Ц.Элбэгдоржийг Орос ах нар гэдийх янзтай угтсан ч горьдоод үлдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн айлчлалаас монголчууд их зүйл хүлээж байлаа. Айлчлал үндсэндээ амжилттай болсон. Гэхдээ монголчууд хойд хөрш рүүгээ зургаан сарын хугацаанд визгүй зорчих боломж нээгдэх болов уу гэж харж байлаа. Үүнийг дагаад худалдааны харилцаа улам сайжирна гэж найдаж байсан хэрэг л дээ. Харамсалтай нь төдийлөн шийдэлд хүрсэнгүй. Улаанбаатар төмөр замын асуудал ч бүрхэг хэвээрээ үлдэв. 1949 оноос хойш хамтран эзэмшиж байгаа энэ том айлын 51 хувийг Монголын тал эзэмших талаар сүүлийн арваад жил хөндсөн боловч хойд ах нар урьдын адил гэдийсээр хоцорлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев “Хэлэлцээрийг хянаж үзнэ. Хоёр тал асуудалд нухацтай хандах ёстой” гэсэн дипломат яриагаар энэ удаа түр хойш тавив. Харин Ц.Элбэгдорж мөчөөгөө өгсөнгүй. Тэр хуучирч, үеэ өнгөрөөсөн төмөр замынхаа гэрээг шинэ нөхцөл байдалд нийцүүлэн сайжруулах тухай саналаа хэлээд авсан юм.

Оросууд хэзээнээсээ Монголын ураны ордыг ашиглах талаар ярьж ирсэн. Тэд уран олборлох “Дорнод уран” компаниа манайхтай хамтран байгуулаад байгаа. Энэ ажилд дутуу зүйл их бий гэнэ. Монголын талаас энэхүү хамтарсан үйлдвэрийн актив болон эд зүйлсийн жагсаалтыг тодорхойлох үүрэг оногдсон байв. Гэвч бас л саатаад байна. Үүнд Оросын тал жаахан таагүй хандсан бололтой. Дорнодын ураныг ашиглах төсөлд манай  “Эрдэнэт”, “Монголросцеветмет” нэгдэл, Оросын “Ростехнология” нэгдэл хамтарч оролцохоор болсон юм. Гэхдээ тэнд уран олдворлох гэж байсан Канадын “Хан ресурс” компани олон мянган долларын хөрөнгөө зарцуулан, үйл ажиллагаа явуулж  байлаа. Тэднийг Оросуудтай хамтран шахаж гаргахад хүрлээ гээд “Хан ресурс” компанийхан манайхыг олон улсын арбитрын шүүхэд өгөх болсон нь асуудлыг хүндрүүлж байгаа болов уу. Иймд Орос, Монголын Дорнод дахь бизнесийн ажил түр саатах болсонд аль аль нь сэтгэл дундуур, хүлээлтийн байдалтай болжээ.

Харин хоёр орны Анагаах ухааны академи хоорондын эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах санамж бичиг, цэрэг техникийн хамтын ажиллагааны явцад оюуны өмчийг харилцан хамгаалах тухай болон “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан цаазат газар байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа. 

Оросын талын хамгийн их сонирхол татсан зүйл нь Таван толгойн орд газар болоод байгаа ажээ. Өнгөрсөн оны долдугаар сард Засгийн газар “Эрдэнэт Таван толгой” компанийн хувьцааны 30 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад худалдах шийдвэрээ гаргасан юм. Энэ өрсөлдөөнд “Оросын төмөр зам”, “Сибирийн эрчим хүч” компани болон Солонгос, Японы хэд хэдэн компани оролцохоор санаалаа ирүүлээд байгаа. Оросууд “Оросын төмөр зам” компаниа консорциум болгожээ. Тендерт оролцогчид нь ордыг эзэмшихээс гадна Тавантолгойгоос Сайншанд хүртэл төмөр зам тавих шаардлагыг хангасан байх учиртай. “Оросын төмөр зам” компаний төлөвлөж байгаагаар бол энэхүү төмөр зам алсдаа Чита муж руу чиглэж, Сибирийг нэвт дамжин өнгөрөх юм байна.  Тиймээс тэдний төсөл монголчуудад илүү ашигтай ажээ. Манайх хоёр дахь төмөр замтай болно гэсэн үг. нүүрсээ Алс дорнод руу шууд тээвэрлэх боломж бүрдэнэ.  Оросууд Тавантолгойд амжилттай ажиллаж эхэлбэл тээврийн тарифаа хөнгөлөх талаар ам алдаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев “Манай тал Тавантолгойгоос их зүйл хүлээж байна. Энэ талаархи хэлэлцээр үргэлжлэх болно. Учир нь хэд хэдэн асуудлыг зөвшилцөх хэрэгтэй байна”  гэлээ. Үүнээс харахад Орос ах нар зарим зүйл дээрээ гэдийж байв ч томоохон бизнес төсөл буюу Тавантолгойг хараад бөхөлзөхөөс аргагүй болж байх шиг байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Д.Медведевтэй уулзсаныхаа дараа хэвлэлийнхэний өмнө “Шатахууны асуудлыг шийдвэрлэхээр талууд тохиролцлоо. Оросын нефтийн бүтээгдэхүүнээр Монгол улс хэрэгцээгээ бараг 100 хувь хангадаг. Оросын талын түншүүдийн тодорхой бус хүндрэлээс болж манай улсад нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоосон юм. Үүнээс болж манай газар тариалан болон аж үйлдвэрийн ажил, мөн хотын тээвэрт хүндрэл учраад байна. Хүндэт Дмитрий Анатольевич үүнд онцгой анхаарал хандуулж, асуудлыг шийдвэрлэхэд туслана гэж амласан” хэмээн мэдэгдсэн юм. Оросын хэвлэлүүд түүнийг “шатахуун гуйж” ирсэн гэж тоомжир муутайхан хандсан ч тэр энэ удаа Монголчуудынхаа хүсэн хүлээсэн гол зүйлийг тэдэнд тулган хүлээлгэж чадсан бололтой. Оросууд нүүрс, уран зэрэг ашигтай бизнес дээр сайн хамтрагчид байхыг хүсвэл манай шахатууны эрэлт хэрэгцээг хааж боох учиргүй биз ээ. Ийнхүү Оросууд энэ удаа гэдийх маягтай угтсан ч, баялагт маань горьдлого тавиад хоцорч байна. 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top