Цэнхэр мөрөөдөл: Хятад Оросын хийн экспортыг аварч чадах уу!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

Орос улс Европт нийлүүлдэг байгалийн хийн нийлүүлэлт унасны улмаас учирсан алдагдлаа Хятадын тусламжтай ойрын жилүүдэд нөхөх боломжтой гэж ОХУ-ын шадар сайд Александр Новак мэдэгдсэн. Түүний хэлснээр, 2030 он гэхэд Оросын хийн хоолойгоор дамжих экспорт 100 тэрбум куб м, шингэрүүлсэн хийн экспорт 170 тэрбум куб м хүргэхээр тооцоолж байна. Харин энэ төлөвлөгөө хэр их бодитой вэ?

Новакийн онцолсноор, “Сибирийн хүч 2” зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдээр дамжуулан энэхүү зорилтдоо хүрэхээр төлөвлөж байна. 2022 онд Хятадад нийлүүлсэн Оросын хий 1.5 дахин нэмэгдэж, 15.4 тэрбум куб м хүрсэн бол шингэрүүлсэн хийн экспорт нь 35.2 хувиар өсөж, зургаан сая тоннд хүрчээ. Энэ онд Орос нийлүүлэлтээ 50 хувиар нэмэгдүүлж, 22 тэрбум куб м хүргэхээр төлөвлөж байна. 

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр, хийн хоолойгоор дамжуулан Европт нийлүүлсэн Оросын хий 90 тэрбум куб м-ээр багасаж, энэ жил нэмж 45 хувиар буюу 35 тэрбум куб м-ээр буурах төлөвтэй байна.

Хийн тооцоолол

Орос одоогоор байгалийн хийг “Сибирийн хүч 1” хоолойгоор дамжуулан Хятадад нийлүүлж байна. Төслийн хүчин чадал нь 38 тэрбум куб м ба цаашид өргөтгөх боломжтой. 2027 он гэхэд хийн хоолой бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ. 

Орос, Хятад хоёр Монголын нутаг дэвсгэрээр тавих 50 тэрбум куб м хүчин чадалтай “Сибирийн хүч 2” төслийн талаар одоогоор зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Новакийн ярьж байсанчлан, ОХУ энэ жилдээ багтаан тус хоолойгоор дамжуулан Хятадад байгалийн хий нийлүүлнэ хэмээн тооцоолж байна. 2022 оны нэгдүгээр сард Оросын “Газпром” Монгол Улстай “Сибирийн хүч 2” хийн хоолойн нэг хэсэг болох “Союз-Восток” хийн хоолойн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн үр дүнгийн тухай протокол байгуулсан. 

Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос, Хятадын Засгийн газар хоорондын “Сибирийн хүч 3” гэгддэг Алс Дорнодын чиглэлээр байгалийн хий нийлүүлэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зурсан. Эдгээр гурван төслийн нийт хүчин чадал нь 98 тэрбум куб м. Гэхдээ шинжээчид эдгээр төслийн үйл явц тийм ч дардан биш хэмээн үзэж байна. 

Монгол хоолой

Монголын нутаг дэвсгэрээр өнгөрөх “Сибирийн хүч 2” буюу “Союз Восток” хийн хоолойн төсөл байгалийн хийн тээврийн нэгдсэн системийг Алс Дорнодын хийн дэд бүтэцтэй холбон, улмаар Хятад зэрэг хийн зах зээл рүү гарах зорилготой. “Газпром” компанийн өмнө хариуцлагатай даалгавар хүлээж байна. Шар болон Зүүн Хятадын тэнгисийн эрэг орчмын бүс нутагтай харьцуулахад экспортын хийн эрэлт хамаагүй бага Хятадын баруун хэсэг рүү хийн хоолой татахаас гадна Хятадын хөрөнгө оруулагчдын хүчин чармайлтаар улс доторх экспортын дэд бүтцийг холбох явдал юм. 

Ингэхдээ улс төрийн хувьд Монголын чиглэлд асуудал байхгүй гэж шинжээчид үзэж байна. Монгол Улсын Засгийн газар Оросын талаас дутуугүй энэхүү төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна. Гол асуудал нь Хятадын түншүүдтэй байгалийн хийн нийлүүлэлтийн эцсийн нөхцөлийг тохиролцох явдал юм. Хятадууд хэлэлцээ хийхдээ гаргуун ба Европын зах зээлээс шилжилт хийхээс өөр аргагүйд хүрсэн энэ нөхцөлд “Газпром”-д өөрт ашигтай нөхцөлөөр хий нийлүүлэх тохиролцоонд хүрэхэд хүнд байх болно гэж ажиглагчид үзэж байна. Хийн хоолойгоор нийлүүлж буй байгалийн хий Дунд Азийн экспортын хийн үнээс хамаагүй хямд байгаа. 

ОХУ-ын Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн судлаач Алексей Белогорьевын үзэж буйгаар, “Сибирийн хүч 2” сайндаа 2030 он  гэхэд ашиглалтад орж магадгүй. Төслийн хүчин чадалдаа 2035 он гэхэд хүрнэ. Төлөвлөсөн хугацаанд өөрчлөлт орж магадгүй ба төслийн өртөг өндөр. Удаан хугацаанд төлөвлөгдөж, таван жилийн турш баригдаж байсан “Сибирийн хүч 1” төслийн хэрэгжилтээс үзвэл ийн дүр зураг гарч байна гэж тэрбээр онцолжээ. 

Түүний үзэж буйгаар,  тус төслийн бас нэг асуудал нь ашгийн хэмжээ бага. Урт хугацаанд хөрөнгө оруулалтыг нөхөх боломжтой ч Европын баян орнууд руу гаргаж байсан экспорттой харьцуулшгүй. Ямалд байгалийн хийн олборлолтын өртөг маш бага хэдий ч хийн хоолойг барихад оруулсан олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зөвхөн бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсан тохиолдолд нөхөх боломжтой. 

Хятадад Оросын хий хэрэгтэй юу? 

Өнөөдөр Хятад улсад хамтарсан хийн төсөл, тэр дундаа “Сибирийн хүч 2” төслийн хэрэгжилтийг түргэсгэх сонирхол бага байна гэж Алексей Белогорьев үзэж байна. Хятадын эрх баригчид 2030-аад онд тус улсад байгалийн хийн эрэлт хэр байхыг сайн мэдэхгүй байна. Энэ нь нэг талаар нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэх бодлоготой холбоотой бол нөгөө талаар нүүрсний хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний салбар хурдацтай хөгжиж буйтай холбоотой. 

Хятад улс “Сибирийн хүч 2” хоолойг 2040 он хүртэл үндэсний байгалийн хийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалах зайлшгүй нэг хэсэг гэж авч үзэхгүй байна. Энэ бол нэг төрлийн нөөц хувилбар. Эрэлт гэнэт өсөхөд нөөц хүчин чадлын хувьд хэрэгтэй. 

Хятадад тэр их хэмжээний Оросын хий хэрэгтэй эсэх нь нээлттэй асуудал хэвээр байна гэж шинжээчид үзэж байна. Эдийн засгийн өсөлт байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлэх учиртай. Гэвч эрчим хүчний үйлдвэрлэлд байгалийн хийн эзлэх хувь хэмжээ бага төдийгүй нүүрснээс байгалийн хийн хэрэглээнд шилжих сонирхол буурч, эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол нэмэгдэж байна. Хятад улс байгалийн хийн импортоо солонгоруулахад эрмэлзсээр ирсэн. Оросын хийн үнэ хямд байсан ч хориг арга хэмжээ болон улс төрийн эрсдэлийг тооцох хэрэгтэй. Тиймээс Хятад улс Оростой урт хугацааны шинэ гэрээ байгуулах гэж яарахгүй. Учир нь хийн хоолойг Оросын тал барих тул түүнд өөр сонголт үгүй. Эх сурвалж: Forbes 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top