Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрөгч

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06


Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал өнгөрсөн  долоо хоногт туульсын нэгэн оргил Санжийн Пүрэвийн уран бүтээлийг уншигч танд өргөн барьсан билээ. Энэ долоо хоногт уншигч таныг  дэлхийн дэвжээнд хүрсэн Монголын сонгодог найрагч Б.Явуухулангийн ертөнцөөр аялахыг урьж байна. 

 

Хүлэг минь, шүлэг минь

Чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй

                                                                                                Б.Явуухулан

Их Явуугийн тухай олон хүн дурсамж бичжээ. Хүн бүр өөрийн Явуутай болохоор энэ дурсамж хойшид ч үргэлжлэх болно.

1961 оны намар цаг. Даланзадгадын арван жилийн дунд сургуулийн наймдугаар ангид миний багш Х.Ваанжил уран зохиолын хичээл зааж дуусаад цүнхнээсээ морины зурагтай жижигхэн гоёмсог ном гарган ирж бидэнд харуулсан нь Б.Явуухулангийн "Мөнгөн хазаарын чимээ" байж билээ. Багш минь тэр номноос "Би хаана төрнө вэ?", "Алаг дэлхийд төрсөн минь учиртай", "Сохор зоосны дууль", "Хүсэл" зэрэг арваад шүлгийг уншиж өгч билээ. Арын ширээнд сууж байсан би эхний шүлэг уншсаны дараа хамгийн урд ширээнээ очиж суугаад тэр шүлгүүдийг чихэр хүлхсэн хүүхэд шиг л амтархан сонссон санагдана. Хичээл тармагц аймгийн номын сангаас нөгөөх шүлгийн номыг авч, шинэ дэвтэрт бүх шүлгий нь оройжин хуулан авсан. Хэдхэн хоногт Явуугаар амьсгалж, тэдгээр шүлгийг толгой дараалан цээжилсэн юмдаг. Яруу найргийн гэрэлт харгуйд би анх ингэж "Мөнгөн хазаарын чимээ"-нээр орсон түүхтэй. Тэр ном бол Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг Монголоос төгссөн хоёр дахь оюутан Явуухулангийн дипломын ажил төдийгүй Монголын яруу найрагт хийсэн түүний шинэчлэлийн эхэн байсныг хожим би мэдсэн. Хоёр дахь номоо хэвлүүлсэн говийн хэнзхэн шүлэгч би 1977 онд МЗЭ-ийн гишүүний батлахыг Явуугаас гардаж авахад тэрбээр "За Хархүү минь, их юм хий, сайн бич. Хол явах эрхийн чинь үнэмлэх гэж наадахаа бод. Залуучууд та нарт бид итгэж явдаг юм шүү" гэж чин сэтгэлээсээ дотночлон хэлсэн нь одоо ч санаанд тодхон байдаг юм.Түүнээс хоёр жилийн дараа Монголын уран зохиолын өдрүүд Өмнөговьд зохиогдоход С.Удвал тэргүүтэй зохиолчид ирж билээ. С.Эрдэнэ, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, С.Дашдооров, П.Пүрэвсүрэн зэрэг дотоод, гадаадын 10 гаруй зохиолчид олон удаа уулзалт хийн говь нутгаар явахад би хамт явалцаж шүлгийн сайныг сонсч, хүний сайхан үгийг дуулж биширч билээ. Ханхонгор сумын Баянгийн хоолойд болсон тэмээчдийн баярт оролцохдоо Явуу маань "Тэмээ" гэдэг алдарт шүлгээ уншсан. "Мөр нь хүртэл унасан навч, мөрөөсч буйлах нь лимбийн эгшиг" гэж уншихад нь хүмүүс алга нижигжнүүлэн, "Та энэ шүлгийг говьд ирээд бичив үү" хэмээн асууж байж билээ. Говь Гурвансайхан, Хатан Сэрвэй, Хонгорын гол, Ёлын амаар явцгаагаад пионерийн зуслан дээр уулзалт хийлээ. Тэр уулзалтад би "Би адуучин хүн" шүлгээ уншсан. Дараахан нь "За хүү минь, чи сайхан шүлэг бичжээ. Дэндүү уран цэцэн байна. Үгийн тэр гялбаанаас чинь болоод хэлэх гэсэн санаа чинь бүдгэрээд байна" гэх зэргээр сэтгэлийн сайхан зөвлөгөө өгч билээ. Тэр үед Явуу маань "Говийнхон" гэдэг сайхан шүлгээ бичсэн гэдэг. Энэ мэтээр их найрагчийн тухай олныгдурсажболно. Бид Явуугүйгээр 27 жил болжээ. Гэвч тэрбээр ардынхаа зүрхэнд амьдарч, Монгол сайхан орон, эх сайхан дэлхийтэйгээ үүрд хамт оршиж байна. Түүнийгээ тэнгэрийн оронд явсны дараа гэргий Адъяа гуай, судлаач Я.Баатар нар хичээл зүтгэл гарган бүрэн түүврийг нь, алдарт "Мөнгөн хазаарын чимээг" нь хэвлүүлжуншигч олноо баярлуулсныг хэлэх учиртай.

1949 онд "Ээждээ" шүлгээр уран бүтээлээ эхэлсэн Явуухулан найрагч шүлэг найргийн 20-иод ном бүтээснээр Монголын яруу найргийг уянгын гэрэлт замд хөтөлсөн гавьяатай. Тиймээсч 1967 онд төрийн шагнал, 1979 онд СГЗ цол хүртээсэн билээ.

Үгийн өнгө, хөг аялгууг олон хүнд мэдрүүлж, яруу найргийн бүхэл бүтэн хороо цэргийг бэлтгэж өгсөн, яруу найраг нь дэлхийн дэвжээнд жолоогоо нэгэнт өргүүлсэн гарамгай яруу найрагч Б.Явуухуланг нас барахад Ардын уран зохиолч С.Дашдооров агсан "Монголын яруу найргийн тэнгэрт мэлмэрч байсан уянгын сайхан мөнгөн сар үүрд шингэлээ" гэж хэлж билээ. Түүний шарилын чулуун дээр "Алаг дэлхийд төрсөн минь учиртай" гэсэн бичээс бий.

Алаг дэлхийд төрж, амьд явахын учир утгыг Явуу маань үзүүлж чадаж, "Хүүгийн ёсоор эх орондоо хайртай байсан гэж хойч үеэрээ ам бардам хэлүүлж" чадсан ховорхон суу билэгтэн байж дээ.

Явуу бол "Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрж", "Мөнгөн хазаарын чимээнээр онгон зүрхийг цочоон баясгаж", "Хар ус нуурын шагшуургыг чагнан бодлогоширч", "Тэхийн зогсоол" дээрээс "эх орондоо" үгээ хэлж, "Намрын мөнгөн өглөөний сэрүун тунгалагт давхин", "Бүсгүй хүнийг хайрлах сэтгэлээр", "Яруу найраг миний амьдрал" хэмээн туурвисаар "дэлхийн" дэвжээнд хүрсэн Монголын сонгодог найрагч юм аа.

 

Би хаана төрөө вэ 

Хөх  манхан  тэнгэрийг  эзэгнэнхэн төрлөө,  би

Хөмсгөн  сарны   аялах   алсын  алс  тойрогт,

Холын  хоёр  одны  тохиох   бяцхан  чөлөөнд

Хоёр  нүдний  үзүүрт цэнхэрлэх   төдий  тэртээд

Хөх  манхан  тэнгэрийг  ззэгнэнхэн   төрлөө,   би

 

Цаст  цагаан  уулыг  эзэгнэнхэн  төрлөө,  би

Цан  хүүрэг  савсаж   үүлс  ороох  оргилд,

Цасан  ширхэг  царцаж   мөс   болох халилд,

Царгиа  хүйтэн  өвөл  сарлагийн  бух  дошсон

Цаст цагаан  уулыг эзэгнэнхэн төрлөө,  би.

 

Онгон  цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө,  би

Орог саарал  зэрэглээ  хавар сүүмэлзэх хөндийд,

Орсон  буурын шүд өвөл хангинах хоолойд,

Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан

Онгон  цэнхэр  талыг  эзэгнэнхэн  төрлөө,   би

 

Мөрөн голын усыг  эзэгнэнхэн төрлөө,  би

Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд

Миний  өвөг дээдсийн  морин туурайнд наалдсан

Хүний нутгийн  шороог ариун усаараа угаасан

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө, би

 

Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө, би

Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд,

Үрэл унан шүүдэрт  нь одод гялалзах дэлбээнд,

Үхэлгүй  мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд

Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө, би.

 

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө, би

Зүйдэлгүй цагаан өрхийн хоймсолж томсон оосорт,

Зүрхэн  улаан  галтай   ган  тулгын  тотгонд

Зуун  түмэн үед монгол хүний идээшсэн

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө, би.

 

Сайхан  бүсгүйн  сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө, би

Сормосон дундаа талимаарах алаг нүдний  мэлмэрээнд,

Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд,

Санан, санан  уярах цэвэр ичимтгий аашинд

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөөби

 

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө, би

Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд

Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй

Тэнэгэр  говийн сүрэг онгон хулангийн нуруунд

Тэвхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө,  би.

 

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд

Ариун  агаарт шүхэрлэх  мөндрийн цагаан  ширхэгт

Алтан талд татах солонгын долоон өнгөнд

Аадар  хур бороог эзэгнэнхэн төрлөө, би.

 

Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө, би

Цэнхэр  хадган дээрх мөнгөн аягатай  сархданд

Цээл сайхан эгшигтэй уртын дууны  аянд

Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд

Цээлхэн дууны  эгшгийг эзэгнэнхэн төрлөө, би

 

Авхаалжит  хүний  биеийг эзэгнэнхэн төрлөө, би

Амь нэгтэй олныхоо Монголоо гэсэн сэтгэлд

Үүрийн  таван   жингээр хүдэр нэхэн улалзах

Үйлдвэрийн өндөр яндангийн  хэлэн  улаан галанд

Авхаалжит хүний  биеийг ззэгнэнхэн төрлөө, би.

 

Хөх  тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө,  би

Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт

Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дөлөнд

Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон

Хөх тэнгэрийн  орныг эзэгнэнхэн төрлөө,  би

Zindaa.mn-Үндэсний мэдээллийн чөлөөт портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top