“Хүүхэд харах үйлчилгээ” одоо л хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

Цэцэрлэг амарчихлаа, танай хүүг хэн харж байгаа вэ гэхэд нэгэн ээж, манай хүү аавтайгаа хамт халтууранд явж байгаа гэв. Хөөрхий хүү гэртээ цоожлуулж байснаас ингээд ч болтугай аавынхаа дэргэд яваа нь арай л аюул багатай. Амралт эхэлсэн учир аав, ээжүүд ажилдаа явж, аж амьдралаа залгуулахын тулд хүүхдүүдээ энэ мэтчилэн боломжоороо харж, хандаж байна. Хувийн цэцэрлэгийн эрэлд гарсан зарим нь өндөр үнийнх нь босгыг давж чадалгүй бүдэрч байна. Харин улсын цэцэрлэгүүдийн үүд хаалга дангинатал цоожтой, намраас нааш онгойхгүй.

ХУВИЙН 538 ЦЭЦЭРЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 320 мянга орчим хүүхэд бий гэсэн тоон мэдээлэл байдаг. Тэдний 260 гаруй мянга нь цэцэрлэгт хамрагдаж, ойролцоогоор 100 орчим мянган хүүхэд цоожтой хаалганы цаана эсвэл өвөө эмээ, танил нэгний гар харж амьдардаг байна. Хүүхдийн цэцэрлэг амраад долоо ч  хоноогүй учир эцэг эхчүүд болж өгвөл гэртээ ойр бүр болдоггүй юм аа гэхэд хүүхдийг нь сайн харж чадах хувийн цэцэрлэг, өндөр өнжүүлэх, хувь хүний эрэлд гарчээ. Судалгаагаар улсын хэмжээнд 1416 цэцэрлэг байгаагаас нийслэлд 800 орчим нь үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн бус цэцэрлэг 538 байгаа юм. Харин 434 нь нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Хувийн цэцэрлэгүүд үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөө Нийслэлийн боловсролын газраас авдаг. Бид зун үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг хувийн цэцэрлэгийн талаарх нэгдсэн тоон мэдээлэл авахыг хүссэн ч, тус газрын мэргэжилтэн зун ажиллах цэцэрлэгт тусгайлан зөвшөөрөл олгодоггүй хэмээлээ. Тодруулбал, хувийн цэцэрлэгүүд эрэлт, хэрэгцээндээ тулгуурлан зургаа болон наймдугаар сард хугацаагаа сунган ажилладаг бөгөөд ихэнх нь долоодугаар сард амардаг байна.

ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТӨЛБӨР ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Хувийн цэцэрлэгийн төлбөрийн дундаж нь 250-300 мянга, хамгийн бага нь 100 орчим мянга байх аж. Тансаг зэрэглэлийн хороолол, хотхон дунд байрлах цэцэрлэгийн төлбөр маш өндөр буюу 900 орчим мянга байв.

Цэцэрлэг амарсны дараагаар хүүхдээ хэрхэн харж, ажлаа амжуулж байгаа талаар 10 эцэг эхээс тодруулахад, дөрөв нь хувийн цэцэрлэгт, нэг нь өдөр өнжүүлэхэд, хоёр нь хөдөө өвөө, эмээгийнх рүү нь явуулсан, нэг нь дүүгийндээ амартлаа түр байлгаж байгаа, хоёр нь өөрсдөө харж байгаа гэсэн юм. Гэхдээ зуны улирал эхэлсэнтэй холбоотойгоор сарын 150 мянган төгрөгийн үнэтэй цэцэрлэг өдрийн 10 мянга болгож үнээ өсгөсөн талаар нэгэн ээж хэлсэн юм. Нэг үгээр хэлбэл, цэцэрлэгүүд төлбөрөө хоёр дахин нэмжээ. Харамсалтай нь эцэг, эхчүүдийн цалин зун боллоо гээд өсдөггүй. Харин ч ажилласан хоног нь багасч байгаа энэ үед их л хүнд тусч байна гэцгээж байв.

Дөрвөн жилийн өмнө санаачилсан “Хүүхэд харах үйлчилгээ” хэрэгтэй цагтаа зогсчихдог нь бүр гачлантай. Энэ талаар эцэг эхчүүд, “Зуны улиралд л ажиллаж, хоосон үлдсэн цэцэрлэгүүдийг дүүрэн байлгаж байх ёстой биздээ” гэцгээж байсан нь үнэний ортой юм шүү.

“ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ” ЗУН АЖИЛЛАХГҮЙ

Эцэг эхчүүдийн гаргасан саналын дагуу “Хүүхэд харах үйлчилгээ”-ний талаар БСШУС-ын яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Б.Дуламжаваас тодруулахад, “Хүүхэд харах үйлчилгээ” 9-12, 1-5 сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулдаг. Анх баталсан хуулийнхаа дагуу л явна” гэсэн юм. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2015 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон эмэгтэй гишүүд эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах бүхий хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Удаан хөлтэй байсан ч уг хууль 2015 оны долдугаар сард батлагдаж, 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн байдаг. “Хүүхэд харах үйлчилгээ”-ний квотыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд хамтарч тогтоодог бөгөөд 2017 онд 1182 хүүхэд асрагч бэлтгэж 4000 гаруй хүүхдийг хамруулжээ. Тус онд үйлчилгээнд зориулж 5,4 тэрбумыг төсөвлөсөн байдаг. Гэхдээ “Хүүхэд харах үйлчилгээ” зун ажиллах боломжгүй, төсвийг нь улс дангаараа даах боломжгүй аж. Сүхбаатар дүүргийн 166 дугаар цэцэрлэг зуны хуваариар ажиллана гэсэн сайхан мэдээний мөрөөр холбогдоход “Санхүүжилт нь шийдэгдээгүй учир ажиллахаа больсон. Бид уг нь Олон улсын байгууллагын санхүүжилтээр зун ажиллах гэж байсан юм. Гэхдээ дүүрэг, дүүргээс нэг цэцэрлэг сонгон зун ажиллуулна гэсэн мэдээлэл байгаа” гэсэн юм. Хэдийгээр ийм яриа энэ хавар яригдаж Сүхбаатар дүүргээс гэхэд 135 дугаар цэцэрлэгийг сонгосон байсан ч мөн л санхүүжилтгүй хэмээн зогсжээ. “Улс санхүүжүүлнэ гэж байхгүй, эцэг эхчүүд нь зардлаа гаргана гэвэл харин байж болно” хэмээн яригдаж байсан ч шийдэгдээгүй байна.  Тэгвэл эцэг, эхчүүдээс энэ талаар санал авсан уу гэсэн асуултанд, аваагүй хэмээн БСШУС-ын яамны мэргэжилтэн хариулсан юм. Үнэндээ хүүхэд харах үйлчилгээ одоо л хэрэгтэй байна. Хэрвээ цэцэрлэг амрахаас өмнө энэ асуудлаар эцэг, эхээс санал авсан бол жилийн жилд зуны амралт нэртээ гурван сар хүүхдүүдээ харах хүнгүй, арай хийж намартай золгуулдаг тэд зөвшөөрөх байсан нь дамжиггүй.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.18) 2019 оны 06 сарын 06

Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна   Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913

0  |  0
зочин(103.212.119.186) 2019 оны 06 сарын 06

Хүүхдийн цэцэрлэгийг бүтэн жилээр нь ажиллуулж болдоггүй юм уу, Цэцэрлэгийн насны хүүхэдтэй хүмүүс зуны улиралд ажлаа хийхэд хүндрэлтэй. Байгууллагууд ч хяналт, шаардлага тавихад хүндрэлтэй байдаг. Цэцэрлэгийн багш нарын амралтыг зохицуулан ээлжээр амруулж болно. Өвлийнх шиг олон хүүхэд ирэхгүй байх. Судалгаа хийж үзэх хэрэгтэй. Заавал хичээл сургалт явуулахгүйгээр бхүүхэд харах үйлчилгээний хэлбэрээр ажиллуулж болмоор Төсөв мөнгө нь хүрэхгүй бол эцэг эхчүүдээс нь хоолны мөнгийг нь гаргуулж болно шүү дээ

0  |  0
Top