АНЭУ-ын Абу-Даби хотын “Abu Dhabi National Exhibitions Centre” төвд энэ сарын 8-12-нд Бүх дэлхийн эрчим хүчний чуулган явагдаж байна.
Чуулганы үеэр ОХУ-ын Эрчим хүчний яамны сайд Александр Новак Монголын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй уулзаж, ярилцлаа. Сайд нар ОХУ-аас Хятадад нийлүүлэх байгалийн хийн шугамыг Монголоор дамжуулан тавих төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ойрын үед байгуулахаар тохиролцлоо.
А.Новак “Манай яаманд энэ асуудлыг шийдэх даалгавар ирсэн тул Монголын талтай хэлэлцээ хийлээ. Ажлын хэсэг байгуулаад ажлаа эхэлнэ” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 9-нд “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерийг хүлээн авч уулзахдаа Хятадад нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавих асуудлыг судлах үүрэг өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )