Монголын Үндэсний музей, Америкийн Монгол Судлалын төв, АНУ-ын Питсбургийн их сургуультай хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.
Дээрх судалгааны баг сүүлийн хоёр жил Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийжээ. Онцгой олдвор нь Эзэнт гүрний үед хамаарагдах ваартай өрөм, шар тос олдсон нь эрдэмтдийг төдийгүй эгэл түмнийг гайхшруулаад байна. Тус судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажилласан бөгөөд соёлын өвдөө онцгой анхаарахыг төр засагтаа дуулгаж байв.
/ваартай өрөм/
Америкийн Монгол судлалын төвийн Доктор Жулиа кларк “Бид 13 дугаар зууны түүхэн олдворыг бүрэн бүтэн хамгаалалтандаа авч, та бүхэнд танилцууулж байгаадаа баяртай байна. Соёлын өвийг хамгаалахад зөвхөн нэг байгууллага биш бүх нийтийн оролцоо чухал. 800 жилийн өмнө амьдарч байсан тав, зургаахан настай хүүхдийн булш олдсон боловч тоногдож, хамаг яс нь энд тэнд цацалсан байсан нь сэтгэл зурмаар санагдсан. Соёлын өвийг устгана гэдэг гэмт хэрэг” гэж хоолой зангируулан хэлж байв. Дашрамд дуулгахад эртний нэн үнэт 1000 гаруй олдвор өдгөө хадгалагдаж байгаа бөгөөд цаашид гадаад, дотоодын жуулчдыг татах томоохон музей барьж байгуулахад хангалттай нөөц бий гэдгийг Үндэсний музейн дарга захирал, Доктор Д.Сүхбаатар хэллээ. Мөн 70-аад булшны ДНК-г судална гэдэг бүхэл бүтэн алтан ургийн судалгааны гений судалгаа хийгдэнэ гэсэн үг. Музей байгуулах, сэргээн засварлах судалгааны төв байгуулах, сан хөмрөг баяжуулах зэрэгт санхүүгийн дэмжлэг маш их хэрэгтэй гэдгийг ч дурдаж байв. Энэхүү олдворыг нийслэлд авчрахын тулд зориулалтын хөргөөгчтэй машин техник байхгүй тул дэлгүүрээс мөс худалдаж аваад мөсийг нь сольж явж байжээ.
/Энэхүү ваартай шар тосыг эрдэмтэд зулын голтой болохыг тогтоов/
Эдгээр тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрчээ. Эдгээрийн дотор 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворууд юм. Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулаад байна.
“Хориг ууланд бүрэн хэмжээний авран хамгаалалт хийх байх гэж найдаж байна. Тоноглож талхлагдсан газрыг тусгай хамгаалалтын бүс үүсгэж, хамгаалах тухай нутгийн удирдлагад хэлсэн Хээ хуар бүхий торгоны тасархайд “ум” гэсэн бичигтэй байсан. Бүтэн үлдсэн булш алга. Бид түүхэн үнэт олдвороо тээвэрлэх явцад гэмтэл гарахаас сэргийлж, 18 хэмийн хүйтэнтэй хөлдөөгчид хадгалж авчирсан. Цаашид эртний олдворуудаа хадгалах багтаамжтай байр сав маш дутмаг байгааг төр засаг анхаараасай” гэж Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, Доктор Ж.Баярсайхан хэлэв. Олон улсын жишгээр олдвороо томоохон лабораторт хадгалж, судалдаг ажээ. Манай орны тухайд архелогийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого тун хомс гэдгийг докторууд учирлаж байв. Мөн түүнчлэн судалгааны багийнхан алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулаад байна.
Тухайлбал, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэг, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтагласан эд зүйл өүхий ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны тасархай, ширэн гутлын хэсэг, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваар, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх мэт хэдэн зуун олдворуудыг дэлгэн үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Love