Д.Тогтохсүрэн: Зөвшилцөлд хүрэхгүй бол 62 гишүүний өргөн барьсан төслийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-ҮНДСЭН ХУУЛЬ ДЭЭР ПАРЛАМЕНТЫН ГАДНА БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД ХОЁР ХУВААГДЧИХААД БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОСОН-

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг, Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байна. УИХ дахь МАН-ын бүлэг хоёр төслийг нэгтгэх асуудлаар ажлын долоо хоног хуралдлаа. Энэ олон хоног хуралдаж байгаагаас үзэхэд танай намын бүлэг нэг талдаа гарч ойлголцож чадахгүй байна гэж харагдаад байна л даа. Нэгдсэн шийдвэрт хүрэхгүй байгаа ямар заалтууд байна вэ?

-УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн 52 заалтад өөрчлөлт оруулахаар орж ирсэн. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, санал нь Үндсэн хуулийн 49 заалтад өөрчлөлт оруулахаар өргөн баригдсан л даа. Мэдээж хоёр төслийг нэгтгэхээс эхлээд ажлууд их байсан нь үнэн. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдаж хоёр төслийн заалтуудыг нэлээд сайтар ярилцаж байгаад нэгтгэсэн.

Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагаас хойш УИХ дахь МАН-ын бүлэг маань үндсэндээ долоон өдөр хуралдлаа. Манай бүлгийн хүрээнд дөрвөн асуудлаас бусад асуудлыг нь шийдчихсэн. Нэг үгээр хэлбэл авах, гээхийн ухаанаар хандаж асуудлуудаа тодорхой болгосон гэсэн үг. Харин сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, шүүх засаглалтай холбоотой дөрвөн асуудал үлдчихээд байна. Манай намын бүлгээс шийдэл гарсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ дахь Ардчилсан нам, парламентад суудал бүхий улс төрийн намууд, Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар зөвшилцөж, ярилцсаны дүнд нийгмийн зөвшилцөл рүү явуулъя гэсэн юм.

Түүнээс биш бүлгийн гишүүд дотроо санал зөрөөд, дотоод зөрчлөөсөө болоод Үндсэн хууль явахгүй, гацаанд орчихоод байгаа юм байхгүй. Тиймээс өнгөрөгч баасан гарагт УИХ дахь МАН-ын бүлэг зөвшилц, ярилц гэдэг шийдэл гаргасан. Энэ хүрээнд бусад намынхантай уулзах, санал солилцох, саналыг нь авах, зөвшилцөх ажлууд явагдаж байна. Ялангуяа зөвшилцөх асуудал сүүлийн хэд хоногт эрчимтэй явагдаж байгаа. УИХ дахь Ардчилсан намын зүгээс өөрсдийн тодорхой саналыг хүргүүлсэн. Уг саналынх нь хүрээнд өнөөдөр (өчигдөр) манай намын бүлэг хуралдлаа. Намууд зөвшилцөж дуусаад Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа МАН-ын бүлэг дахин хуралдана. Түүнээс манай бүлгээс шалтгаалан хурал хойшлоод байгаа юм байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Улс төрийн намуудтайгаа зөвшилцөх, тэдний саналыг авахаас эхлээд нэг өдрийн дотор нэгдсэн байр суурьт хүрэх боломжгүй.

-Ерөнхийлөгч саналаа өгснөөс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хүрээнд таван удаагийн хэлэл­цүүлэг хийгдсэн байх жишээтэй. Тиймээс зөвшилцөл хангалттай явагдсан болов уу гэж хараад байгаа. Зөвшилцөл амжилтгүй болоод байгаа учраас дахин зөвшилцөнө гээд байгаа юм уу?

-УИХ дахь хоёр намын бүлэг асуудлаа заавал бүлгээ хуралдуулж шийддэг. Түүнээс бүлэг төлөөлж хэн нэгэн УИХ-ын гишүүн ажлын хэсэг дээр ороод дур зоргын зүйл яриад байж болдоггүй. Ажлын хэсэг дээр яригдсан зүйлсээ бүлэг дээрээ ярилцаад нэгдсэн шийдэлд хүрдэг. Болж байна гэж үзвэл цаашаа яваад болохгүй байна гэвэл яах вэ гэдэг шийдлээ ярьдаг. Өмнө ажлын хэсэг дээр аль саналыг авах вэ, аль саналыг нь авахгүй гэдэг нэгтгэх ажил хийгдсэн. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын 75 гишүүн батлах тул парламентад суудал бүхий намуудтайгаа зөвшилцөх нь хамгийн чухал болчихоод байна. Ардчилсан намын тухайд орон нутагт ажиллаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудалд анхаарал хандуулах нь бага байсан. Харин өнгөрөгч долоо хоногийн төгсгөлөөс анхаарал хандуулж эхэлсэн. Бид парламентад 64 суудалтай намын хувьд бусад намуудын саналыг авахгүй явчихаж болно. Гэхдээ үндэсний зөвшилцөл хийж, намуудын оролцоог хангаж, тэдний саналыг авч байж энэ ажил явах ёстой гэж үзээд байгаа юм.

-УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс дөрвөн зүйл дээр эргэж харах шаардлагатай гэж үзсэн юм байна. Танай бүлгийн гишүүд дотроо хоёр хуваагдсан нь харагдаад байгаа. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, бүрэн эрхийн хугацааг нэмэг­дүүлэх, шүүхийн хяналтын хороотой болох зэрэг дээр гишүүд дургүй байгаа юм уу?

-Дургүй байгаа юм биш ээ. Гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа нь үнэн. Өөр өөрийн байр суурийг илэрхийлэх ч ёстой. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг дээр нийгэм өөр хандлагатай байна. Манай бүлгийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаа. Харин 76 байх уу, энэ тоог жаахан нэмэгдүүлэх үү, тэр нь ямар тогтолцоотой байх вэ гэдэгт бусад намуудын байр суурийг сонсоё гэж байгаа юм. Ойлголцохгүй бол шууд 62 гишүүний өргөн барьсан төслөөрөө явъя гэдэг ийм л байр суурьтай байгаа. Бүлэг дээрээс зөвшилцөл, ойлголцолд хүрэхгүй бол 62 гишүүний өргөн барьсан төслийг хэлэлцээд явъя гэдэг чиглэл гарсан.

-Цаг хугацааны хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нэлээд шахуу явагдах гээд байна уу гэж харагдах юм?

-Хоёрдугаар хэлэлцүүлэг хамгийн чухал нь. Энэ хэлэлцүүлгээ давчихвал гуравдугаар хэлэлцүүлэг дээр шинэ санал хүлээж авах асуудал байхгүй. Товчхондоо редакц хийх, хасах л асуудал бий. Хоёрдугаар хэлэлцүүлэг амжвал энэ долоо хоногт хийгдэнэ. Амжихгүй бол ирэх долоо хоног гэхэд хоёрдугаар хэлэлцүүлгийнхээ ард гарчихна гэж бодоод байна.

-Ардчилсан намын зөвлөл албан ёсоор саналуудаа хүргүүл­сэн. Тэдний саналыг авснаар Үндсэн хуулийн 35 хувиас хэтэрч шинэчилсэн найруулга руу орох уу. Үгүй юу. Энэ хувьдаа багтаана гэж үзвэл тэдний саналаас багагүй нь хасагдаж таарах байх. Хэрэв Ардчилсан намын саналыг тусгахгүй бол тэд зөвшилцөлд орохгүй гэдгээ мэдэгдчихсэн...

-Ардчилсан намын бүлгээс 25 санал өгсөн. Тэдний 17 саналыг нь хүлээж авах боломжтой. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хөндөгдсөн асуудлууд байгаа юм. УИХ-ын 62 гишүүний болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслүүд дотор аль аль нь байна гэсэн үг. Хөндөгдсөн асуудлын талаар санал тавьж байгаа бол түүнийг нь хүлээж авах боломжтой. Харин хүлээж авах боломжгүй найман санал бий. Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүдийн өргөн барьсан болон Ерөнхийлөгчийн аль альных нь саналд тусаагүй юм. Журмын хуулиараа тийм. Манай бүлэг болон Үндэсний зөвшилцлийн ажлын хэсгийн зүгээс үүнийгээ тайлбарласан. Ардчилсан намынханд гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, улс төрийн намуудын гишүүнчлэлийн хүрээнд тодорхой байр сууриа илэрхийлж ирүүлээчээ гэдэг саналыг тавьсан.

-Таны хэлээд буй наад асууд­лууд чинь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу, гишүүдийн тоо нэмэгдсэнээр ирэх оны төсөвт ямар өөрчлөлт гарах вэ гээд хугацаа тулсан олон асуудал байна л даа. Цаг хугацааны гал хайчин дундуур Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, 2020 оны Монгол Улсын төсөв гээд шахагдсан хугацаатай зүйлс байна. Үндсэн хуулийн зөвшилцөл үнэндээ гацаанд орчихсон гэдгийг яриад байгаа шүү дээ. Үүнээсээ гарч чадах юм уу?

-Наймдугаар сар дуустал 10 хоног, есдүгээр сар бүхэлдээ УИХ-д байна. Намрын ээлжит чуулган аравдугаар сард эхлэх тул үүнээс өмнө шийдэх боломжтой гэж харж байгаа.

-Ардчилсан намын зөвлөл Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гээд өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлсэн. Эрх баригч намын бүлэг харин шууд УИХ-аар баталчих гээд байгаа юм уу?

-Хуулийн дагуу бид хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа Ард нийтийн санал асуулга явуулах, гуравдугаар хэлэлцүүлэгт орохтой холбоотой хоёр тогтоолын аль нэгийг нь баталж албан ёсоор шийдвэр гаргах ёстой юм. УИХ энэ шийдлийн аль нэгийг нь гаргаж таарна. Тиймээс МАН-ын бүлэг хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа энэ асуудлыг хэлэлцэн шийдлээ гаргана.

2016 оны сонгуульд орохдоо манай нам мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн саналын үндсэн дээр шийдвэрлэнэ гээд тусгачихсан. Тиймээс бид мөрийн хөтөлбөрөө биелүүлэх чиглэлд онцгой анхаарна. Бүлгийн гишүүд дотор Ард нийтийн санал асуулгаар баталъя гэдэг олон хүн бий.

-Анхны төслөөрөө Ард нийтийн санал асуулгыг аравдугаар сарын 3-ны өдөр явуулахаар байсан. Гэсэн ч санал асуулга явуулахад улсын төсвөөс 20 орчим тэр­бум төгрөг шаардлагатай тул парламентаараа шууд баталъя. УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон. Тэр утгаараа тойрогтоо сайн ажиллаж ирээд шийдье гэдэг зүйл яригдаад байсан...

-Хуулиараа УИХ шийдвэр гаргаснаас хойш 45 хоногийн Ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Есдүгээр сарын нэгэн гээд хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэр гарлаа гэж бодоход аравдугаар сарын 15 гэхэд санал асуулга явагдаад дуусчихсан байна. Ард нийтийн санал асуулгын төсвийг хэлэлцэж таарна. Ямартай ч 15 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах уу, үгүй юу гэдгийг Ард нийтийн санал асуулгаар асуучихад буруу юм байхгүй.

-Ардчилсан намын зөвлөлийн саналыг бүтэн хүлээж авахгүй гэж үзээд тэд зөвшилцлөөс гарчихвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр гацаа үүсэх үү?

-Одоогийн хэлэлцүүлэг, зөвшил­цөлд туссан 17 саналыг нь хүлээж авахад ямар ч асуудал байхгүй. Тухайлбал, Ерөнхийлөгчийг парла­мен­таас сонгоно гээд Ардчилсан намын санал байна. Аль ч төсөлд орж ирээгүй ийм саналыг хуулийн дагуу хэлэлцэх боломжгүй. Мөн Олон улсын шүүх байгуулах гээд санал байх жишээтэй. Боломжгүй шүү дээ. Ардчилсан намынхан най­ман саналыг нь хэлэлцэх боломжгүй гэдгийг хамгийн сайн ойлгож байгаа.

-УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа дээр бүл­гийн даргын хувиар бус хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлээч?

-Бүлэг ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа үед хувь гишүүний байр суурийг илэрхийлэх боломжгүй. Хувь гишүүний үүднээс байр сууриа илэрхийлчихээр бүлэг тэгж үзэж байна гээд манайхан буруу ойлгочихдог. Тиймээс хувь гишүүний байр суурь гэж байхгүй.

-Танай намын бүлэг 32, 33-ын бүлэг болж хоёр хуваагдсан. Энэ удаагийн Үндсэн хуулийн асуудалд нэгдсэн байр суурьтай орж чадаж байгаа юу?

-Үндсэн хуультай холбоотой асуудлаар манай намын бүлэг хоёр хуваагдчихаад хоорондоо зөвшилцөө хийх гээд ярилцаад байгаа юм байхгүй ээ. Бүлэг дээрээ зөвшилцье, дараа нь олонхиороо асуудлаа шийдье гэж байгаа.

-Хоёрдугаар хэлэлцүүлгийг хүлээсэн хүлээлт бий болчихлоо. Хэзээ албан ёсоор хэлэлцэж эхлэх юм бэ. Цаг хугацаа чинь давчуу байгаа шүү дээ...

-Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагаас УИХ-ын чуулган хуралдах болов уу гэсэн хүлээлттэй байна. Зөвшилцөл, ойлголцолд хүрчихвэл нэг их удаад байх юм байхгүй. Өмнө нь ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хуралдах саналуудаа ярьчихсан. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хүлээж авсан шинэ цөөн саналаа Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яриад явчихна.

-Парламентад суудалгүй намууд “Энэ парламент Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй” хэмээн хоёр ч удаа хэвлэлийн хурал хийчихлээ. Хуулиараа бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх нь гишүүдэд нээлттэй. Гэхдээ янз бүрийн хэрэгт холбогдсон ийм парламент ёс зүйн эрх байхгүй гээд байгаа юм билээ...

-Надад парламентад суудалгүй намуудаас тодорхой саналууд ирүүлсэн. Тухайлбал, парламентад суудалгүй 14 намын зүгээс “Холимог тогтолцоог нэвтрүүлээч ээ” гээд сонгуулийн тогтолцоон дээр санал ирүүлсэн. Мөн байгалийн баялагтай холбоотойгоор саналаа ирүүлсэн нь байж л байна. Намын гишүүнчлэлийн тухайд “50000+1 гишүүнтэй байх ёстой” гэсэн санал дээрээ уян хатан хандаач ээ, заавал Үндсэн хуульд суулгах шаардлагагүй гэж байгаа юм. Үндсэн хууль дээр парламентын гадна байгаа улс төрийн намууд хоёр хуваагдчихаад байгаа юм байна гэж ойлгосон. Нэг хэсэг нь өөрсдийн саналаа өгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Гэхдээ ийм саналуудыг тусгаж өгөөч гэсэн. Тэдний өгсөн саналыг ч гэсэн бид харгалзан үзэж байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top