Өнөөдөр цэцэрлэгийн бүртгэлээ баталгаажуулах өдөр

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-нд эхэлж, наймдугаар сарын 22-нд 23:59 цагт хаагдсан билээ. Харин  наймдугаар  сарын 23-ны 10:00 цагт нийслэлийн бүх цэцэрлэгүүдэд нэгэн зэрэг цахим элсэлтийн арга хэмжээг зохион байгуулж, бүртгэлийн хариуг 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утас руу илгээсэн. Бид цэцэрлэгүүдээс төлөөлөл болгож Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 218 дугаар цэцэрлэгийн цахим элсэлтийн үйл ажиллагаатай танилцаж, сурвалжиллаа.

Эхлээд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэгт очиход нийслэлийн Боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэхээр ирсэн байлаа.

НИЙСЛЭЛД ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 29 ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО

Нийслэлийн Боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул “Наймдугаар сарын 22-ны өдрийн 23:59 минутын байдлаар 31,340 хүүхэд бүртгүүлсэн байна. Эдгээрээс хоёр настай 19,764 хүүхэд, гурван настай 4,918 хүүхэд, дөрвөн настай 3,525 хүүхэд бүртгүүлсэн байна.  Цахим бүртгэлийн тухайд хаанаас ч бүртгүүлэх боломжтой байхаар боломжит нөхцөлийг нь эцэг эхчүүдэд олгож өгсөн.

Цэцэрлэгийн элсэлттэй холбоотойгоор өмнө нь урт дараалал үүсэхээс эхлээд хүндрэлтэй асуудлууд гардаг байсныг эцэг эхчүүд маань мэдэж байгаа. Цэцэрлэгийн цахим элсэлт 14 дүгээр цэцэрлэгт явагдаж хоёр настай 55 хүүхэд бүртгүүлснээс 50 хүүхэд амжилттай элсэн орлоо. Цэцэрлэгт орсон эсэх талаар нь эцэг эхчүүдийн утасны дугаарт мессежээр хариу өгч байгаа. 

Энэ жил цэцэрлэгийн элсэлтэд хүүхдүүдийн 84 хувийг нь хамруулах зорилт тавин ажиллаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2020 он гэхэд 85 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн.Тодруулбал, нийслэл хотод есдүгээр сарын 1-н гэхэд 29 цэцэрлэг шинээр ашиглалтад орж байгаа. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүд шинээр байгуулагдаж,  байгууллагууд цэцэрлэгтэй болж буй нь дээрх зорилтод нөлөөлнө. Сүүлийн гурван жилийн байдлаар Улаанбаатарт 13 байгууллагын цэцэрлэг ашиглалтад орсон. Цахим элсэлтээр бүртгүүлсэн хэр нь  сонгогдоогүй хүүхдүүд нөөцөд үлдэнэ. Тэнцсэн тохиолдолд цэцэрлэг дээрээ очиж, заавал баталгаажуулах шаардлагатай. Наймдугаар сарын 27-30-ны хооронд бүх багш нарт сургалт явуулах учраас тэр үеэр багш нар цэцэрлэг дээр ажиллах боломжгүй. Тиймээс үүнээс өмнө баталгаажуулалтаа хийх хэрэгтэй. Баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд дараа дараагийн хүүхдийг оруулах учир заавал баталгаажуулалтаа хийхийг анхааруулъя” хэмээн онцоллоо.

СУГАЛАА ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЯНАЛТ ДОР БОЛЖ БАЙГАА ТУЛ ШУДАРГА БУС АСУУДАЛ ГАРАХГҮЙ

Нийслэлийн мэдээлэл техноло­гийн газрын дарга О.Чинзориг “Бид нэг сарын хугацаанд цахим бүртгэл явууллаа. Системийн хувьд Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар гээд олон газартай хамтарч ажиллаж байна. Систем хүүхдүүдийг хаягийнх нь дагуу хамран сургах тойрогт нь оноож бүртгэдэг. Харин хяналтын тооноос хэтэрсэн цэцэрлэгүүд дээр сугалаа явагдаж байгаа. Сугалаа Тагнуулын ерөнхий газрын кибер аюулгүй байдлын хэлтсийн хяналтын дор болж байгаа тул шударга бус асуудал гарахгүй” гэлээ.

Харин Сүхбаатар дүүрэгт  байрлах 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч  Г.Энхболд “Манай цэцэрлэгт хамран сургах тойргийн 373 хүүхэд байдаг. 2-5 насны тус бүр хоёр бүлэг буюу нийт найман бүлэг бий. 2019-2020 оны хичээлийн жилд шинээр 62 хүүхэд авна гэж хяналтын тоогоо өгсөн. Харин шинээр 75 хүүхэд бүртгэгдсэн. Сая цахим элсэлтээр 2019-2020 оны хичээлийн жилд хоёр настай 50 хүүхэд шалгарч таван хүүхэд шалгараагүй, гурван настай зургаан хүүхэд шалгарч гурав нь шалгарсангүй. Мөн дөрвөн настай хүүхэд дөрвийг авах байсан тул бүртгүүлсэн дөрвөн хүүхэд бүгд шалгарсан. Харин таван настай хүүхэд хоёрыг нь авах байсан тул нийт бүртгүүлсэн есөн хүүхдээс долоо нь шалгарч чадсангүй” гэв.

Цахим элсэлтэд сонгогдсон хүүхдийн баталгаажуулалтыг цэцэрлэг дээр нь очиж хийлгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хүүхдийн 2 хувь цээж зураг
  • Хорооны тодорхойлолт

 

ЭНЭ НАМАР 20 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГГҮЙ ҮЛДЭНЭ

Бид Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэгээс гараад Хан-Уул дүүргийн 218 дугаар цэцэрлэгийг зорив. Энэхүү цэцэрлэгийн барилга анх баригдахдаа сургууль, цэцэрлэгийн цогцолбор буюу 120 хүүдийн багтаамжтай цэцэрлэг, 180 хүүхдийн багтаамжтай бага сургууль байхаар төлөвлөгджээ. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо өмнө нь цэцэрлэггүй байсан бөгөөд гурван жилийн өмнө ийн цэцэрлэгтэй болжээ. Тус хороо нь 20 мянга гаруй хүн амтай, цэцэрлэгийн насны гурван мянган гаруй хүүхэд байдаг учраас бусад цэцэрлэгийг бодвол ачаалал их байдаг гэж тус цэцэрлэгийн эрхлэгч Л.Нямсүрэн ярьж байлаа.

15 дугаар хороонд 920 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль баригдаж байгаа бөгөөд 2020 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох ажээ. Ашиглалтад орсноор тус хорооны сургууль цэцэрлэгийн асуудал шийдэгдэнэ гэдгийг ч мөн хэлж байлаа. Учир нь 180 хүүхдийн багтаамжтай бага сургууль нь шинээр баригдсан сургууль руу нүүх юм байна. Ингэснээр 218 дугаар цэцэрлэг хоёр дахин их хүүхэд хүлээж авах хүчин чадалтай болох аж.

218 дугаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 347 хүүхэд бүртгүүлсэн ч 31 хүүхдийг л элсүүлэх ажээ. Тус цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтай боловч өнгөрсөн хичээлийн жилд 456 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгосон байна. Энэ нь хорооны хүүхдийн 10 хувийг л төрийн өмчийн цэцэрлэгт хамруулж байгаа гэсэн үг юм.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэр­лэгт хамруулах” зорилтыг хэрэг­жүүлэхээр цэцэрлэгийн барил­гыг барих, өргөтгөх, хувийн хэвш­лийн цэцэрлэг байгуулах санаа­чил­гыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байгуулах, цэцэр­лэгийн зориулалттай барилга байгуу­ламжийг түрээслэх зэрэг олон арга хэлбэрийг ашиглан ажиллаж байгаа. Гэвч шинэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйл­чилгээнд хамрагдаж чадахгүй 20 мянга гаруй хүүхэд байх урьдчилсан дүн гарчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top