Энэ намар 20 мянга гаруй хүүхэд цэцэрлэггүй үлдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг хэрэгжүүлэхээр цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байгуулах, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээслэх зэрэг олон арга хэлбэрийг ашиглан ажиллаж байгаа хэдий ч шинэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй 20 мянга гаруй хүүхэд байх урьдчилсан дүн гарчээ. 

Тийм учраас байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих нь цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран энэ сарын 13-ний өдөр “Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл”  сэдэвт уулзалт зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжихээ илэрхийлсэн байна. 

Тодруулбал, АПУ ХК, Мобиком, Монос групп, Төрийн банк, Таван богд ХХК, Улсын клиникийн төв эмнэлэг, Делта Зонстракшн ХХК, Энержи Ресурс ХХК, МАК, Ленд ТН ББСБ, Хөгжил Трейд ХХК, Хайпер Маркет ХХК, Адмон ХХК –ний удирдлагууд оролцож, “Байгууллагын цэцэрлэг” санаачлагад нэгдэн ажиллахаар болжээ. 

Хувийн хэвшлийн байгууллагын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад дэргэдээ Цэцэрлэг байгуулан ажиллуулах нь чухал ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top