Зуны амралт дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхэд арав хүрэхгүй хоног үлдлээ. Энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлдэх гээд нийслэлийн томоохон худалдааны төвүүдийг зорьдог. Бид эцэг эхчүүдийн анхаарлаа хандуулдаг сурагчийн дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгсэл ямар үнэ ханштай байгааг сурвалжлахаар “Баялаг-Ундраа”, “Нарантуул” худалдааны төвүүдийг зорилоо.
Бид эхлээд “Нарантуул” худалдааны төв орж сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханш сонирхов. Наймдугаар сарын сүүлч болоод ч тэр үү өдрийн 12:00 цагт л хөдөлгөөн их байв. Үүдээр нь ороод тав алхаад л дүрэмт хувцасны цэнхэр сорочкон цамц төрөл төрлөөрөө өлгөөтэй байх бөгөөд нь тод цэнхэр нь 15 мянга, бүдэг цэнхэр нь 10 мянган төгрөгийн үнэтэй байв. Хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд хүүхдэдээ таарах дүрэмт хувцасны үнийг асуухдаа, “Материал нь ямар вэ, ямар компани үйлдвэрлэсэн бэ, хүүхдэдээ өмсүүлж үзэж болох уу” гэх мэт асуултыг худалдагчид тавина. “Нарантуул” худалдааны төвд зарагдаж байгаа бүх сурагчийн дүрэмт хувцас урд хөршөөс иржээ. Бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцасны дөрвөн хос 40 мянган төгрөг, охидын гурван хос 30 мянган төгрөг, дунд ангийн хөвгүүдийнх 50 мянган төгрөг, охидынх 45 мянган төгрөг, ахлах ангийн хөвгүүдийнх 50 мянган төгрөг, охидынх 60 мянган төгрөгөөр зарагдаж байна. Яагаад Монгол Улсад үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэлийн дүрэмт хувцас байхгүй байгааг сонирхоход худалдагчид “Энд зөвхөн Хятад улсаас оруулж ирсэн дүрэмт хувцаснууд л зарагддаг. Монгол Улсад үйлдвэрлэсэн хувцаснууд яг адилхан материалтай байдаг хэр нь хэт их үнэтэй байдаг. Тийм үнэтэй хувцсыг хэн ч авахгүй шүү дээ. 3-4 хүүхдээ дагуулж яваа эцэг, эх нэг хүүхдэдээ 150 мянгаар зөвхөн дүрэмт хувцсыг нь авбал бусад хэрэгцээг нь юугаараа авах юм. Бид ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд зарж борлуулъя гэхээр зарагддаггүй” гэж байлаа.
“Нарантуул” худалдааны төвийн дүрэмт хувцасны тасагт худалдан авалт хийж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг нь сонсвол,
О.Чулуун: Манайх зургаан хүүхэдтэй. Зургаан хүүхдийн тав нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Энэ жил хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх гээд хоёр сая төгрөгтэй гарч ирсэн. Дүрэмт хувцасны үнийн хувьд аль болох хямдханыг бодож Хятад Улсад үйлдвэрлэгдсэн дүрэмт хувцсыг авлаа. Материалын хувьд нимгэн юм байна. Гэхдээ яах вэ, хэдэн сар өмсүүлчих байх.
Б.Алтай: Гурван хүүхдэдээ дүрэмт хувцас сонгох гээд явж байна. Интернэтээс үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцасны үнэ харсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр үнэ нь арай л өндөр байна. Манайх шиг айлд бол зөвхөн дүрэмт хувцсанд 400-500 мянган төгрөг зарцуулах гээд байна. Урдаас оруулж ирж байгаа нь үүний хагас үнэд нь хүрэхгүй байна шүү дээ. Үндэсний үйлдвэрүүд үнээ буулгаж, ард иргэдийнхээ амьжиргааны түвшинд тааруулж үнээ тогтоогоосой гэж хүсэж байна.
н.Мөнх-Учрал: Орон нутгаас хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх гээд ирлээ. Ахлах ангийн хүүхдэдээ дүрэмт хувцсыг нь авах гээд явж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд ноднин дүрэмт хувцас авсан боловч бөөсрөөд, элэгдэлд амархан орсон. Урдаас орж ирсэн зарим дүрэмт хувцас бөөсөрдөггүй гэж хүмүүс ярьж байна. Материал сайтай, боломжийн үнэтэйг л аваад өгчихмөөр байна. .
Эцэг эхчүүдийн хувьд аль болох удаан эдэлгээтэй, бөөсөрдөггүй, даавуун, чанартай бас боломжийн үнэтэй дүрэмт хувцас худалдаж авахыг зоривч чанартай гэсэн дүрэмт хувцас буюу Үндэсний үйлдвэрийн хувцас нь үнэтэй байгааг хэлж байв. Тийм учраас үнийн хямдыг бодолцон худалдаа хийх тохиолдол ч бишгүй байгаа харагдлаа.
“ҮНЭТЭЙ Ч ГЭСЭН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖЬЕ”
Ингээд бид “Баялаг-Ундраа” төв рүү орлоо. “Баялаг-Ундраа” худалдааны төв доторх бэлэн хувцасны лангуунуудад мөн Хятад улсаас оруулж дүрэмт хувцсыг өлгөжээ. Худалдагчаас үнэ болон үйлдвэрийг асуувал “Хятад улсаас оруулж ирсэн. Дотооддоо үйлдвэрлэдэг компаниудаас хямдхан бас чанартай материалтай ” гэж өмнө нь сонсож байсан зүйлийг ярив. Цааш явбал, “Шилмэл загвар”, “Өүлэн менч” компаниудын дүрэмт хувцас худалдаалагдаж байлаа. “Шилмэл загвар” компани бага ангийн охидын гурван хосыг 70 мянган төгрөгөөр, хөвгүүдийн дөрвөн хосыг 91 мянган төгрөгөөр худалдаалж байв. Дунд ангийн охидын хослол 111 мянган төгрөг бол хөвгүүдийнх нь 115 мянган төгрөгт багтаж байна. Харин ахлах ангийн охид 138 мянган төгрөгөөр дүрэмт хувцсаа авах бол хөвгүүдийнх 153 мянган төгрөг болох аж.
Харин “Өүлэн менч” компани бага ангийн охидын гурван хос 70 мянган төгрөг, хөвгүүдийн дөрвөн хос 91 мянган төгрөгөөр худалдаалж байлаа. Харин дунд ангийн охидынх 107 мянган төгрөг бол хөвгүүдийнх 113 мянган төгрөгөөр зарагдаж байв. Ахлах ангийн охидынх 128 мянган төгрөг бол хөвгүүдийнх 153 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв.
Энэ жил ахлах ангид орох болон нэгдүгээр ангид суралцах хүүхдэдээ дүрэмт хувцас авахаар сонирхож байгаа иргэн Л.Дуламжав “Сая “Нарантуул” худалдааны төвөөр орж дүрэмт хувцас сонирхлоо. Ихэнх нь урдаас оруулж ирсэн хувцаснууд байна. Материалын хувьд нимгэн болохоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд “Өүлэн менч” компанийн дүрэмт хувцаснаас авчихлаа. Материалын хувьд чанартай юм шиг байна. Урд нь том охиндоо урдаас оруулж ирсэн дүрэмт хувцас авсан. Амархан бөөстчихсөн” гэлээ.
“Баялаг-Ундраа” төвд хөдөө орон нутгаас хичээлийн хэрэгсэл болон дүрэмт хувцас авахаар зорин ирсэн иргэд олон байлаа. Ө.Отгондулам “Орон нутгаас явж байна. Хүүхдүүддээ хотоос арай чанартай, сонголттой, хямд үнээр дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгсэл авахаар ирсэн. Үндэсний үйлдвэрийнхээ дүрэмт хувцсыг авна гэж бодож байна. Үнийн хувьд өндөр байгаа ч чанартай байгаа байх гэж бодож байна. Материалын хувьд зах дээр худалдаалагдаж байгаа хувцаснаас шал өөр байна” гэв.
Амьдралын боломж, өрхийн орлогоосоо хамаарч зарим эцэг эхчүүд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байсан ч зарим нь үнэ, ханшийг нь сонсоод өөр дүрэмт хувцас үзэхээр буцаж байгаа харагдав. Үндэсний үйлдвэрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас загвар, стандартыг тодорхойлж өгсөн учраас дүрэмт хувцсыг ижил үнээр борлуулах ёстой гэж заасан. Гэвч аж ахуйн нэгжүүд үндсэн материалуудаа Япон, Солонгосоос оруулж ирсэн хэмээн бүтээгдэхүүнийхээ үнийг өөр өөр тогтоодог байна.
ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН БАГЦ 250-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
“Нарантуул” худалдааны төвд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дүрэмт хувцсыг сонгочихоод хичээлийн хэрэгслийн сонгож байгаа харагдана. Тэд энэ жил хичээлийн дэвтэр, бал, цүнхний үнэ нэмэгдсэн байна гэж ярьж байв. Дэвтэр, үзгэн бал 50-300 төгрөгөөр нэмэгдсэн бол цүнх 20 мянган төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал, “Улаанбаатар принт” ХХК-ийн дэвтэр 12 хуудастай нь 230 төгрөгөөс эхлээд 96 хуудастай дэвтэр 1500 төгрөгийн үнэтэй байгаа бол польш дэвтэр 12 хуудастай нь 150 төгрөг, 96 хуудастай нь 1000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Харин сурагчийн цүнхний хувьд материалаасаа хамаараад 25-120 мянган төгрөгийн үнэтэй байв. Энэ мэтчилэн нэг хүүхдэд хичээлийн хэрэгслийг нь бэлдэхэд хамгийн багадаа 250-300 мянган төгрөг зарцуулж буйг эцэг эхчүүд байлаа. Нийлээд нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлд хамгийн багадаа хагас сая төгрөг зарцуулах тооцоо гарч байна.
Сэтгэгдэл ( 3 )
Huuhdee mungu zartsuulj usguj humuujuuleh uurgeetei....
Дүрэмт хувцас гэдэг дарамт шулаа ,өнгөрсөн нийгмийн хоцрогдол,хуарангийн дэглэмийг болих хэрэгтэй . энэ нь үндсэндээ хүний эрхэнд халдаж байгаа хэрэг.Дэлхийн тэргүүлэх хөгжилтэй орнуудад ийм юм байдаггүй юм.Хүүхэд өартөө тахрсан дуртай хувцасаа л өмсдөг.
Жил болгон нь энэ тухай бичих юм. Олон хүүхдийг хүсч гаргаснаас хойш хичээлийн бэлтгэлийг хийж л таарна шүү Уранзаяа сэтгүүлч минь юундаа эмзэглээв дээ. Хүүхдээ нүцгэн явуулахгүй, хичээлийн хэрэгсэлгүй явуулахгүй. Өөрсдийнхээ хэмжээнд бэлтгэлээ базаадаг л биздээ. Ийм арчаагүй зүйлс нийтлэхгүй баймаараа, хэнд зориулдаг юм болоо?