэг хэмжээ дамжаатайг хэрэглэх вэ?
-Лабораторийн нөхцөлд туршиж байгаа. Маш их элэг ордог. Тэгсэн хэрнээ өчүүхэн хэсгийг нь ашиглах жишээтэй. 60 гаруй мянган долларын тоног төхөөрөмж авсан 24 цагаар ээлжилж туршилтаа хийж байна. Шинэ байртай, шинэ тоног төхөөрөмжтэй болсон. Олон жилийн хөдөлмөр. Одоогоор үнэ хэлэхэд эрт байна. Гэхдээ боломжийн үнэтэй байх болов уу. Уух хэмжээ нь 500 мл граммаар савлагдсан байх юм. 25 мл грамм нь хорт хавдрыг бууруулах бэлдмэл дээр нь чацарганы цэвэр тос нэмэх юм. Чацарганы тос гайхамшигтай шүү дээ. Манайхан гадаадаас "Омега-3", "Омега-6" гээд үнэтэй капсултай витамин уугаад байдаг шүү дээ. Тэр бүгд чинь чацарганы тосонд хангалттай байдаг. Чацаргана жимс амин дэмийн агууламжаараа бүх жимсний тэргүүн эгнээнд ордог. Харин үхрийн элгийг хуурайшуулаад цус багадалттай хүмүүст зориулсан бүтээгдэхүүн хийж байгаа шүү.
-Үхрийн элэгнээс авдаг гэхээр түүхий эдийн хувьд манайд олдоцтой байх юм биш үү?
-Үхрийн халуун элэг шаардлагатай. Халуун гэдэг маань үхрийн элэгний эд, эс үхжиж амьжаагүй байхад нь хавдар үүсгэгч бодисоор тухайн элэгт нөлөөлж хавдрын эсийг эсэргүүцэх хариу үйлдлээс гарсан бодисыг авч биотехнологийн аргаар боловсруулж байгаа юм. Дэлхий дээр амьтны гаралтай хорт хавдрын эсрэг эм бэлдмэл ховор доо.
- Дэлхий нийтээрээ антибиотик, эмийн хэрэглээнээс татгалзаж, аль болох ургамлын гаралтай, амьтны гаралтай нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлздэг болжээ. Ер нь
антибиотик хүний биед дасал болоод өвчин эмгэгийг илааршуулахаасаа илүү хор
болж байна гэж саяхны манайд болсон олон улсын эмийн хэрэглээний чуулганы
үеэр нэлээд ноцтой тоо баримт хэлж байсан. Та дотоодын эм үйлдвэрлэгч томоохон
компани толгойлдог хүний хувьд антибиотикийг орлуулах шинэ эм бэлдмэл санаачилж байна уу?
-Антибиотикийг буруу хэрэглэснээс болоод хүний биед дасал болж, өвчин архагших тохиолдол их болжээ. Хамгийн түрүүнд мэдэж байх нэг зүйл бол антибиотикийг 5-6 хоногоос хэтрүүлэх хэрэггүй. Бас ганц хоёр хоног уугаад орхиж болохгүй. Дутуу хагас уугаад орхихоор нян үлдэж тухайн антибиотикт тэсвэртэй болоод үржчихдэг. Тэр нь хүмүүст халддаг. Эмийн зохистой хэрэглээнд их анхаарах хэрэгтэй. Манай Моносын эмийн сангуудад жоргүй олгодог, жортой олгодог тасаг тусдаа байдаг. Жижигхэн тоо хэлэхэд дэлхийн дундаж үзүүлэлт бол нэг хүнд жилд 120 ам.долларын эм ногддог.
Харин яаж ч нэмээд монгол хүн жилд дунджаар 15 долларын л эм хэрэглэдэг. Дэлхийн дунджаас найм дахин, хоёр хөршөөсоө 3-4 дахин бага юм шиг харагдаж байгаа биз. Гэтэл парацетамол гэдэг эмийг бид жилд 10-аад тонныг хэрэглэдэг. Гэтэл аль хэдийн парацетамолыг элгэнд муу нөлөөтэй гээд хэрэглэхээ больсон. Бензил пеницилиныг Европод хэрэглэхээ больсон. Түүний оронд гурваас таван сая нэгжтэй пеницилин хэрэглэж байна. Нэг сая, 500 мянгын нэгжтэй пеницилиныг ядуу орнуудад зориулж үйлдвэрлэж байгаа юм. Монгол хүн жилдээ дунджаар 16 удаа тариулдаг гэсэн тоо бий. Ингээд харахаар асар их тариулж асар их эм хэрэглэж байна. Тэгсэн хэрнээ үнийн дүн яагаад ийм бага байна вэ гэхээр бид маш хямдхан эм хэрэглэдэг. Хямд эм гэдэг маань чанар муутай, хоцрогдсон гэсэн үг. Орчин үеийн шинэ эм хэрэглэж чадахгүй байна шүү дээ. Үүнийг би Эмийн үндэсний бодлогын бага хурал дээр ярьсан. Үүнийг олон хүн хүлээн зөвшөөрөх дургүй байгаа. Өнөөдөр бид нянгийн эсрэг мэдрэмж муутай антибиотик хэрэглэснээр өвчнөө архагшуулах эсвэл удаан хугацаагаар нян тээгч болоод явж байна шүү дээ.
-Танайх ч бас гаднаас эм оруулж ирдэг биз дээ?
-Тийм ээ. Манайх гадаадын 40-өөд орны 110 орчим нэр төрлийн эм оруулж ирдэг. Монгол хүнд сонголт хийх боломжтой болж байгаа хэрэг. Америк, Швейцарь, Францын дэлхийн эхний аравт ордог пүүсүүдийн эмийг оруулж байна. Хүмүүсийн амьжиргааны түвшин доогуур учраас тэр бүр худалдан авч чаддаггүй. Тийм болохоор бид хүмүүсийн төлбөрийн чадварыг бодож Европын зарим пүүсүүдээс үнэ дунд зэргийн ч чанар нь нэлээн өндөр эм оруулж ирж байгаа. Манай хүмүүсийн буруу сэтгэлгээ байдаг. Монголд өчнөөн эм уугаад эдгэдэггүй. Японд очоод ганц эм худалдаж авч уугаад эдгэсэн гэж яриад, түүнийг нь ямар эм бэ гээд бие биедээ дамжуулж яриад. Хаанахын хэн ямар газар хийснийг нь ч сайн мэдэхгүй мөртлөө гадаадын эм байвал ерөөсөө сайн гээд итгэчихсэн. Жоргүй олгодог эмийг тухайн хүн сонголтоо маш сайн хийж, эмийн сангийнхан ч тухайн эмийг маш сайн мэдэж судалсан байх учиртай. Хэрэглэгчдэд сонгож авахад нь чин сэтгэлээсээ туслагч байх учиртай. Харин жороор олгодог эмийг яаж ч уйлж дуулж байсан жоргүй олгож хэрхэвч болохгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Амьтан ургамлын гаралтай бэлдмэлүүд хүний эд, эстэй ойр учраас гаж нөлөө байдаггүй. Химийн гаралтай эм нянгийн тухайн өвчний эсрэг нөлөөлөхөөс гадна эрүүл эд эсэд ч нөлөөлдөг аюултай шүү дээ. Гаж нөлөө ихтэй учраас ургамал, амьтны гаралтай зөөлөн эм бэлдмэл рүү дэлхий нийтээрээ хошуурч байгаа юм. Дэлхий дахины эмийн хэрэглээ жилд нэг 6-7 хувь дунджаар өсөж байхад байгалийн гаралтай эм бэлдмэл 15 хувь өсөж байгаагаас харагдаж байгаа юм. Манай үйлдвэрийн хийж байгаа бүтээгдэхүүний 70 орчим хувь нь байгалийн гаралтай ургамал, амьтан, эрдсийн гаралтай эм, бэлдмэл байдаг.
-Танайхаас гаргаж байгаа эм бэлдмэлийг хүмүүс ер нь хэр худалдаж авдаг вэ, Салимоныг чинь гадаадын улс орон хүртэл захиалж авдаг гээ биз дээ. Үнэ нь ч харьцангуй гайгүй. Хүмүүс сүлжээний янз бүрийн бүтээгдэхүүнд хамаг мөнгөө сэгсэрч дууслаа? Тэгээд тэр нь байнга хэрэглэж байхаар хийгээд байх шиг байгаа юм. Тухайн үед ууж, идээд их сайхан болж байгаа юм шиг санагдаад завсарлахаар бахь байдагтаа очдог юм шиг?
-Хүний биеийн дархлаа сулраад ирэхээр л өвддөг. Уламжлалт анагаахын олон найрлагатай жоруудыг аваад үзэхэд тэнд заавал хүний дархлаа сайжруулах эм бэлдмэл тогтмол байдаг. Эсийн дархлаа, шингэний дархлаа гэж олон төрлийн дархлаа бий. Дархлаа сайжруулах эм, бэлдмэлийг хэрэглэж байх юм бол өвдөхгүй дээ. Наад зах нь витамин “С” ууж бай. Манай салимон бэлдмэл яах аргагүй гурван төрлийн дархлааг жигд сайжруулдаг. Энэ бэлдмэл нь хортой, хоргүй хавдрын хими болон туяа эмчилгээний үеийн цус багадалт үүсэхээс сэргийлж, хоргүйжүүлж, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхэд маш үр дүнтэй. Тонзилмон гэж ургамлын гаралтай, хоолойны ангины үед гүйлсэн булчирхай томрох, хоолой дахин дахин өвдөхөөс сэргийлж, гүйлсэн булчирхайн орчмын дархлааг сайжруулдаг эм бий. Монголчуудын ярьдаг хоолойны мах томорч мэс засал хийлгэх, нянгийн архаг голомт бий болохоос хамгаалж, цаашилбал зүрх, үе мөчний өвчнөөс ч сэргийлдэг. Читамон ханиад томуугаар өвдсөн үед ханиалга дарна, цэр ховлох, үрэвсэл намдаах, тайвшруулах давхар үйлчилгээтэй. Олон төрлийн ургамлын найрлагатай. Дентамон буйл болон амны хөндийн нянг устгаж, буйл өвчлөх, шүд цоорохоос урьдчилан сэргийлдэг. Нефромон манайд ургадаг эмийн ховор ургамлаар хийсэн. Биеэс хортой бодисыг зайлуулж, шээс ялгаралтыг нэмэгдүүлдэг, Хаванг багасгаж артерийн даралтыг бууруулна. Бөөрний эдийн гэмтэл, үхжлийг багасгадаг. Долоогоны ханд бамбайн ханд Эрвалкор гээд нэрлээд байвал хүн арддаа зориулж хийсэн гаж нөлөөгүй, элдэв химийн элемент ороогүй эм бэлдмэл зөндөө байна шүү дээ. Зөгийн бал таван салааны ханд гэхэд ходоод эмчлэх ургамлын бэлдмэл шүү дээ. Өнөөгийн бидний завгүй амьдралын хэв маяг нь хоолны дэглэм алдагдах, хоолны шингэц муудах, ходоодны шархлаа үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Таван салааны шүүсэнд агуулагдах салслаг болон бусад биологийн идэвхт бодис нь ходоод, 12 нугалаа гэдэсний шархны эдгэрэлтийг түргэсгэх, ходоодны шүүсний хүчиллэгийг хэвийн болгон үрэвслийг анагаадаг. Харин зөгийн бал нь хоол боловсруулах, фермент, олон төрлийн амин дэм, эрдсээр баялаг учир ходоодны нянг устган ходоодны эд эсийн нөхөн төлжилт, эдгэрэлтийг сайжруулахад онцгой нөлөөтэй. Ургамлын гаралтай зөгийн бал таван салааны ханд бол ходоод эмчлэх хамгийн зөв бэлдмэл. Янз бүрийн эм уухаас илүү үйлчлэлтэй. Үнийн хувьд дээрх хэдэн нэрлэсэн бэлдмэлүүд 3000 төгрөгөөс хэтрэхгүй. Уг нь хүн өвдсөн хойно биш, өвдөхөөсөө өмнө өөрийгөө урьдчилан сэргийлж явах эм судлалын хүрээлэнгийн ажлын 50 хувь нь урьдчилсан сэргийлэх эм бэлдмэл хийх зорилготой ажилладаг.
-Манайд эмийн ургамал хэр олдоцтой байдаг вэ, цөлжилт болоод байхаар эмийн ургамал устаж үгүй болно биз?
-Эмийн ургамал элбэг гэж хэлэхгүй. Манай улсын газар нутгийн ихэнх хэсэг цөлжилттэй. Нөгөө нэг хэсэг нь хуурай чийг багатай учраас ургамал тачир ургадаг. Гадаадтай харьцуулахад элбэг гэж хэлэхгүй. Газар нутаг их учраас энд тэнд тархсан нь их. Ургамлын нэр төрөл их. Яг түүгээд, бэлтгэхэд их гэж хэлэхгүй. Дээр нь салимон, нефромонд ордог эмийн ургамлын ихэнх нь говьд ургадаг. Одоо нөгөө говьд маань уул уурхай хөгжөөд ургамлын нөөцтэй газар маань устаж үгүй болох нь. Бид нар ургамлын нөөцтэй болохын тулд эмийн ургамал тарималжуулах станц байгуулсан. Ботаникийн хүрээлэнтэй нийлж хоёр жил судалж байна. Байгаль дээр яаж нөөцийг нь арвижуулах вэ, тарималжуулж болох нь уу гэж. Би өөрөө соёолуулчихсан байгаа та бүхэн харж болно. Тэр ховор ургамлыг тарималжуулах гэж үзэж байна даа. Эмийн ургамлын амьд цуглуулга хийж байгаа. Зарим ховордсон ургамлаа тарималжуулсан. Зарим ургамлын нэрийг тодорхой хэлэхгүй. Түүх хугацаа гэж бий. Хамаагүй зулгаах юм бол эм болохгүй шүү дээ. Чихэр өвс түүлээ гэхэд авсан газрыг нь эргээд булдаг.
-Тарималжуулахаар чанар нь муудах уу?
-Чанар нь янз бүр. Чихэр өвсийг тарималжуулахад харин ч газар дээр байснаасаа идэвхжил нь илүү байх жишээтэй. Адил төстэй орчинд тарималжуулах гэж үзэж байгаа. Ургамлаас хамааралтай.
-Чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан шинэ бүтээгдэхүүн хийж байгаа гэж дуулсан?
-Бидний туршилт нэлээн эртнээс эхэлсэн. 2001 онд Японд ажлаар явж байтал японы нэг эрдэмтэн манайд чихрийн шижингийн эм шиг чухал юм алга. Танай Монголд ч удахгүй их болно доо гэж байсан. Тэр үеэс эхлээд уламжлалт анагаах ухааны жоруудыг судалсан. Бас л 10 гаруй жил туршлаа. Одоо дэлхий дээр хүмүүсийн хэрэглээ болоод байгаа эм бэлдмэлээс илүүг хийж байж би тийм илүү зүйл хийлээ гэж дуугарах учиртай. Сахарын хэмжээг бууруулдаг ургамал байдаг. Тэднийг нь бид олсон. Яг хэрэглээнд гаргах хараахан болоогүй. Гэхдээ удахгүй.
-Түүхий эд нь үхрийн элэг учраас олдохгүй гэх бэрхшээл гарахгүй юм шиг?
-Үхрийн халуун элэг хэрэгтэй. Халуун гэдгийн учир нь үхрийн элэгний эд эсүүд үхэж амжаагүй халуунаараа байхад нь биотехнологийн аргаар гаргаж авдаг гэж дээр хэлсэн. Маш нарийн механизм юм. Амьтны гаралтай хорт хавдрын эсрэг эм дэлхийд ховор.
-Ер нь дэлхий нийтээрээ антибиотикийн хэрэглээнээс татгалздаг болсон. Антибиотик үйлчлэхгүй хүний биед дасал болж анагаах үйлчилгээ байхгүй болсон учраас тэр.
-Засаг төрөөс хэр дэмждэг вэ, хүнд хэрэгцээтэй зүйл хийхэд тань ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Манайдбиотехнологийн, нано-технологийн өндөр боловсрол мэдлэгтэй нарийн мэргэжилтэн дутагдалтай байх юм. Одоогоор ОХУ, БНСУ-д мэргэжилтэн бэлтгэж байна. Япон, Финландад сургахаар тохиролцоод ирсэн. Мөнгө төгрөг зараад тоног төхөөрөмж авчихаж болж байгаа юм. Нарийн технологиудыг яаж нэвтрүүлэх вэ гэдэг чухал асуудал.
-Танай бүтээгдэхүүнийг гадаадын ямар улс оронд хэрэглэдэг вэ?
-Гадаадад Монголын нэрийг гаргачих юмсан гэсэн бодол байдаг. Манайхан гадаад талдаа өөрсдөө Чингис гэж яриад байдаг. Бид Орост болсон олон улсын эмийн үзэсгэлэнд очоод эмээ тавиад сууж байхад оросууд ирээд манай эмийг их сонирхож үздэг. Тэгээд "Монголд үйлдвэрлэв" гэсэн бичгийг хараад их цочиж, гайхдаг. Үүнээс харахад бидний гадаад имиж гэж байдаггүй. Оросуудын хувьд гэхэд л "монголчууд хэдэн малтай. Хамгийн сайндаа ноолуур, савхин цамцтай" гэдгээр Монголыг төсөөлдөг. Гадныхан болохоор бараг л мориор ажилдаа очдог уу гэж асуух нь холгүй байдаг. Орост бид өөрсдийн хоёр эмийг бүртгүүлэх гээд нэлээд зүдэрсэн шүү. Үйлдвэрлэсэн эмийг маань хэрэглэж үзээд авья гэдэг. Яг бүртгүүлэх гэхээр эмийн бүх шатны туршилтаа Монголд хийсэн гэдгийг сонсоод бүртгэдэггүй. Учир нь Монголын эмнэлэг, лаборатори олон улсын магадлан итгэмжлэлгүй. Тэгээд энд миний таван жилийн хугацаанд хийсэн бүх туршилтыг Орост давтан хийх жишээтэй. Миний хоёр эмийг Орост амьтан дээр туршаад дууссан. Одоо хүн дээр хийх туршилт нь эхэлнэ. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг, лаборатори манайд байхгүй.
-Орост ямар эмийг тань туршиж байгаа юм бэ?
-Одоохондоо нууц үлдээе. Бид үнэ хөлсөн дээрээ тохирч чадахгүй байна. Хамгийн хямдханаар нэг эмийг 300 мянгаас 3 сая доллар гээд байгаа. 500 мянга орчим доллароор хийлгэх гэж ярьж байна. Оросын хамтарсан компани маань намайг зоригжуулаад бүртгүүлж чаддаг л юм бол мөнгийг тань 5 жилийн дотор олно гээд байгаа. Манайд хийсэн туршилт бол амжилттай болсон.
-Хил гаалиар орж ирж байгаа эмийн хяналт манайд хэр байдаг юм бол?
-Монголд байгаа эмийн 30, 40 хувь нь хуурамч гээд хүмүүс яриад байх юм. Яг оруулж ирсэн эм бэлдмэлийг нь лабораторид шинжилж судлаад тэдэн хувь нь хуурамч байна гэсэн тоо баримт байхгүй. Гэхдээ зарим нэг ашиг хонжоо хайгчид хямд төсөр хаанаас авч ирсэн мэдэгдэхгүй хуурамч эм оруулж ирсэн байдаг. Ерөөсөө л иргэн та баталгаатай газраас эмээ авч хэрэглэ. Аливаа юмны хямдыг хараад яваад байх юм бол өөрийгөө л золиослоно гэсэн үг. Ер нь манай мэргэжлийн хяналтын , байгууллагын хүмүүсийн мэдлэг боловсрол хүрэхгүй, ажиллах боловсон хүчин хүрэлцэхгүй байх шиг. Төрөөс хяналтын тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай. Хүн төрөлхтөн ургамлыг эмчилгээнд хэрэглэдэг болсоор 5000 гаруй жилийн нүүр үзэж байгаа гэдэг. Харин 100-аас дээш жил хэрэглэсэн химийн гаралтай эм бэлдмэл бараг аспиринээс өөр байхгүй. Аливаа хүнд өөрийн дотоод нөөц бололцоо гэж байдаг. Эмийн ургамлын гол зорилго нь тэр нөөц хүчийг нь сэргээж, идэвхжүүлж өгөхөд оршдог. Ханиад дэгдэх үе дөхөж байна гэж бодвол та эмийн сангаас дархлаа сайжруулах ургамлын бэлдмэл аваад уучих хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн практикт 100 мянга гаруй эм бэлдмэл үйлдвэрлэж байгаагийн тэн хагас, зүрхний эмгэгийг анагаах эмийн 99 хувйиг зөвхөн эмийн ургамлаас гарган авдаг байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )